Монголын маань эрдэмтэд дэлхийд гайхуулах бүтээгдэхүүн үйлдвэрлээд байна гэвэл та сонирхох нь дамжиггүй. Энэ талаар Монголын үйлдвэрлэлийн технологийн Шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Д.Баяр юу ярьсныг уншигч танд хүргэе.
-Өндөр технологи гэхээр монголын эрдэмтдээс арай л хол юм шиг санагдах юм. Хамгийн гол нь манайд эрдэм шинжилгээний ажил хийх нөхцөл боломжийн хувьд хэцүү гэдгийг олон эрдэмтнээс сонсч байсан юм байна?
-Монголын эрдэмтэд маань маш их юм хийсэн, хийдэг, хийсээр байгаа шүү дээ. Монголын эрдэмтэд гэвэл арай өргөн ойлголт болчихно. Тэгэхээр өнөөдрийн бид юу хийж чадах вэ, бид юу хийж байгаа вэ гэж л ярья. Эрдэмтэд маань ноолуурыг нано технологиор боловсруулах салбар дээр маш их амжилт гаргаж байгаа. Мөн анагаах ухааны салбарт амжилттай ажиллаж байна. 3D хэмжээс, эмзүй, малын удам судлал гээд маш олон юм шинээр хийж амжилттай туршиж, нэвтрүүлж эхэлсэн. Манай Үйлдвэрлэл технологи шинжлэх ухааны академи маань дэлхий дээр байхгүй цоо шинэ дөрвөн тоног төхөөрөмж гаргаснаа удахгүй зарлахаар бэлтгэж байна. Энэ маань анагаах ухааны салбарт хийсэн эмнэлгийн тоног төхөөрөмж юм.
-Манай уншигчдад энэ тухайгаа тодорхой тайлбарлаж өгөөч?
-Нэгдүгээрт эмнэлгийн тоног төхөөрөмжийг нэг багц төхөөрөмж болгон бүх оношлогоо эмчилгээг хийж болдог юм байна аа гэдгийг бид нээлээ. Хоёрдугаарт, хүний хугарсан ясыг гагнаж болдог юм байна аа гэсэн судалгаагаа бататгалаа. Гуравдугаарт, заавал хүнийг тариурт зүү хийж тарих албагүй юм байна аа, зүүгүй тарьж болох нь гэдгийг мөн хүмүүсийн нойрсолт гэдэг юм дэлхий даяар муудаж байгаа энэ үед нойрыг хэвийн нөхцөлд барьж болох төхөөрөмж бүтээлээ. Энэ бол эмнэлгийн тоног төхөөрөмжөөр Монголын гэх брэнд гарах нөхцөлд бүрдэж байна аа гэсэн үг.
-Ясыг гагнана гэхээр хачирхалтай л санагдаад байна?
-Хүний яс, малын яс ч адилхан маш өндөр давтамжинд хайлдаг. Хайлангуутаа зарцдаг. Бид энэ давтамжийг олж малын ясан дээр бол амжилттай туршсан.Харин хүн дээр туршиж чадаагүй. Учир нь өнөөдрийг хүртэл бидэнд эрхзүйн орчин нь бүрдээгүй байна л даа. Эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэж брэнд болгоход Монголд эрхзүйн орчин байдаггүй. Учир нь, Эрүүл мэндийн яам, Монгол Улсын Засгийн газар, Хууль зүйн яамны хувьд эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэх зөвшөөрөл олгодоггүй. Импортлох зөвшөөрлийг л олгодог . Түүнээс экспортлох юм уу үйлдвэрлэх зөвшөөрөл олгодоггүй. Тиймээс Монгол Улсын төр яаралтай арга хэмжээ авч эрхзүйн зохицуулалт бий болгох цаг нь болжээ. Тэгэхгүй бол жинхэнэ инновацийн бүтээгдэхүүн, шинжлэх ухааны технологи маань эрхзүйн орчноо хүлээсээр байгаад ялзарчих гээд байна.
-Эрдэмтэд маань шинэ бүтээл ийн хийсэн гэдэг үнэхээр бахархалтай. Гэвч үйлдвэрлэх нөхцөл боломж хангалттай биш биз дээ?
-Япон, Герман, Америк, сүүлийн үед Хонгконг Сингапур, Тайвань мэдлэгт суурилсан эдийн засгаараа хөгжиж байна. Маш олон жил инновацидаа түшиглээд хөгжсөн улсууд учраас эрхзүйн орчин нь аль хэдийнэ хөгжчихсөн.Тэнд ямар нэгэн бэрхшээл байдаггүй. Япон дээр жишээ авья л даа. Хэрвээ би Японд ямар нэгэн нээлт хийлээ гэхэд оюуны өмчийн газраас нь хүн ирээд таны энэ бүтээлийг баталгаажуулаад өгье гэдэг. Тэгээд цаашид үйлдвэрлэл явуулах боломжоор нь хангаад өгдөг. Гэтэл монголчууд өөрсдөө л бүх зүйлдээ гүйдэг. Японд бол би зөвхөн лабораторидоо суугаад ажлаа хийнэ, бусдыг нь миний өмнөөс бүхэл бүтэн баг ажиллаад гүйцэтгэчихнэ. Монгол орон маань энэ зарчмаар л ажилладаг болчихмоор байгаа юм.
-За ямар ч байсан судалгаа, туршилтаа хийгээд үйлдвэрлэлд нэвтрүүлье гэхээр та нар чинь аль яаманд харьяалагдаад явах билээ?
-Шинжлэх ухааны академи уу, Боловсролын яам уу эсвэл Эрүүл мэндийн яаманд харьяалагдаж үйлдвэрлэх үү гээд үнэхээр эргэлзээтэй. Эрхзүйн ямар ч зохицуулалт байхгүй. Эрүүл мэндийн яаман дээр очихоор Эдийн засгийн яаман дээр оч гэнэ. Гэтэл тэд бид мэдэхгүй ээ гэнэ. Тиймээс энэ бүтээлийнхээ талаар олон улсын томоохон сэтгүүлүүдэд бичсэн. Америкийн “Шинэ технологи” сэтгүүл дээр гарсан нийтлэлийг уншсан гадныхан танай энэ төхөөрөмжийг үйлдвэрлэхэд хөрөнгө оруулья хамтарч ажиллая гэсэн саналаа ирүүлсэн. Гэтэл Монгол улс маань одоог хүртэл тодорхой хийсэн ажил алга. Жишээ нь, оношилгооны аппаратаа хийчихээд туршилтаар зургаан мянган эмэгтэйд умайн хүзүүний хавдар байгаа эсэхийг дурандаж үзэхэд 50 эмэгтэй хавдартай гарсан. Гэтэл хэрвээ бид тэгж дурандаж үзээгүй бол тэр 50 эмэгтэйн хавдар ямар төвшинд явж байх билээ. Тэгэхээр энэ төрлийн 27 аппарат байгаа. Бид удахгүй танилцуулна. Хэвлэл мэдээллийнхэн, шийдвэр гаргах төвшний хүмүүүсээ урина. Монголын оюуны өмчийн болоод олон улсын оюуны өмчийн байгууллага дэлхий дээр байхгүй төхөөрөмж гэдгийг нь хүлээн зөвшөөрөөд патент олгосон. Оюуны өмчийн бүх хамгаалалтаа хийлгэсэн.
-Та түрүүн тарианы зүүг хэрэглээнээс гаргах болсон талаар ярьсан. Энэ талаар хоёулаа яриагаа үргэлжлүүлье?
-Ер нь дэлхий өнцөг булан бүрт л тарианы зүү гэдгээс татгалзах боломжийг судалж байгаа байх. Гэвч өнөөдрийг хүртэл анагаах ухааны салбар энэ зүйлээс татгалзаагүй. Бид хуванцар эсвэл төмөр эдлэл рүү юу ч хатгалгүй ямар нэг зүйлийг шингээчихэж чаддаг. Диффүзийн үзэгдэл шүү дээ. Тэрийг ашиглаад хүний арьсанд шимэгдүүлэх байдлаар тарих тэр технологийг гаргачихсан. Анагаах ухаанд маш ойрын хугацаанд нэвтрүүлнэ.
-Судалгаа шинжилгээний лабораторын хувьд манайх чанарын өндөр төвшинд хүрч чаддаг гэж үү?
-Материалаг бааз гэхээр юм баг л даа. Эмнэлгийн технологи маань маш өндөрт орно. Сансрын техник, цэрэг дайн, эмнэлгийн технологи гэж ярьдаг. Тэгэхээр иймэрхүү төрлийн лаборатор Монголд байхгүй. Бид өндөр төвшинд судлах шаардлагатай зүйлүүдээ олон улсын хэмжээнд чанарын өндөр төвшинд судлахын тулд Япон, Солонгост очиж судалгаа хийдэг. Сөүл, Токиогийн их сургуулийн технологийн лабораторид ажилладаг.
-Нано технологи гэхээр манайхан нэг л сайн ойлгож өгдөггүй. Та бүхний хувьд энэ технологийг хэрхэн ашиглаж байгаа вэ?
-Нано технологи гэдэг арвын хасах есөн зэрэгт яригдаж байгаа тэр нарийн технологи. Аливаа зүйлийг 100 хувь нано технологиор хийнэ гэж дэлхийн хүн төрөлхтөний түүхэнд байхгүй. Өнөөдөр бид 25-30 хувьд л яаж нано технологи ашиглах вэ гэдэг асуудплыг ярьж байна. Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хувьд оптик линзийн хувьд заавал нано технологи ашиглаж байна. Мөн эмнэлгийн тоног төхөөрөмж цагаан өнгөтэй байдаг. Гэхдээ хоёроос гурван жилийн дараа өнгө нь шарлачихдаг. Энэ шарлах үзэгдлийг үгүй хийхийн тулд гадна талын корпусын будгийг нано технологиор буддаг. Ингэхээр нано технологи дээр суурилсан тоног төхөөрөмж болж байгаа юм. Бид ноолууран дээр нано технологи ашиглан бүрэн боловсруулж чадвал ноолуур маань үрчихийгүй, бөөсрөхгүй, хир болохгүй гэсэн үг. Гэвч энэ маань ноолуураа 100 хувь нано технологиор боловсруулна гэсэн үг биш. Бага зэрэг нано технологи ашиглаад л дэлхийн зах зээлд нано технологитой бүтээгдэхүүн гэж гардаг гэсэн үг.
-Үнийн хувьд жаахан тодруулаач. Манай эмнэлгүүд жишээ нь авч ашиглах боломжтой юу?
-Би ганцхан жишээ хэлье. Монголд өнөөдөр өрхийн эмнэлэг, сум дундын эмнэлэг гээд л яригдаж байна. Сумын эмнэлгийн техник тоног төхөөрөмж гэхээр жин, хөргөгч хоёр л байдаг. Харин өрхийн эмнэлэгт маань чагнуураа барьсан эмч байгаа. Гэтэл өнөөдөр Сингапурын эмнэлэг шиг болгоход 25-30 сая л төгрөг орно. Хэдэн тэрбум биш шүү. Учир нь өнөөдөр бид бүхнийг үйлдвэрлэж эхэлсэн. Бүтээгдэхүүн дэлхийн зах зээлээс асар бага үнэтэй бий болж байгаа юм.
-Яг хэдий хэмжээний өртгөөр гарч байгаа билээ танай төхөөрөмжүүд?
-Өнгөт эхо гэж бидний ярьдаг ганцхан төрлийн төхөөрөмж маань 60-120 мянган ам.долларын үнэтэй байгаа. Харин бид яг энэ төрлийн мөртлөө зүрхний бичлэг, дурантайгаа хавсарсан төхөөрөмжийг 5000-8000 ам.долларын дотор бүтээж байна. Хэрвээ зарах бол 10 мянган ам.доллар болно.
-Түүхий эдийн хувьд тийм хямд байна уу. Яагаад ийм зөрүүтэй байна аа?
-Дэлхий маань глобалчлагдчихсан байна. Үнэндээ япончууд ч гэсэн түүхий эдээ Тайваниас авч байна. Солонгосоос,Германаас авч байна. Дэлхий үйлдвэрлэгчид хаанаас түүхий эд авч байна, бид тэндээс л авч байгаа. Гэхдээ ямар схемээр , ямар зарчмаар ажиллаж байна вэ гэдэг л өөр. Дэлхийн зах зээлд бүтээгдэхүүнээ гаргахын тулд бид давуу талтай байх ёстой. Яагаад гэвэл олон төхөөрөмжийг маш хямд зардлаар бий болгоод нэг төхөөрөмжийн үнээр зарж байгаа юм.
-Хэдэн жилийн судалгаа, туршилтын ачаар энэ бүхнийг бүтээж чадав аа?
-Энэ маань сүүлийн хоёр жилд хийсэн төхөөрөмж ч гэлээ судалгааг нь бид сүүлийн 20 жил хийсэн юм. Гэхдээ яагаад одоо гаргав гэхээр судалгааны шатанд байсан зүйлээ бид зарлах ёсгүй. Хоёрдугаарт, бид хүн дээр ямар нөлөө үзүүлэх вэ гэдгээ маш их судалсан. Харин хариунууд маань good гарсан учраас бид одоо хангалттай ярина, үүнийхээ төлөө тэмцэнэ, дэлхийн брэнд болгохын төлөө явна.
-Дэлхийн зах зээлд гаргахын тулд олон улсад хүлээн зөвшөөрөгдөх ёстой?
-Олон улсын эмнэлгийн тоног төхөөрөмжийн үзэсгэлэн өмнөд Африкт удахгүй болно. Тэнд бид бүтээлээрээ оролцоно.Өндөр шагнал горьдож байгаа шүү. Мэдээж дэлхийн гэхээс илүү Монголын маань зах зээл бий. Япончууд япон хүн л дэлхийн шилдгийн хэрэглэх ёстой гэдэг. Энэ бол япончууд хамгийн сайныг үйлдвэрлэдэг гэж хэлээд байгаа юм. Тэгэхээр бид яагаад энэ зарчмаар ажиллаж болохгүй гэж. Тун удахгүй дэлхийн хамгийн шилдэг тоног төхөөрөмжөөр монголчууд маань эмчлүүлэхийн төлөө л бид ажиллана.