Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ӨНӨӨДӨР МАШИНГҮЙ УНАДАГ ДУГУЙТАЙ ӨДӨР


Автомашингүй долоо хоног буюу “Цэвэр агаарт хамтдаа” уриатай эрүүл мэндийн өдрүүд үргэлжилж байна. Алхалт, хөдөлгөөн, эрүүл байдлыг хэвшүүлэх зорилготой “Унадаг дугуйн өдөр” өнөөдөр тохиож буй. 100 жилийн тэртээ манай улсад нэвтэрч байсан унадаг дугуй яагаад нийтлэг хэрэглээ болж чадахгүй байна вэ. Учгийг тодруулах зорилго өвөртлөн хэд хэдэн газрын үүдийг тогшлоо. Юун түрүүнд, дугуй сонирхогчдын хэчнээн клуб байдгийг судлахад “New image” хамгийн эхэнд нүдэнд туссан юм.

Их хотын соёлыг түгээгчид

Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын хэсэг залуус чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх үүднээс унадаг дугуйн клуб байгуулжээ. 20 гаруй гишүүнтэй гурван жилийн өмнө байгуулагдсан клубт төрийн албан хаагч, архитекторууд багтдаг. Энэ давуу талаа ашиглаад хот төлөвлөлтөд унадаг дугуйн зам, зогсоол байгуулах асуудлыг 2011 онд дэвшүүлсэн гэнэ. Хэдийгээр гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдэд төв замд хэсэгчлэн дугуйн зам байгуулах санал тавьж болох ч үр дүн нь хүссэн хэмжээнд хүрэхгүй гэж үзжээ. Учир нь, хотын төв нь асфальтан замтай болохоор гэр хорооллын иргэд дугуйгаа авчраад унах юм шиг өрөөсгөл ойлголт төрүүлэм. Тиймээс Улаанбаатар хотыг нийтэд нь хамарсан унадаг дугуйн зам байгуулах зураг төслийг боловсруулах ажлыг сайн дураараа эхлүүлжээ.
Хэдийгээр зураг төслийг нь бэлэн болгосон ч хотын төлөвлөгөө, төсөвт суулгаж чадалгүй өдийг хүрсэн гэнэ. Харин 2013 онд Улаанбаатар хотын их тойруугийн замын тохижуулалтын хүрээнд төслийнхөө анхны алхмыг хийхээр болжээ. Тэдний боловсруулсан зураг төсөлд 99 дугуйн зогсоол, 143 км дугуйн замтай байхаар заасан тухай “New image” клубийн тэргүүн Д.Хан-Уул ярилаа. Тэрээр “Хотын хаанаас ч унадаг дугуйгаар аюулгүй зорчих бололцоог хангахын тулд зураг төслөө гаргасан. Хайлааст, Баянхошуу, Улиастайгаас унадаг дугуйгаар хотын төв рүү зорчих нэгэн жигд боломжтой байх ёстой. Энэ бол их хотын нэг соёл” хэмээсэн юм.

Үнэхээр унадаг дугуй өнгөрсөн 100 жил монголчуудын танил байсан хэрнээ яагаад нийтийн хэрэглээ болж чадаагүй нь хачирхалтай. Монголоос 51 дахин бага газар нутагтай Бельги улсын хүн ам манайхаас 4-5 дахин их буюу 10.5 сая. Гэтэл дугуйн хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт орж, 5.2 сая дугуйтай гэх тооцоог гаргажээ. Хүн амын 48 хувь нь дугуйг амьдрал ахуйдаа хэрэглэж байна. Үүний адил Европын олон оронд унадаг дугуйг тээврийн хэрэгсэл гэдэг утгаар нь ашигладаг. Хэдэн зуун жилийн өмнө байгуулагдсан Францын хотууд нарийхан замаа улам ч нарийсгаад дугуйн зам бий болгосон. Энэ бол тус хотын иргэд бие биенээ, байгаль орчноо, гадаадаас ирдэг хэдэн сая жуулчдаа хүндэтгэсэн хэрэг. Гэхдээ монголчууд дугуйг амьдралын салшгүй унаа болгох оролдлого хийж, орчин үеийн хотын соёлыг түгээхийг эрмэлзэж байсан нь түүхэнд үлджээ. Ардчилал мандаж, нийгэм эдийн засаг тэр чигтээ бужигнаж байхад замын хажууд дугуйн гэсэн тодотголтой шар зурвас татаж байсан аж. Гэвч тэр үед түүнийг анхаарч, асуудал болгохоос илүү өдрийн хоол, үмх мах чухал байсан тул газар аваагүй гэдэг. Харин өнөөдөр хүн бүрийн амьдрал тухайн үетэй харьцуулбал тогтворжиж, эрүүл мэнд, байгаль орчиндоо анхаарах боломж гарч ирсэн тул дугуйн асуудал эрчимжиж байна. Сүүлийн гурван жил монголчууд дугуй сонирхох, худалдаж авах нь дөрөв дахин нэмэгдэж, огцом өссөнийг Д.Хан-Уул хэллээ. Тэдний түгээх гэж буй их хотын дугуйт соёлын асуудал нүдээ онож, цагаа олжээ.

Дугуй хэмээх ойлголт, эрх зүй

Клубийн тэргүүнтэй уулзчихаад буцаж явахдаа Д.Сүхбаатарын талбайн баруун урд уулзварт ажиллах замын цагдаатай уулзлаа. Түүнээс унадаг дугуйн асуудлаар эрх зүйн талаас товч тодруулга авсан юм. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар унадаг дугуй бол авто замын тээврийн хэрэгслийн нэг мөн. Түүнчлэн дүрмийн 23.4-т “Унадаг дугуй, мопед нь (унадаг дугуйн зам байхгүй тохиолдолд) нэг эгнээнд хоёроос илүүгүйгээр зэрэгцэж, харин ердийн хөсөг зөвхөн нэг эгнээгээр гүйцэж түрүүлэх, тойрон гарах, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн тулд байр эзлэхээс бусад тохиолдолд зорчих хэсгийн хамгийн баруун гар талын эгнээгээр явна” гэж заасан байдаг гэлээ. Өөрөөр хэлбэл, зориулалтын замгүй өнөөдрийн нөхцөлд унадаг дугуйтай хүмүүс нэгдүгээр эгнээгээр зорчиж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч болно гэсэн үг. Явган хүний замаар дугуйтай явж болох уу гэж нэмж тодруулбал “Дүрмэнд зааснаар автозамаар явах ёстой. Гэхдээ тэр нь хүүхдүүдэд их эрсдэлтэй” хэмээн бөөрөнхийлж орхилоо.

Энэ тухай унадаг дугуйн тамирчид ч хэлэх аж. Жишээлбэл, “Атилла экспресс” хэмээх түргэн хүргэлтийн үйлчилгээ Улаанбаатарт нээгдээд хагас жил болж байна. Тус байгууллагын 40 орчим дугуйт хүргэгч нь бүгд мэргэжлийн дугуйчин, зэрэглэлтэй тамирчид аж. Туршлагатай, мэргэжлийн хүмүүсээр уг ажлыг хийлгэхгүй бол осолдож, гэмтэх нь энүүхэнд байдаг тухай захирал нь ярьж байв. Унадаг дугуйн тухай албан ёсны ойлголт, зохицуулалттай болгохоос нааш асуудал эерэгээр шийдэгдэхгүй байх гэнэ. Ядаж л албан ёсны тээврийн хэрэгсэл гэдэг ойлголтыг нэвтрүүлэхгүй бол хэчнээн дугуйн зам байгуулаад ч машиндаа түгжирсэн жолооч нар шахаж, загнаад явуулахгүй гэдгийг онцлов. Үнэндээ жолоочийн үнэмлэхтэй хүн бүр дээр өгүүлсэн дүрмийн 23.4 дүгээр заалтаар шалгалт өгч, төгссөн байлтай.

Нөгөө талаас, унадаг дугуйн талаар хэд хэдэн өрөөсгөл ойлголт иргэдийн дунд төлөвшиж буйг дурдахгүй өнгөрч боломгүй. Юун түрүүнд эцэг эхчүүд дугуйг хүүхдийн тоглоом гэдэг ганцхан өнцгөөр хандаж, бусдадаа халдаадаг. Гэвч өөрийнхөө эрүүл мэнд, байгаль орчинд ээлтэй унааг сонгосон хүмүүс иймэрхүү гаж ойлголтод сөхөрчихөөр тамир муутай хүмүүс биш байдаг нь бахархмаар.

Дугуйн үнэ, худалдаа ба хэрэглээ

Аливаа спорт хөгжих, хандлага, үйл явц нь төлөвшихөд нийгмийн буюу олон нийтийн сүлжээ хуудас их ач тустай байдаг аж. Хүссэн, сонирхсон чиглэлээр хайлт хийхэд ямар арга хэмжээ, тэмцээн уралдаан, аялал маршрут нь дурайгаад гарч ирнэ. Түүндээ идэвхтэй оролцож, нэгээс нөгөөдөө үлгэр дуурайлал болсоор нийгмийг бүхэлд нь хамарч чаддаг аж. Дугуйн спорт ч сүүлийн хэдэн жилд энэ л зарчмаар эрчимтэй хөгжсөн гэхэд болно. Долоо хоног бүрийн амралтын өдөр “Атилла” клубээс уулын дугуйн аялал зохион байгуулдаг бол “Мөнгөн өвөл 2013” аяллын маршрут үргэлжилсээр байна. Автомашингүй өдрийн хүрээнд Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуу дугуйчин клубээс олон нийтийн парад зохион байгуулах ажил өрнөсөөр. Төрийн албан хаагчдаас бүрдсэн “New image” клубийнхэн энэ хавраас Улаанбаатар хотын сул, чөлөөтэй зай талбайг ашиглан дугуйн сургалтын цэгүүд байгуулах ауилд ханцуй шамлан орохоор болжээ.
Гэр хорооллын гудамж, орон сууцны тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэнгээр хязгаарлагдаж буй дугуйн хэрэглээ тун удахгүй гудамж, нийтийн талбайг эзэгнэнэ. Гэтэл хүн бүр дугуйтай болж амжаагүй байгааг мартаж болохгүй. Өнөөдрийн байдлаар манай улсад хамгийн үнэтэй нь 10 сая төгрөгийн дугуй худалдаалдаг бол доод тал нь 100 гаруй мянган төгрөгийн ханштай.  Харин бага зэргийн эвдрэлтэй, хуучин дугуйнууд үүнээс ч бага үнээр “Нарантуул”, “Хархорин” захад борлуулдаг. Аюулгүй байдал нь дугуйнд хамгийн чухал асуудал учраас чанар дагаж үнэ нэмэгддэг тухай “Залуу дугуйчин” клубийн төлөөлөл М.Цогтбаяр хэлсэн юм. Тэрээр “Өнөөдөр албан ёсны борлуулагч “Атилла”, “Трек”, “Кэннодэйл” гэсэн дугуйны гурван дэлгүүр байдаг” гэлээ. Харин УИД болон түүнтэй төстэй үйл ажиллагаа эрхэлдэг газрын спорт барааны тасгаар орвол эгнүүлсэн дугуйны үнэ 500 мянган төгрөгөөс эхэлнэ. Насанд хүрэгчдэд зориулсан хамгийн үнэтэй дугуй нь 1.4 сая төгрөг аж. Хавраас эхлээд зам байгуулж, жолооч нар дугуйчдаа хүндэтгэж ойлгодог болоод ирэхээр “дугуйжуулах” их ажил зэрэгцэн өрнөх нь мэдээж. Аюулгүй байдлаа бодсон ч их үнийг дийлэхгүй гэж зүрхшээж суугаа нэгэн бий бол зээл, лизинг гэж сайхан боломж үүссэнийг энд сануулъя. Дашрамд дуулгахад, өндөр хөгжилтэй улс орны амьдралын төвшин, амьжиргааны боломжид зориулж үйлдвэрлэгдсэн дугуйг шууд оруулж ирдэг нь дээрх гурван дэлгүүр гэсэн үнэ нь ч зах зээлийн ханш гэдгийг дэлгүүрийн төлөөлөгчид хэлснийг онцолъё.

Эрүүл мэндэд юугаараа сайн гээч


Хүн бүр хөдөлгөөний дутагдлаас сэргийлнэ гэж дуу нэгтэй хариулах байх. Гэхдээ бид хөдөлгөөний  дутагдлыг ганц өнцгөөс хардаг нь харамсалтай гэж мэргэжлийн эмч нар хэллээ. Жингийн илүүдэлтэй, тарган хүмүүс л хөдөлгөөний дутагдалтай байдаг гэх ойлголт нь ганцхан монголчуудын ташаарал биш гэнэ. АНУ-д ийм ойлголт элбэг бөгөөд үүнийг стереотип хэмээн шинжлэх ухаанд нэрлэдэг. Тодруулбал, нийтлэг буруу ойлголтыг ийнхүү томъёолдог. Хүзүү, мөр чинь хөшиж, өвдөг, нуруу дуугарч байгаа бол танд хөдөлгөөн хэрэгтэй болсныг илтгэнэ. Тарган хүмүүс л дасгал хийх хэрэгтэй гэх стереотип энд үгүй болж байгаа аж. Компьютертэй харьцаж, 10 хуруу, хоёр нүднээс өөр хөдөлгөөн хийдэггүй ажилтнуудыг өдөрт 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийж байхыг эмч нар зөвлөлөө. Энэхүү хөдөлгөөний дутагдлаа наад зах нь гэр, ажилдаа ирэхдээ дугуй унаж байвал төвөггүй нөхдөг гэнэ.

Унадаг дугуй эрүүл мэндэд тустай. Данийн эмч мэргэжилтнүүд дугуйгаар хурдан давхивал урт насалдаг болохыг тогтоожээ. 21-90 настай 5106 хүнийг найман жилийн турш ажигласан аж. Дугуй унадаг хүмүүсийн зүрхний цохилт нэмэгдэх нь нас уртасгах шалтгаан болдог гэх дүгнэлтэд хүрчээ. Тус улсын нийслэл Копенгагены оршин суугчдын 37 хувь нь өдөр бүр дугуй унадаг гэнэ. 2015 он гэхэд иргэдийнхээ тал хувь нь ажилдаа дугуйгаар явдаг болгохын тулд “Копенгаген-дугуйчдын хот” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж байгаа аж. Нөгөө талаас дугуй унахад хүний биеийн бүх хэсгийн булчин оролцдог учраас өдрийн идэвхтэй хөдөлгөөнийг хангалттай нөхнө. Идэвхтэй хөдөлгөөн нь хүний биеийг сэргээж, хувь хүний өөдрөг дүр төрх бүрдүүлдэг байна. Ганцаардал, бухимдал, сэтгэл хямралаас сэргийлэх, өөртөө итгэх итгэл нэмэгдүүлэх зэргээр сэтгэлзүйд ч ач тустай. Бүсгүйчүүд дугуй хэрэглэж хэвшсэнээр гоолиг сайхан бие галбираа хадгалах нь алга урвуулахын төдий гэдгийг мэдэрдэг гэнэ.

Монгол дугуйчдын маргааш

Дугуйн хэрэглээ нийслэлд ойрын хэдэн жилдээ эрчимтэй нэмэгдэх төлөвтэй байна. Учир нь, дугуйчдад зориулсан зам, зогсоолыг энэ жилээс барина. Түүнчлэн, автобусны нэгдүгээр эгнээгээр дугуйчид зорчино. Мөн дугуйн сургалтын цэгүүд олноор байгуулах нь олон нийтэд эерэг сурталчилгаа болох юм. Хэдхэн хоногийн өмнө Энэтхэг улсад болсон Азийн дугуйчдын аварга шалгаруулах тэмцээнээс Т.Энхжаргал аваргын цол хүртлээ. МУГТ, дугуйн шигшээ багийн гишүүн Ж.Өлзий-Оршихын дасгалжуулсан Т.Энхжаргал Монголын дугуйн спортын оргил медалийг эх орондоо авчирч, түүхэнд байгаагүй амжилт гаргасан нь энэ юм. Аливаа спортод их амжилт томоохон сурталчилгаа болдгийн адилаар гол сурталчилгааг Т.Энхжаргал 21 насандаа хийлээ. Тиймээс дугуйн хөгжил, спортын хандлага эрчимжинэ гэдэгт дугуйн клуб, тамирчид, дугуй сонирхогчид найдаж сууна. Тэдний дундаас дахиад тивийн аварга, дэлхийн аварга гарах нь тодорхой.

Болохгүй гээд суувал юу ч бүтдэггүй гэдэг. Харин ч эсрэгээрээ болох бүтэх талаас нь ярьж, ажиллаж суувал “Амны билгээс ашдын билэг” хэмээн хэлэлцдэгийн үлгэрээр Улаанбаатарын гудамжаар дугуйчид эгнэх цаг ойрхон байна. Автомашиныхаа цонхоор бие биесээ хөмсөг зангидан, хөмхий зуун харах монголчуудын дэргэдүүр дугуйгаар сүнгэнэн өнгөрөх цаг дөхлөө. Тэднийг хараад жолооч нар ч машинаасаа гарч, урин дулаан цагт дугуйгаар явна гэдэгт итгэж байна. Ирээдүйд ямар засварын газар завгүй ажиллах вэ гэж тэднээс асуувал “Унадаг дугуйн засварын газар” гэж хэлэлцсэн юм шиг хариулах биз. Цомхон хэрнээ багахан засвар шаардах унадаг дугуйн засварчид өглөөнөөс үдэш хүртэл борви бохисхийлгүй ажиллах нь нүдэнд харагдах шиг.

Дугуйн хөгжил, сурталчилгаанд жинтэй хувь нэмэр оруулах үйлс нь яг одоо тохиож буй “Автомашингүй өдрүүд” юм. Цэвэр агаарт алхаж, аялахыг уриалж буй өдөрлөгүүдийн дундаас өнөөдөр “Унадаг дугуйн өдөр” болж байна. Энэ сарын сүүлчээр мэргэжлийн дугуйчдын үзүүлбэр, тоглолт, парад, тэмцээн, гоё чамин дугуйн уралдаан гээд олон сонирхолтой арга хэмжээ зохиох гэж буйг дуулгая. Та гэр бүлийнхээ төлөө, хүрээлэн буй орчны төлөө дугуйгаар зорчоорой.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан