Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Сүхбаатарчууд элэгний хорт хавдрын эсрэг хамтдаа тэмцэнэ

Салбарын сайд Н.Удвал Дорнодоос  гараад Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод очиж, ээлжит хэлэлцүүлгээ хийсэн. Хэлэлцүүлгийн эхэнд уламжлал ёсоор Шинэчлэлийн Засгийн газраас эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрийг танилцуулж, аймгийн хэмжээнд өвчлөлөөрөө тэргүүлж буй элэгний хорт хавдрын эсрэг томоохон ажлыг эхлүүлэхээр болсноо дуулгасан юм. Сүхбаатар аймагт өрхийн эрүүл мэндийн төв гурав, сумын эрүүл мэндийн төв 11, сум дундын эмнэлэг нэг байдаг гэнэ. Өнгөрсөн  онд эрүүл мэндийн салбарын хэмжээнд найман чиглэлээр төлөвлөгөө гаргаж, 97.1 хувийн биелэлттэй байсан аж. Харин эмнэлгийн ажилтнуудын  хувьд их эмч 93, сувилагчаар 100 хувь хангагдсан гэдгийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Эрдэнэтуяа танилцуулсан. Орон нутгийн иргэдийн дунд зонхилон тохиолдох эхний таван өвчинд амьсгалын тогтолцооны өвчин, Хоол шингээх эрхтний өвчин, шээс бэлгэсийн тогтолцооны, цусны эргэлтийн болон мэдрэлийн тогтолцооны өвчин ордог байна. Харин хорт хавдрын нас баралтаар элэгнийх 56.5 хувь, уушги 15.2 хувь бол дараа нь ходоод, улаан хоолойн хавдар ордог байна. Өнгөрсөн онд түргэн тусламжийн 17 мянга 861 дуудлага хүлээн авснаас алсын дуудлага хамгийн их гэнэ. Түүний дараагаар хүүхдийн, жирэмслэлт, төрөлт, осол гэмтэлтэй холбоотой дуудлага оржээ. Тэгвэл өнгөрсөн онд 1248 эх амаржснаас эрт нярайн эндэгдэл 10.3 хувь, ургийн гажиг  10 хувийг эзэлж байна.

Харин аймгийн эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлсэн төсөл, арга хэмжээнүүдийн хувьд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гурван төсөл хэрэгжиж  телемедициний тоног төхөөрөмж суурилуулж, зайн оношилгоо эмчилгээг хүнд өвчтнүүдэд хүргэж, 624 эмч, мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан аж. Мөн бага насны хүүхдийн хоол тэжээлийн архаг дутлыг бууруулах JFPR9131 “Найдвар” хоол тэжээлийн төслийг 18 сая 400 ам.долларын  санхүүжилттайгаар хэрэгжүүлжээ. Сайд хэлэлцүүлгийн үеэр иргэдийн санаа бодлыг сонссон. Иргэдийн зүгээс 14-өөс дээш насны хүүхдээр хурдан морь унуулж байх, аймгийн нэгдсэн эмнэлгийн барилгыг шинэчлэх, усны чанарт анхаарах, залуусыг эрт босгож дасгал сургуулилт хийлгэн хөдөлгөөнөөр эрүүлжүүлэх, Өрхийн эрүүл мэндийн төвд Уламжлалт эмчилгээний тасгийг нээн ажиллуулах саналыг дэвшүүлж байлаа. Мөн аймгийн хэмжээнд уламжлалт эмчилгээний эмнэлэгтэй болох, архидалттай тэмцэхэд дорвитой арга хэмжээ авах, эрүүл мэндийн ахмад ажилчдыг харж хандах, фитнес, чийрэгжүүлэлтийн төвийг бий болгох зэрэг олон санал санаачилгыг дэвшүүлжээ. Хэлэлцүүлэгт аймгийн Засаг дарга Ж.Батсуурь оролцож “Засаг даргын нөөцөөс жил бүр хөрөнгө гаргаж, бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах оношилгоо, эмчилгээ хийж, 100 гаруй эмчийг гадаад, дотоодод мэргэжил дээшлүүлэхэд анхаарч байна. Түүнчлэн бүтээн байгуулалтын хувьд 50 ортой төрөх эмнэлэг, Эрүүл мэндийг дэмжих төвийн барилгыг барих, Уламжлалтын төв, усан бассейныг нэгдсэн байдлаар барих төлөвлөгөө гарган ажиллаж байгаа” хэмээв. Харин эмнэлгийн эмч, ажилтнуудын зүгээс Эрүүл мэндийг дэмжих сангийн мөнгийг нэмэгдүүлэх, сум, өрхийн эрүүл мэндийн төвд дээд мэргэжилтэй арга зүйчийг орон тоогоор ажиллуулах нөхцөлийг бүрдүүлэх, ЭМГ-ын мэргэжилтний тэр дундаа эх барих эмэгтэйчүүдийн эмчийн тоог нэмэгдүүлэх, тусгай тоноглогдсон яаралтай тусламжийн зориулалтын автомашинтай болох зэрэг дэмжлэг хүсч буйгаа илэрхийлж байв.

