Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Нэргүй: Шинээр нээгдэх арматур бүтээцийн үйлдвэр барилгын салбарын дэвшлийг баталгаажуулах болсоныг мэдэгдэхэд таатай байна


Монгол Улсын уул уурхай, зам гүүр, барилга угсралтын салбарын хөгжилд дэвшилт авчирч буй үндэсний үйлдвэрлэгчдийн нэг бол “Төмөрт транс” компани юм. Энэ ч утгаараа монголчууд тус байгууллагыг андахгүй сайн мэднэ. “Төмөрт транс” группын ерөнхий захирал Ч.Нэргүй уригдлаа.  


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Танай компани “Ган зангилаа” арматур бүтээцийн  үйлдвэрийг байгуулсан гэж сонслоо. Энэ талаар сонирхуулахгүй юу?
-Баярлалаа. Өдрөөс өдөрт олон тоогоор байгуулагдаж буй бүтээн байгуулалтаар шинэ Монгол Улсын өнгө төрх тодорхойлогдсоор байгаа юм. Монгол Улс ашигт малтмалаа түшиглэн шинэ шинэ бүтээн байгуулалт, дэд бүтцийг хөгжүүлэх замаар хөгжлөө баталгаажуулж буй өнөө цагт уул уурхай, зам гүүр, барилга угсралтын салбар асар хурдацтай хөгжих, өндөр бүтээмжтэй ажиллах цаг үе тулгараад байна. “Төмөрт транс” компани Италийн “Валфер” групптэй хамтарсан хөрөнгө оруулалтаар Монгол Улсад анх удаа “Ган зангилаа” арматур бүтээцийн үйлдвэр байгуулагдсаныг уншигчдад дуулгахад таатай байна.

-“Төмөрт транс” компанын үйл ажиллагаа Монголын барилга, уул уурхай, замын салбарт чиглэгддэгийг уншигчид мэднэ. Харин Италийн “Валфер” групптэй хэрхэн холбогдож, хамтарч ажиллах болсон талаараа ярихгүй юу?  
-“Төмөрт транс” компани нь барилга уул уурхай, зам гүүр угсралт зэрэг бүтээн байгуулагч аж ахуй нэгжүүдийн хэрэгцээт төмөр материалыг арваад жил  чанарын өндөр үзүүлэлттэйгээр тасралтгүй нийлүүлж ирсэн туршлагатай хамт олны нэг юм.  Тиймдээ ч дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн “Валфер” группын анхааралд нэн түрүүнд өртөж, сонгогдсон байх л даа. “Валфер” группын зүгээс манай компанид хамтран ажиллах таатай санал тавьсан. Ингээд манай хамт олон энэ санлыг хүлээн авч хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.

-Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс эхлээд Монголд арматурын  үйлдвэр нэлээд хэд бий. Танай үйлдвэрийн хувьд арматур бүтээц гэсэн тодотголтойгоор Монголд анх удаа байгууллагдсан гэлээ. Ингэхэд арматур бүтээцийн үйлдвэр гэсэн үгний цаана ямар ойлголт байгааг тайлбайрлахгүй юу?
-Уг үйлдвэр нь барилгын талбай дээрх гар аргаар болон хагас автомат машинаар хийгдэж буй арматур хэлбэржүүлэх нөр их ажлыг үйлдвэрийн аргаар өндөр чанар, бүтээмжтэйгээр богино цаг хугацаанд арматур хэлбэржүүлэх үйлдвэр юм. Ингэхдээ геометрийн ямар ч алдаа гажилтгүйгээр шүү дээ.
-Арматур бүтээцийн шинэхэн үйлдвэр хүчин чадлынхаа хувьд ямар бол?
-Хоногт 70-105 тн, жилд  21,910 тн арматур хэлбэржүүлэх техникийн хүчин чадалтай. Гол нь манай үйлдвэр арматурыг хэлбэржүүлж, захиалагчийн барилгын талбайд хүргэж өгөхөөс гадна хүсвэл хэв хашмал, арматур зангидах цогц үйлчилгээ буюу арматур бүтээцийн цогц үйлчилгээг давхар үзүүлэх болно.

- Танай компани гар аргаар болон хагас автомат машинаар хийгддэг арматур хэлбэржүүлэх ажлыг үйлдвэрийн аргад шилжүүлсэн нь сайн хэрэг. Энэ утгаараа уншигчид, тэр дундаа барилгын салбарынхан олзуурхаж буй байх. Ийм үйлдвэр Монголд шинээр байгуулагдсаны давуу тал нь юу вэ?  
-Уг үйлдвэр Монголд байгууллагдсанаар барилга барих үндсэн хугацаа, эдийн засгийн хэмнэлт гаргах боломжтой. Мөн хөдөлмөр хамгааллыг сайжруулж, аюул ослын тоог бууруулах боломж бүрдсэн гэж ойлгож болно.  Нөгөө талаар Монгол Улсад баригдаж буй төмөр,  бетон, карказан болон бүрэн цутгамал барилгуудын нэгэн хэвийн дөрвөлжин баригдаж буй байдлыг эвдэж хүссэн хэлбэр, дүрс, хэмжээтэй хийх боломжийг арматур бүтээц талаасаа бүрдүүллж буй нь  маш том давуу талуудын нэг юм.
Арматурыг гар аргаар хэлбэржүүлсэнээр гажилт их гардаг. Тэр хэрээр газар хөдлөлтөд тэсвэрлэх чадал нь бага байдаг. Харин үйлдвэрийн аргаар хэлбэржүүлснээр гажилт гарахгүй тул барилгын газар хөдлөлтөд тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлэх сайн нөлөөтэй гээд олон давуу талыг бий болгож байгаа юм.

-Эдийн засгийн хэмнэлт хийх боломж бүрдэх талаар та яриандаа дурдлаа. Ингэснээр барилга барих зардал буурна гэж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Учир нь барилгын талбай дээр задгайгаар арматур худалдан авч арматурчлалын ажил хийхэд маш их зардал гардаг. Арматурыг шаардлагатай хэмжээ, хэлбэр дүрсэнд оруулах гэж гар аргаар болон хагас автомат машинаар уг ажлыг гүйцэтгэдэг. Ингэснээр хаягдал, хорогдол хамгийн багадаа таван хувь гардаг. Энэ нь мөнгөн дүнгээр ихээхэн хэмжээний зардал болдог л доо. Дараагийн томоохон зардал нь хөдөлмөрийн зардал байдаг. Барилгын талбай дээр ажиллаж байгаа бригадын хүмүүсийн 20-40 хувь нь арматур хэлбэржүүлэх буюу тасдах, матах, хом бэлтгэх ажлуудад хуваарилагдан ажилладаг. Эдгээр ажилтнуудын хөдөлмөрийн зардал, орон байр, хоол унд, хөдөлмөрийн аюулгүй байдал гээд дагалдаж гардаг зардлыг тооцвол чамгүй зардал гардгийг энэ салбарынхан сайн мэднэ.  Хүнээс хамаарсан ажил тул цаг хугацааг ч маш их алдах нөхцөл байдал ихээр үүсэх эрсдэлтэй.  Мөн хагас автомат машин ажиллуулахад цахилгааны зардал их гардаг. Энэ мэтчилэнгээр тоочоод байвал, хэлбэржүүлэх ажлын нийт гарч буй зардал арматур худалдан авсан үнийн ойролцоогоор 12-20 хүртэлх хувийг эзэлдэг гэсэн тооцоо бий. Харин манай үйлдвэрийн хувьд сая бидний тооцсон зардлаас бага байхуйц нэмүү өртгийг шингээж хэрэглэгчидэд хүргэж байгаа тул эдийн засгийн хэмнэлтийг хийж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байгаа.
Дээр нь ихэнх барилга угсралтын газрууд шаардлагатай арматураа дарханы төмөрлөгийн үйлдвэр болон хойд, өмнөд хөршөөс их хэмжээгээр татдаг бөгөөд бэлэн мөнгөний урсгалыг нэг талд нь түгжих шаардлага гардаг. Ингэснээр нэг, хоёр сарын дараа ашиглах хэдэн мянган тн арматур барилгын талбай дээр ашиглагдахгүй хадгалагдсаар байдаг. Үүний цаана банкны хүүгийн зардал урсан гарсаар байх жишээний. Тухайлбал, дөрөвдүгээр сард 1000 тн арматур татан авч дөрөв, тав, зургадугаар саруудад тэнцүү хэмжээгээр ашиглахад банкны хүүг 1,6 хувиар бодоход алдагдсан боломжийн зардал  18,381,600 болж байна. Манай үйлдвэрээс тухай бүрт нь хүссэн хэлбэр хэмжээгээр арматураа захиалан авсан тохиолдолд банкны хүүгийн зардал үгүй болох юм.  

-Зардлыг хэмнэхээс гадна барилга барих хугацааг хэмнэнэ гэдэг нь ямар үндэслэлтэй вэ?
-Миний сая ярисан ярианд хүнээс хамаарсан ажлыг хөнгөвчилнө гэж ойлгогдсон байх. Манай улс жилийн 4 улиралтай бөгөөд барилгын ажил маш богино хугацаанд үргэлжилдэг. Энэ богино хугацаанд цаг агаарын таагүй нөхцөл буюу салхи, бороо, хэт халуун нөхцөл байдлууд гадаа явагддаг ажлуудын үргэлжлэх хугацааг хойш татах эрсдэл өндөртэй орон. Манай үйлдвэр энэ эрсдлүүдийг үгүй болгосноор цаг уурын нөхцөл байдлаас алдаж буй хугацааг барилга угсралтын компаниуд  хэмнэнэ гэсэн үг.    Цаг хугацаа хэмнэх гол нөхцөл нь хүний гараар хийж буй ажлыг үйлдвэрт чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж, барилга угсралтад нийлүүлсэнээр уг ажилд хуваарилагддаг байсан хүмүүст өөр ажил үүрэг оногдож,  цаг хугацааг хэмнэнэ.  Жишээ нь, 12 хүний бүрэлдэхүүнтэй бригадынхны  5 нь арматур хэлбэржүүлэх ажил хийж, бусад нь хэлбэржүүлсэн арматурыг угсрах ажил хийлээ гэж бодоход манай үйлдвэрээс захиалгын дагуу бэлэн арматур авсанаар 5 хүн хэмнэх эсвэл 12-лаа арматураа угсрах ажилд хуваарилагдаж тэр хэрээр уг ажил хурдасна гэсэн үг л дээ. Мөн барилгын салбарынханы гол толгойны өвчин болсон ажиллах хүчин жил ирэх тусам улам бүр хомсдож тэр чинээгээр ажлын хөлс нэмэгдэж байгаа өнөө үед бид энэ үйлдвэрлэлийг нэвтрүүлсэнээр уг асуудлыг хамтдаа шийдвэрлэж чаднаа.

-Үнэхээр дэвшилтэт технологийн нэг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. “Ган зангилаа” арматур бүтээцийн үйлдвэр хэзээнээс үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна?
-Миний хувийн бизнес буюу төмрийн худалдаа маань 1997 оноос эхэлсэн бөгөөд үйл ажиллагаа маань өдрөөс өдөрт өргөжиж байсан. 1999 оноос Мон - Оргил компанитай хамтран төмрийн зах болгон өргөтгөсөн. Ингээд “Төмөрт транс” компаниа 2005 онд байгуулагдаж барилгын төмөр эдлэхүүн ханган нийлүүлэх үйл ажиллагаа явуулж ирсэн. Харин одоо барилга угсралт, зам тээвэр, ган хоолойн үйлдвэрлэлт, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал, барилгын материал ханган нийлүүлэлтийн чиглэлээр долоог салбар компанийг  байгуулаад байна. Энэ удаад найм дэх салбар буюу Италийн “Валфер” групптэй хамтарч “ТТ энд ВИ ЭФ” интернэйшнл ХХК-ийг байгуулж, “Ган зангилаа” арматур бүтээцийн үйлдвэр маань  ирэх тавдугаар 1-нд албан ёсны нээлтээ хийх гэж байна.

