1980 онд батлагдсан Шатахуун түгээх станцын стандартаар шатахуун түгээх станц нь орон сууцнаас 20-50 метр, гэр хорооллоос 50-100 метрийн зайтай байрлах ёстой гэж заасан байдаг. Гэвч аль эртний эл стандарт орчин цагийн аяыг даахгүй болсон нь маргашгүй үнэн. Энэ стандарт байтугай шатахуун түгээх станцтай холбоотой хууль дүрэм, журам нь гууль болсныг хотын булан, сөөм газарт чихэлдэн баригдсан замбараагүй олон шатахуун түгээх станц гэрчилнэ.
Өдгөө албан ёсны мэдээллээр нийслэлд шатахуун түгээх 180 гаруй станц үйл ажиллагаагаа явуулдаг гэдэг. Гэвч эрх дарх, сүр хүчээрээ далайлгасан эдгээр станцыг төрийн байгууллагынхан нь бүрэн хянаж байгаа гэдэг нь эргэлзээтэй.
Учир нь, ажлаа аваад удаагүй байсан хотын мэрийн захирамжаар өнгөрсөн онд хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 181 шатахуун түгээх станцын 51-ийг нь шалгахад 22 нь барилга байгууламжаа ашиглалтад хүлээлгэж өгөлгүйгээр 1-11 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулж байсан нь албаныхныг цочирдуулав. Хууль дүрмийнхээ дагуу хэмээн амны уншлага мэт ярьдаг төрийн байгууллагынхны хараа, хяналтын хаагуур нь бултчихсаныг үл мэднэ. Угтаа Барилгын тухай хуулийн 19 дүгээр заалтад “Барьж дуусаагүй, дууссан боловч ашиглалтад хүлээж аваагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэсэн байдаг. Түүнчлэн Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.1 “Зориулалтын бус болон улсын комисс хүлээж аваагүй барилга байгууламжид газрын тосны бүтээгдэхүүн хадгалахыг хориглоно” гэсэн заалт ч бий. Гэвч эдгээр хуулийн заалт тэдний дураараа үйлдлийг тушиж чадаагүй бололтой.
Тэр ч байтугай ашиглалтад хүлээж аваагүй барилга байгууламж битгий хэл орон сууц, сургуулиас 50 метрийн зайтай байх ёстой гэсэн стандартыг ил тодоор зөрчсөн нь 14 дүгээр дунд сургуультай ойрхон “сүндэрлэсэн” “Шунхлай” ХХК-ийн шатахуун түгээх станц. Энэ талаар НМХГ-ын Газрын тос, хийн хяналтын улсын байцаагч Т.Мөнхболд "Зөвшөөрөлгүй газар шатахуун түгээх станц барьж байвал акт бичээд торгодог. Хүлээж авахгүй гэвэл хаалгыг нь лацдан цахилгааныг нь тасалж, үйл ажиллагааг нь бүрэн зогсоодог. Гэвч хэдхэн хоногийн дараа л бидний тавьсан лацыг өөрсдөө аваад үйл ажиллагаагаа явуулж байдаг. Тиймээс манайхаас нийслэлийн Газрын албанд шатахуун түгээх станцын газар олголтод дүрэм журмаа эргэж хараад, аюулгүйн зай хэмжээг нь судалж байж газраа олгохыг анхааруулж, жил бүр албан бичиг явуулдаг. Гэтэл орон сууц, албан газарт, гэр хороололд ойрхон ШТС-ууд бий болсоор байгаа.
Эдгээр газрын ихэнх нь газар олголттой холбоотой буюу аюулгүйн зайн хэмжээ нь алдагдсан байдаг" хэмээн нэгэнтээ ярьж байсан удаатай. Үнэндээ, хянаж шалгах л үүрэгтэй болохоор мэргэжлийн хяналтын байцаагчид гутлынхаа улыг элэгдтэл өдөр болгон очин хууль дүрмээр далайлгаад ч үр дүн гардаггүй бололтой. Угтаа, шатахуун түгээх станц сүндэрлэх эсэхийг хот буюу түүний хэрэгжүүлэгч агентлаг Газрын алба мэддэг болохоор тэр. Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэж буй байгаа болон ирээдүйд сүндэрлэх шатахуун түгээх станцын талаар ямар бодлого баримтлах талаар нийслэлийн Өмчийн харилцааны газрын Кадастрын албаны дарга н.Батчимэгээс тодруулахад “Энэ талаар одоохондоо мэдээлэл алга байна. Зөрчилтэй шатахуун түгээх станцыг хэрхэх талаар ажлын хэсэг гарсан байх” хэмээв.
Ямартай ч, шалгалтад бүдэрсэн том толгойтой шатахуун түгээх станцуудад цочроо өгөх үүднээс Барилгын тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль зөрчсөн аж ахуйн нэгжүүдийг ажлын 21 хоногт багтааж, зөрчлүүдийг нь арилгуулахыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын удирдлагад үүрэг болгосон гэдэг. Гэвч өнөөг хүртэл эл даалгаврын үр дүн гараагүй. Зөрчилтэй шатахуун түгээх станцууд үйл ажиллагаагаа ч явуулсаар...
Магадгүй, шатахуун түгээх станцуудыг цэгцэлнэ гээд тэрбум гаруй төгрөгөөр босгосон хүний хөрөнгийг нураана эсвэл нүүлгэнэ гээд намжирдах хэцүү байж мэднэ. Энэ талаар хотын нэгэн албаны хүн “Сургууль, цэцэрлэг, орон сууц, гэр хорооллын ойр орчимд стандартаа мөрдөлгүй баригдсан шатахуун түгээх станцыг нүүлгэнэ эсвэл нураана гэж байхгүй. Тэгэх дээрээ тулбал нөхөн олговрын асуудал сөхөгдөнө. Хэдий хотоос энд, тэнд замбараагүй баригдсан шатахуун түгээх станцуудыг цэгцэлнэ гэж байгаа ч энэ бол шийдэхэд үнэхээр хэцүү шүү дээ. Одоо байгаа хэдээ л хуульд дүрмэнд нь оруулаад, ирээдүйд баригдахыг нь хот төлөвлөлттэйгээ уялдуулах нь зүйтэй. Өнгөрсөн хугацаанд хэн дуртай нь хаана ч хамаагүй шатахуун түгээх станц барьдаг жишиг тогтсон. Одоо цэгцлэх цаг болсон. Гэхдээ яаж гэдгийг бүү мэд” гэв.
Хотыг сүлжин баригдсан шатахуун түгээх станцыг яаж цэгцлэх вэ хэмээн албаныхан өдрийн бодол, шөнийн зүүд болж буй гэсэн. Магадгүй, 200 гаруй мянган автомашиндаа хэт ихэдсэн 180 гаруй станцыг эхнээс нь цэгцлэх нь үү эсвэл нэгэнт баригдчихсан юм чинь яалтай билээ хэмээн орхих нь уу. Харж л байя даа...