 

Ж.Батсуурь: Орон нутгийн иргэдийн сэтгэлгээ өөр болсон

Хэлэлцүүлгийн дараа аймгийн Засаг дарга Ж.Батсуурьтай цөөн хором ярилцлаа.

-Иргэдийнхээ  эрүүл мэндийг  хамгаалах, хамгаалах талаар орон нутгийн зүгээс юу хийж байна вэ?

-Миний хувьд улиран сонгогдож, тав дахь жилдээ аймгийн Засаг даргаар ажиллаж байна. 2000 оныг “Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх жил” болгон зарлаж нэлээд ажил хийсэн. Мөн тамхины хууль гарахаас өмнө тамхигүй худалдааны төв, оффис,тамгын газар бий болгохоор ажиллаж байлаа. Жилдээ 30-60 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг орон нутгаас эрүүл мэндийн салбарт хийж ирсэн. Одоо сум элэгний өвчлөл их байна гэвэл Засаг даргын нөөцөөс хөрөнгө гаргаж, үзлэг оношилгоо хийж байгаа. Түүнчлэн умайн хүзүүний зөөврийн дуран авч багийн эмч  нарыг машинаар бүрэн хангасан.

-Орон нутгийн иргэдийн хувьд уул уурхайн хөгжил эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлж байна гэдэг. Танай аймгийн хувьд ямар байгаа вэ?

-Уул уурхай бас их санаа зовоосон асуудлын нэг л дээ. Намайг анх ажил авахад Сүхбаатар аймгийн газар нутгийн 66 хувь нь ямар нэгэн лицензээр компаниудад олгогдсон байсан. Одоо бол 11 хувь буюу үндсэндээ 50 хувийг нь чөлөөлж чадсан. Ер нь, сүүлийн дөрвөн жилд иргэдийн сэтгэлгээний хандлага өөр болж ирж байна. Тухайлбал, иргэний оролцох оролцоо ихэссэн. Архи, тамхинаас гарах, хүүхэддээ сайн боловсрол эзэмшүүлэх эрмэлзлэлтэй болсон.

-Одоо санаа зовоож буй шийдэхэд хүндрэлтэй ямар асуудал байна вэ?

-Өвчин шаналал уйгагүй хөдөлмөрийн үр дүнд эдгэх ёстой. Гэтэл иргэд амархан эдгэчих юм шиг бөө мөргөлд хамаг мөнгөө өгч байна. Бөөгөөс гадна өөр янз бүрийн шашин, бясалгал, соёлын төвүүд заалаар дүүрэн хүн цуглуулж байгаад иргэдийн толгойг эргүүлж олсон хэд, гурван төгрөгийг нь шулаад байх боллоо. Үүнийг төрийн бодлогоор зохицуулах хэрэгтэй. Өглөө гараад хүүхдэдээ хоёр тор дүүрэн хоол авах мөнгийг нэг луйварчинд өгөөд явуулж байх жишээтэй. Энэ л их санаа зовоож байна даа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан