Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ч.Буянбадрах: Дэлхийн аялагчдын талаас илүү хувийг залуучууд эзэлдэг болсон

МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв” -ийн дарга, Аялал жуулчлалын Guide төвийн захирал Ч.Буянбадрах:


Монголын Залуучуудын Холбоо нь бодлого төлөвлөлтөө шинэ түвшинд гарган нийгмийн олон салбарт ажиллаж буй залууcын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, гарц олох зорилготойгоор Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, их дээд сургууль болон коллежууд, гадаадад ажиллаж амьдарч байгаа Монгол Улсын иргэд, байгууллагуудад “Залуучуудын зөвлөл”, “Залуучуудын хороо”-д болон “Залуучуудын төв”-ийг байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд эхнээсээ байгуулагдсан зөвлөл, хороод ажилдаа идэвхтэй ороод байгаа билээ. Энэ ажлын хүрээнд байгуулагд МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв” -ийн дарга, Аялал жуулчлалын Guide төвийн захирал Ч.Буянбадрахтай уулзаж ярилцлаа.

-Та МЗХ-ны дэргэдэх “Залуучуудын Аялал Жуулчлалын Хөгжлийн Төв”-ийн үйл ажиллагаа болон зорилго, чиглэлийн талаар танилцуулахгүй юу?
Дэлхийн аялагчдын талаас илүү хувийг залуучууд эзлэх хандлагатай болсон ба тэднээс дутахааргүйгээр Монголын залуучууд маань эх орныхоо төдийгүй дэлхийн үзэсгэлэнт байгаль, түүхийн дурсгалт газруудаар аялахыг хүсдэг болжээ. Манай хамт олон залуучуудын энэхүү эрэлт, хүсэл зорилгыг нэгтгэн хөгжүүлэхийн төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэх болно. МЗХ хэмээх байгууллага нь 90 жилийн туршид Монголын залуучуудыг хөгжүүлэх, мэдлэг боловсролыг нь дээшлүүлэх, тэдний өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө ажиллаж ирсэн арвин туршлагатай байгууллага. Энэ жилээс эхлэн МЗХ-нд маш бүтээлч, эрч хүчтэй залуус нэгдэн орж хэдхэн сарын дотор олон асуудлуудыг дэвшүүлэн тавьж, аль хэдийнэ залуучуудын дунд, нийгмийн бүхий л давхаргад үйл ажиллагаа нь мэдрэгдээд эхэлчихсэн. Тэрхүү зоригтой, зорилготой алхамуудын нэгийг манай төвийн хамт олон зохион байгуулж, залуучуудынхаа хөгжил дэвшил, эх оронч үзлийг зөв хөгжүүлэх, эх орноороо бахархах сэтгэлийг улам ахиулахад мэдлэг туршлагаа зориулна. Залуучуудын аялал жуулчлалыг хөгжүүлэх үйлс маань үндсэн гурван чиглэлээр өрнөх бөгөөд тур оператор компаниудын дунд нэрлэж заншсан inbound, outbound, domestic гэсэн чиглэлүүдээр ажиллана. Аялал жуулчлалын түгээмэл бүтээгдэхүүнүүдээс аль болох татгалзаж, шинэ маршрут чиглэлийг нээх, нийгмийн асуудлууд руу чиглэсэн зорилго бүхий масс хэлбэрийн аяллуудыг зохион байгуулж, залуучуудын оролцоог идэвхжүүлэх, чөлөөт цагийг нь бүтээлчээр өнгөрүүлэх боломжуудыг улам тэлж ажиллана. Төлөвлөж буй арга хэмжээнүүд маань “Сум, аймаг, хот, хөрш орон, олон улсын залуучууд”-ын хүрээнд зохион байгуулагдах бөгөөд спорт, урлаг, соёл боловсрол, эрүүл мэнд, хоол хүнс, уул уурхай гэх мэт бүхий л чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран хэрэгжигдэх юм. Залуу хүн бүр аялахыг хүсдэг, залуу хүн бүр өөрийгөө таньж мэдэж, сорьж үзэхийг хүсдэг. Төвийн үйл ажиллагааны бүхий л аяллын хөтөлбөрүүд эдгээр зорилт, сорилт руу чиглэж, байгальд ээлтэйгээр, нийгэмд ашиг тустайгаар, залуучуудын амьдралд хөгжил дэвшилтэй, бүтээлч сэтгэлгээтэй байхаар төлөвлөж, сайн үр дүнг зорьж байна. Тун удахгүй бид залуус та бүхэнд хандсан цахим хуудсаараа дамжуулан хөтөлбөрүүдээ танилцуулан санал хүсэлт, шинэ санаа сэдлийг өрнүүлэх юм.  