-Үйлдвэрийн аргаар арматурчлал хийхийг байшин, барилгын зураг төсөл гаргадаг байгууллага, тэр тусмаа архитекторууд ихэд олзуурхаж буй байх даа?
-Маш сайнаар нөлөөлөх нь тодорхой. Гар аргаар арматурчлал хийхдээ 100 ширхэг ижил хэмжээтэй матах, тасдах ажлыг 100 өөр хэлбэр хэмжээтэй хийдэг. Ингэснээр арматур бүтээц маань тэр чигээрээ гажилттай болж, газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар буурч байдаг. Мөн гар аргаар хийх боломжгүй арматурчлалын ажлыг үйлдвэрт хийх боломжтой. Манай оронд баригдаж байгаа дөрвөлжин төмөр, бетонон байшингуудын цаг үе дуусч  хүссэн хэлбэр дүрсээр уран нарийн хийцтэй барилга барих боломж бүрдэж буй  нь Монголын зураг төсөл гаргагч байгууллага, архитекторчдод маш таатай мэдээ болно гэж бодож байгаа.

-“Ган зангилаа” үйлдвэрийн ажиллах ерөнхий процесс нь барилгын зургаа үзүүлээд арматураа хүссэн хэлбэр хэмжээгээр бэлдүүлээд авна гэсэн үг мөн үү?
-Манай үйлдвэр бүрэн автомат үйлдвэр бөгөөд захиалагч нь барилгын холбогдох зураг төслөө манайд өгөхөд л хангалттай. Хүсвэл арматур бүтээцийн бүх ажлыг манайд даатгаж болно. Манай үйлдвэр захиалагчийн барилгын зургаас түүвэр хийж программд оруулан арматурыг хэлбэржүүлж, хэлбржүүлсэн арматураа багцлан барилгын аль хэсэгт орох, ямар хэмжээтэй хэдэн ширхэгийг багцалсан талаарх мэдээллийг оруулсан байна. Шошго наасны дараа ачилт хийж тээвэрлэж барилгын талбайд буулгана.

-Хамтран хөрөнгө оруулагчийнхаа тухай  танилцуулахгүй юу?
-“Валфер” групп нь Итали болон Швейцар улсад салбар үйлдвэр байгуулж тухайн улсуудад тэргүүлэгч байр суурийг эзэлдэг. Харин гуравдагч салбар үйлдвэр нь Монгол Улсад шинээр нээгдэж, нийт уул уурхай, зам гүүр, барилга угсралтын салбарынханд өндөр бүтээмжэй ажиллах боломж олгож  байгаадаа баяртай байна.

-Шинэчлэлийн Засгийн газар орон сууц, барилгын материалын үнийг бага түвшинд барих бодлого барьж ажиллаж байгаа. Энэ талаарх таны байр суурь юу вэ?
Барилгын яам барилгачдын холбоо, барилга үйлдвэрлэгчдийн холбоодуудтай хамтран  зохион байгуулж буй барилгын материалийн үнийг бага түвшинд тогтвортой барих бодлого хүчтэй хэрэгжиж байна. Энэхүү зохион байгуулж буй томоохон ажлууд манай шинээр орж ирж буй үйлдвэрийг дэмжин ажилж байгаад  маш их баяртай байгаа . Бидний хувьд барилгын гол материал болох арматурыг хамгийн бага түвшинд барьж, түүнтэй холбоотой гарч буй хөдөлмөрийн зардал, цахилгааны зардал, банкны хүүгийн зардал гэх мэт томоохон зардлуудыг бууруулах боломжийг бүрдүүлсэн л дээ.  

-Арматур бүтээцийн үйлдвэр Монголын барилгын хөгжилд нэн шаардлагатай байсан тухай энэ салбарынхан ярьдаг байсан. Тэгвэл барилгынхны энэ хүсэл мөрөөдөл биелсэн гэсэн үг үү?
-Монголын барилгын хөгжлийн явцад нэвтрэх шаардлагатай байсан арматур бүтээцийн үйлдвэр Монгол Улсад  анх удаагаа үүдээ нээж байна. Ингэснээр зам, гүүр,  барилга угсралтын салбарын бүтээмжийг дээшлүүлэх нь дамжиггүй. Нөгөө талаар  Монгол Улсын хөгжил дэвшлийг улам бүр баталгаажуулах болсоныг та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан