Судлаач Б.Галааридын “Мөнх тэнгэрийн ухаан” лекцэнд олон хүнийг уриалан дуудсандаа харамссангүй. Эцэг өвгөдөөс шүтэж ирсэн бөө мөргөл эргэн сэргэж байна. Төдийлөн нарийн учрыг нь ухаагүй над мэтийн хүнд өгөөжтэй, ухаарууштай мэдээллийг эндээс олж авсандаа олзуурхана. Шүтэн бишрэгчийн хувьд бус аливаа маргаантай зүйлсийн учрыг олохсон гэсэн хүсэлдээ хөтлөгдөн энэхүү лекцийг цаг гарган зорьсон юм. “Мөнх тэнгэрийн ухаан”. Үүнд зөвхөн бөө мөргөл бус дээдсээс захиж, уламжлуулж ирсэн амьдралд хэрэгтэй олон мэдлэгийг багтдаг аж. Жишээ нь гал голомтоо хэрхэн цэвэр ариун байлгах, үр удамдаа ямар ухаан өвлүүлэх, монгол ахуй, хүн байгалийн шүтэлцээний гол тулгуур болох байгалиа дээдлэх, уул усаа ариглах, од гаригсыг ажиглах, тэнгэрт хальсан өвгөдийнхөө сүнсийг хэрхэн амирлуулах гээд жирийн монгол хүн бүрийн ой санамжинд бат хадгалуулах чухал зүйлсийг мэдэж авсан юм.
Суудлууд хэдийнэ дүүрч, зарим нь шатан дээгүүр хүртэл сууж, бельэтаж хүртэл дүүрэн хүнтэй байгааг хараад үнэхээр энэ талын мэдлэг, чин сэтгэлээсээ ард олондоо уншиж судласнаа хүргэх гэсэн мэргэн хүний үг нийгэмд ус агаар мэт хэрэгтэй байгааг мэдэрсэн юм. Үнэхээр буян хийж, зөв мэдээллийг түгээхийг зорьсон хүн боломжтой бүхэнд үгээ хүргэх хамгийн зөв арга замыг эрж хайдгийн нэг жишээ энэ.
Бөө нар мөнгөний сүлжээнд орж, онго угтай хүн бүрийг элсүүлж, бараг сар бүр шавь нараасаа татаас авч буйг Галаарид гуай эрс эсэргүүцэв. “Хэн нэгний үүрсэн ачааг хөнгөлж, дэм тус болох гэж л онго тэнгэрүүд бидэнд буун ирж байдаг. Гэтэл тэр бүхнийг үл хайхран ядсан зүдсэн нэгэндээ улам их ачаа нэмж, сая саяар нь мөнгө нэхэж, татаас авч байгаа улаач нар хожим ирэх үйлийн үрээ яаж үүрч барах вэ? Хүний зовлонг өөрсдийн үр удамдаа мөнгөөр худалдан авч үлдээж байгаагаа ер нь мэдэж баймаар юм” гэж хатуухан хэлж байгаа нь нэгийг бодууштай санагдсан. Ширхэг будаа ч өөрийн үнэтэй байдаг гэлцдэг. Харин хүний хөлсөө урсган цуглуулсан руу шүлсээ үсчүүлэн ганц алтан бөгж ч байсан гайд гаргаж байгаа нэрээр өөртөө завшдаг бөө нэртнүүд дээдсийн сүнсийг хилэгнүүлж байгаа юм болов уу гэж бивээр энэ ярианаас ухаарч суулаа.
Мөн лам нар нь бөөгөө үгүйсгэж, бөө нар нь лам нараа ад үзэж буй энэ хуваагдмал харилцааг ч бас Галаарид гуай буруутгасан. Эцэстээ бүгд л хүнд буян болох нэгэн шугам дээр зогсох хэрнээ зэрэгцэн оршиж чадахгүй байнга талцаж байдаг энэ харилцаа надад ч бас таалагддаггүй. Бөөгийн эс барах үйлийг шарынхан гүйцээж, шарынхан эс барах үйлийг бөө нар гүйцээж дор дороо хүн ардаа эетэй зөв амьдрал руу хөтлөж байх нь зүй юм уу гэж би хувьдаа боддог тул дэмжиж л суулаа. Бас аливаа туйлшрал, хөөрөгдлийг мухар сүсэгтнүүд бий болгож байдгийг дурьдаад авна билээ. Энэ ч бас үнэн үг.
Бид бүгдээрээ энэ орчлонгоос буцахдаа дээд тэнгэрийн мэдэлд очино. Бүх зүйлд өөр өөрийн гэсэн үнэлэмж байдаг шиг энэ амьдралыг төгсгөсний дараа бидний алхаж гишгэсэн бүхэн үнэ цэнээ хэмжүүлэх цаг ирж л таарна. Тэнд очоод буруу хийсэн үйл, буруу санаж шидсэн үг, хэн нэгний хувь заяаг орвонгоор нь эргүүлсэн нүглийн төлөөсөө бид хэрхэн тайлбарлаж, хэрхэн даван туулах вэ? Энэ бүх асуултын хариултыг эрж хайсны эцэст ерөөсөө л энэ амьдралдаа бид цаг үргэлж шалгалт сорилтуудтай тулгарч, түүнийгээ хэрхэн туулж давахаас дараа дараагийн амьдрал, тэнд бидэнд хамаг итгэл найдвараа тавиад харж түшиж байдаг эцэг, өвгөдийн онго сүнсээ баярлуулан гомдоож байдгийг энэ лекцнээс ойлгож авсан юм. Ийм өгөөжтэй, аливаа туйлшралыг нэг чиг мөрт нь болгосон ухаант хүмүүсийн үг та бидний амьдралд үгүйлэгдэх л юм. Чадах чадахаараа бие биедээ өмөг түшиг нь болж явахсан.