МҮЭХ-ноос цалингийн доод хэмжээг өөрчлөх цаг болсон гэж үзэж байна. Энэ талаар тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатараас тодрууллаа.
-МҮЭХ-ноос Хөдөлмөрийн сайдад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг өөрчлөх тухай санал хүргүүлсэн гэж сонслоо?
-Тийм ээ. Цалин нэмэх бус хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 239,400 төгрөг болгох хэрэгтэй гэсэн санал. МҮЭХ-ноос Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулийн тавдугаар дугаар зүйлийн 5.4 дэх хэсгийг үндэслэн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 239400 төгрөг буюу цагт 1425 төгрөгөөс багагүй байхаар тогтоох урьдчилсан саналыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт хүргүүллээ.
-Ямар үндэслэлээр доод хэмжээг 239 400 төгрөг гэж үзсэн юм бэ?
-МҮЭХ-ноос энэхүү үндэслэлийг гаргахдаа ойрын хоёр жилд мөрдөгдөх хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэхэд хүргэж буй доорх үзүүлэлтүүдийг харгалзан үзсэн. Үүнд, 2007 онд улсын хэмжээний дундаж цалинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 52 хувийг нь эзэлж байсан бол 2010 онд 32 хувь болж буурсан.
2012 оны эцэст улсын хэмжээний дундаж цалин 598.5 мянган төгрөгт хүрч, 2011 онд шинэчлэн тогтоосноос хойш 257.0 мянган төгрөг буюу 75.2 хувиар өссөн боловч улсын хэмжээний дундаж цалинд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ эзлэх хувь 23 болтол буурсан үзүүлэлттэй байна. Иймд одоогийн улсын дундаж цалингийн 40 хувь буюу 239400 төгрөг болгох шаардлагатай. Нөгөөтэйгүүр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг шинэчлэн тогтоосон үеэс хойшхи хугацаанд хүн амын хүнсний өргөн хэрэглээний гол бүтээгдэхүүний үнэ өссөн. Энэ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг даруй өөрчлөх үндэслэл болно гэж үзсэн юм.
-Энэ саналаа хаана, хаана өгсөн юм бэ?
-Гурвал талт зөвшилцлийн дагуу Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөлмөрийн яаманд саналаа хүргүүлэх ёстой юм. Ингээд их эсвэл бага байна уу гэдгийг гурван талт хэлэлцээрийн үеэр хэлэлцэн саналаа нэгтгэж нэгдсэн шийдэлд хүрнэ.
-Тэгвэл гурван талт хэлэлцээр хэзээ болох вэ?
-Хэлэлцээр бол эхэлчихсэн. Бид саналаа хоёр талд тавилаа. Харин тэд энэ санал чинь болж байна гэвэл хэлэлцэнэ. Хугацаа заадаггүй юм.
Дашрамд, энэ бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх бус өөрчлөх юм шүү гэдгийг хэлмээр байна.