Шинэчлэлийн Засгийн газрын анхаарал хандуулж буй томоохон салбар бол хөдөлмөрийн салбар юм. Тиймээс Ерөнхийн сайд Н.Алтанхуяг Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн хэлтэс, Хөдөлмөрийн төв биржид өчигдөр зочлон “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хоёрдугаар шатны бүртгэлийн үйл ажиллагаатай танилцан иргэдтэй уулзлаа. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав Засгийн газрын тэргүүнд “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийн хүрээнд хийж буй ажлуудаа танилцуулав. Тэрээр “Энэ жилийн хувьд 6600 мэргэжилтэй ажилтанг ажил олгогчдын захиалгаар МСҮТ-үүдээр бэлтгэж, хөдөлмөрийн зах зээлд нийлүүлэх ажил амжилттай хэрэгжиж байна. Эл хөтөлбөрийн хүрээнд эхний ээлжинд 6950 ажил хайгч Хөдөлмөрийн төв биржид бүртгүүлсэнээс 4784 суралцагч ажил олгогчтой гэрээ байгуулан хичээлдээ орсон. Эдгээр суралцагчдыг эхний хоёр сар танхимын сургалтад хамруулж, ирэх сарын 1-нээс гэрээ байгуулсан аж ахуй нэгж байгууллагууддаа гурван сарын хугацаатайгаар дадлага хийх юм” гэв. Дээрх хөтөлбөрийг Хөдөлмөрийн яамнаас өгсөн бодлого, чиглэлийн дагуу Улаанбаатар хотод 18, хөдөө орон нутагт 38 МСҮТ хэрэгжүүлж, мэргэжилтэй ажилтан бэлтгэжээ. Суралцагчид Засгийн газраас олгож буй 190 400 төгрөгийн тэтгэмжээ авч, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд хамрагдахаараа онцлогтой юм.
Хөтөлбөрийн нэгдүгээр шатны сургалт амжилтай явж, суралцагчид танхимын сургалтаа дуусгаж байгаа энэ үед хоёрдугаар шатны бүртгэлийн ажиллагаа өндөрлөх шатандаа орж байгаа гэнэ. Хоёрдугаарт шатанд 72 ажил олгогчийн 2171 ажлын байрны захиалгыг хүлээн авч 1588 ажил хайгч ярилцлагад оржээ. Хөтөлбөрийн хүрээнд салбарын ажил олгогч байгууллагуудтай уулзалт ярилцлага хийж, нэгдсэн дүнгээр нийтдээ 184 ажил олгогчийн 6149 ажлын байрны захиалыг хүлээн авсан байна. Сургалтад хамрагдах хүсэлтэй 7455 иргэнийг бүртгэснээс 6027 нь ярилцлагад оржээ. Үүнээс одоогийн байдлаар 5343 иргэн ажил олгогчтой гэрээ байгуулж, 4784 ажил хайгч сургалтад хамрагджээ.
Иргэдээ ажилтай, орлоготой болгох, дотоодын ажиллах хүчээ бэлтгэх, хөдөлмөрийн зах зээлд мэргэжилтэй, чадвартай ажилтан нийлүүлэх бодлогод томоохон түлхэц болж буй энэ хөтөлбөрт Засгийн газар онцгойлон анхаарал хандуулж байгаа. Тиймээс Хөдөлмөрийн яам “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-ийг цаашид хэрэгжүүлж, олон иргэдийг ажилтай, орлоготой болгож, эх орныхоо бүтээн байгуулалтыг түүчээлэх учиртай хэмээн Ерөнхий сайд хэлсэн. Олон таатай боломж бүрдүүлсэн тус хөтөлбөрт иргэд ч олноор хамрагдаж, идэвх санаачилгатай оролцож буйг Хөдөлмөрийн биржийнхэн хэлж байв. Өнөөдөр уул уурхайн томоохон орд газрыг тойроод ажлын байр нэмэгдэх болсон. Тиймээс ирэх жилүүдэд уул уурхайн чиглэлээр ажиллах мэргэжилтэй ажилтан хамгийн их хэрэгцээтэй болж буй. Энэ онд зургаан аймгийг Улаанбаатар хоттой авто замаар холбохын зэрэгцээ орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжинэ. Түүнийгээ дагаад сайн арматур зангидагч, өрлөгчин, авто зам барих мэргэжилтэн чухал. Тиймээс ажил хайж байгаа хэн ч гэсэн Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөрийн төв биржид хандан бүртгүүлж, “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр”-т хамрагдаж, цалинтайгаар суралцан мэргэжилтэй болж, ажилтай болох боломж иргэн бүрт нээлттэй байгааг албаныхан хэлж байлаа.