-Залуучуудын аялал жуулчлалыг inbound, outbound, domestic гэсэн үндсэн гурван чиглэлээр хөгжүүлнэ гэж та дээр дурьдлаа. Энэ талаар тодруулахгүй юу?
Outbound зах зээлийг хөгжүүлэхдээ МЗХ-ны гадаад харилцаан дээр тулгуурлан ажиллах ба дэлхийн улс орнуудад зохион байгуулагддаг олон улсын наадам, урлаг соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүй, бизнес худалдааны нэгдсэн үйл ажиллагаануудад монголын залуучуудыг өргөнөөр оролцуулах, гадаад орны нийгмийн орчин, байгаль экологийн нөхцөлтэй танилцуулахад чиглэгдэх болно. Өөрийн сурч мэргэжиж буй чиглэлээрээ гадаад орнуудад түр хугацааны дадлага хийх, Монгол оронд зайлшгүй хэрэгтэй байгаа ховор мэргэжил, сургалтуудад монголын залуучуудыг сургаж хамруулах нөхцөлийг судалж Их, дээд сургууль, коллежийн орчинтой танилцуулах аялал, дэлхийд хамгийн хурдтай хөгжиж буй жижиг хотуудад залуучуудыг аялуулах, хөрш орнуудын түүхэн дурсгалт газруудтай танилцангаа төгсөлтийн баяраа тэмдэглэн өнгөрүүлэх, байгууллага хамт олноороо амарч аялангаа ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг компани, байгууллагад зочлон танилцах гэх мэт олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх юм.
Inbound буюу гадаадын жуулчдыг урьж аялуулах хүрээнд МЗХ-ны дэргэдэх чиглэлийн хороодуудтай хамтран олон улсын чанартай арга хэмжээнүүдийг санаачлан зохион байгуулж, гадаад орны залуучуудыг тухайн наадам, арга хэмжээнд оролцуулах зорилгоор монгол оронд аялуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, гадаадын зочин багш нар бүхий илтгэл, семинар, симпиозум нээх хөтөлбөр, гадаадын мэргэжилтнүүдийг түр ажлын байранд зуучлах хөтөлбөр, Дорно дахин судлалын чиглэлээр суралцаж буй гадаад оюутнуудад дадлага хийх, судалгаа хийх боломжуудыг нээсэн аялал болон бусад байгаль экологийн бүхий л хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Манай төвийн хамгийн эхний үйл ажиллагаа БНХАУ-ын Коммунист намын залуучуудын холбоотой хамтарсан үйл ажиллагаа байх юм.
Domestic буюу дотоодын аялал жуулчлалын хүрээнд залуучуудын масс хэлбэрийн хээрийн майхант болон явган аялалуудыг байгаль экологийн сургалттай хослуулан зохион байгуулах, түгээмэл бус шинэ маршрутуудыг нээж, тэдгээр байгалийн өв, соёлуудыг хадгалж хамгаалах танин мэдэхүйн аялалууд, ан амьтан, жигүүртэн шувуудтай танилцуулах төрөлжсөн аялалууд, фото зураг авах техник ур чадварын сургалт бүхий байгаль экологийн аяллууд, байгалийн тайз бүхий залуусын урлаг соёлын арга хэмжээ бүхий аялалууд, хүн хүч муутай малчин айлуудад туслах сайн үйлсийн аяллууд, холын зайны олон хоногийн маршруттай бартаат замыг туулж эх оронтойгоо танилцахын сацуу өөрийгөө сорьж турших аяллын хөтөлбөрүүдийг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна. Аймаг орон нутаг дахь МЗХ-ны салбар зөвлөлүүдтэй хамтран хөдөөгийн залуусыг хамарсан бусад бүс нутаг, өөр бусад аймагтай танилцах аялалын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээс гадна хилийн ойролцоох хөрш орны жижиг хотуудаар аялуулах хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ.

-Залуучууд аялалд явж сурснаараа хамгийн түрүүнд ямар давуу талыг олох боломжтой вэ?
Аялал гэдэг аливаа хүнийг маш сонирхолтойгоор бүх зүйлд сургадаг онцгой шидтэй гэж хэлж болно. Байгалийг танин мэднэ, зам харгуйг баримжаалж сурна, зорилгод нийцүүлэн авч явах хоол хүнс, өмсөх хувцсаа сонгож, майхан барьж, фото зураг авч, бичлэг хийж, хээрийн хоол хийж цай кофе найруулж, аялалын багаж хэрэгсэлтэй харьцаж, цаг барьж, өглөө эрт босож, хүмүүстэй харилцаж, үдэлж амрах газраа таньж сурна, төөрсөн бол яахыгаа мэднэ, бэртэж гэмтсэн хэн нэгэнд яаж туслахаа мэддэг болно, хувийн зохион байгуулалтаа сайн хийж чаддаг болно гэх мэтээр аялал хүнийг хүмүүжүүлдэг, бас сургадаг маш энгийн юм шиг хэрнээ том дадлага сургууль юм.

Ярилцсан: Ц.Баянбилэг

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан