Онцгой байдлын ерөнхий газраас Азийн гамшгийн бэлэн байдлын төвтэй хамтран “Гамшгийн менежмэнтийн бүсийн зөвлөлдөх хорооны 10 дугаар хуралдаан”-ыг Монгол Улсад 2013 оны 03 дугаар сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
Афгинастан, Бангладеш, Бутан, БНХАУ, Вьетнам, Камбож, Малдив, Энэтхэг, Шриланк, Пакистан, Филиппин зэрэг 19 орон, олон улсын 20 гаруй байгууллагын нийт 50 гаруй төлөөлөгч оролцох юм.
Далайд гарцгүй, эх газрын орны газар зүйн онцлог нөхцлөөс шалтгаалан Монгол Улсад олон төрлийн байгалийн болон хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой гамшиг, осол тохиолддог.
Сүүлийн жилүүдэд эдгээр гамшиг, аюулт үэзгдлээс шалтгаалан эдийн засагт учруулах хор нөлөө нэмэгдэж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжилд үзүүлэх сөрөг нөлөө ихэсч байна.
Монгол Улсын Засгийн газраас Мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжлийн цогц бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд үндэсний гамшгийн менежментийн системийг бэхжүүлэх, эдийн засаг, нийгмийн тогтвортой хөгжлийг хангах, хүн амын эмзэг байдлыг бууруулж, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, ард иргэдийг гамшгаас хамгаалах, бэлтгэл, бэлэн байдлыг хангах чадавхийг бэхжүүлэх үйл ажиллагаанд идэвхитэй оролцуулах чиглэлээр олон арга хэмжээг зохион байгуулж байна.
Мөн “Гамшгаас хамгаалах чадавхийг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр 2006-2015” –ийг хэрэгжүүлж, эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, бэлэн байдлыг дээшлүүлэх чиглэлээр гамшгийн менежментийн урт хугацааны стратегийг боловсруулан ажиллаж байна.
Азийн бэлэн байдлын төв ( ADPC) нь 2000 оноос эхлэн Гамшгийн удирдлагын талаархи Бүс нутгийн зөвлөлдөх хороог байгуулж Азийн бүс нутагт үндэсний гамшгийн удирдлагын системийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Засгийн газрын байгууллагуудыг гишүүнээр элсүүлж эхэлсэн билээ.
Энэхүү зөвлөлдөх хорооны гол зорилго нь гамшгийн эрсдлийг бууруулах үйл ажиллагааны стратегийг боловсруулахад зөвлөлдөх механизмыг бий болгох, бүс нутгийн хэмжээний хамтын ажиллагааны хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, Азийн бэлэн байдлын төвийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх юм.
Азийн бэлэн байдлын төвөөс гишүүн орнуудтай хамтран бүс нутгийн зөвлөлдөх хорооны хуралдааныг жил бүр зохион байгуулдаг бөгөөд нэгээс ес дэх хуралдаануудыг Тайланд, Энэтхэг, Бангладеш, Вьетнам, БНХАУ, Шри Ланк, Филиппин, Кампучи улсад зохион байгуулж байжээ.
Зөвлөлдөх хорооны хуралдаан нь гамшгийн эрсдлийн удирдлагыг боловсронгуй болгох, гамшгийн аюулыг бууруулах үйл ажиллагаанд улс төрийн лидерүүдийн оруулах хувь нэмэр, оролцоог нэмэгдүүлэх боломжийг олгодог байна.
Зөвлөлдөх хуралдаанд Ази, Номхон далайн бүсийн 26 улс орны үндэсний гамшгийн удирдлагын байгууллагын 50 гаруй удирдлагаас гадна НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, Азийн бэлэн байдлын төвийн хандивлагч байгууллагууд оролцдог.
Монгол Улс зөвлөлдөх хорооны хуралдааныг өөрийн улсад зохион байгуулснаар гамшгийн удирдлагын салбарт хуримтлуулсан тэргүүн туршлага, сургамж болон байгууллагын үйл ажиллагаанд хэрэгжүүлж буй шинэлэг санаа, хөтөлбөрүүдийн талаархи мэдээллийг харилцан солилцох боломжтой болох юм.
Бүс нутгийн зөвлөлдөх хорооны 9 дүгээр хуралдааныг өөрийн өөрийн оронд зохион байгуулсны хувьд Кампучи Улсын Засгийн газар нь одоогоор хороог тэргүүлж байна.
Харин Монгол Улсын хувьд зөвлөлдөх хорооны 10 хуралдааныг өөрийн оронд зохион байгуулснаар хорооны тэргүүлэгчээр томилогдох юм .