Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Н.ГАНТӨМӨР: МЕТРОГООР НЭГ ХҮН 400-600 ТӨГРӨГӨӨР ЗОРЧИНО

 Улаанбаатар хот метротой болно гэж олон жил ярьж байгаа. Харин энэ ажлын бэлтгэл хэрхэн хангагдаж буйг нийслэлийн Засаг даргын Барилга, хот байгуулалт, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөртэй ярилцлаа.

-Нийслэлд метро байгуулах судалгааны ажил  эхэлсэн.  Өнөөд­рийн байдлаар ямар төвшинд явж байна вэ?
-Энэ бол маш том төсөл. Тоо, судалгаанд үндэслэж хэрэгжүүлэх ёстой. Өнгөрсөн 2011 оны есдүгээр сараас 2012 оны наймдугаар сар хүртэл метро байгуулах судалгаа хийсэн. Энэ хүрээнд зохион байгуулах хорооны даргаар Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа, миний бие орлогчоор нь ажилласан. Судалгааны эхний ээлжийн ажил үндсэндээ дууссан. Нийслэлийн хүн ам нэмэгдэхийн хэрээр 2030 он гэхэд нийтийн тээврийн ачаалал одоогийнхоос гурав дахин нэмэгдэнэ гэсэн судалгаа бий. Тэгэхээр замын түгжрэлийг бууруулахын тулд багтаамж сайтай, ирээдүйтэй нийтийн тээврийн хэрэгсэлтэй болох нь зүй ёсоор тулгарч байна.
-Судалгааны эхний үе шат дууссан гэлээ. Тэгэхээр метрог хаанаас хаа хүртэл тавихаар төлөвлөсөн бэ?
-Энхтайваны өргөн чөлөөний  дагуу зүүнээс баруун тийш 17.5 километр метро барина гэж төлөвлөсөн. Хотын төвийн 6.6 километр нь газар доогуур яваад зах руугаа өргөгдсөн буюу ил гүүрэн хэлбэрээр тавигдана. Цаашдаа эргэлтийн өсөлтийг хангахуйц хоёр чиглэл бүхий цахилгаан галт тэрэгний иж бүрдэл систем болох юм.
-Хөрөнгө оруулалтаа хэрхэн шийдэж байгаа вэ?
-Төслийн анхны хөрөнгө оруулалт 1.5 тэрбум ам.доллар байх бөгөөд 1.3 тэрбум нь суурь дэд бүтцийн, 0.2 нь хөдлөх бүрэлдэхүүн буюу худалдан авах үйл ажиллагааны эргэлтийн зардал байхаар тооцсон. Улаанбаатар метро төсөлтэй уялдуулан хот байгуулалтыг хөгжүүлнэ гэсэн үндсэн заалт бий. Метроны өртөөг бусад тээврийн төрөлтэй холбосон зангилаа байгуулан, автобустай хавсарсан тээврийн хосолмол систем бий болгоно. Гол зангилаа бай­гууламж бүхий метроны өртөөнд тулгуурлан хотын дэд тө­вүүдийг байгуулахаар төлөвлөсөн. Газар доогуур явах метроны бай­гууламжинд худал­дааны төв, амарч зугаалах тохь тухтай орчин бүрдүүлнэ. Харин метроны шугам дагуух хуучин барилгыг шинэчлэн барьснаар гэр хорооллыг орон сууцжуулах бодлоготой уялдах юм. Улаанбаатар метро төрийн өмчит компани барилга угсралтын үйл ажиллагаагаа удирдан явуулна. Монгол Улсын Хөгжлийн банк иены зээл гэсэн санхүүгийн хэлбэрээр санхүүжүүлье гэж ажлын хэсгийн хуралдааны үеэр хэлсэн.
-“Улаанбаатар метро” тө­рийн өмчит компанийг хэрхэн байгуулах вэ?
-Япон улсын Ерөнхий сайд энэ сарын 30, 31-нд манай улсад ажлын айлчлал хийнэ. Энэ үеэр метроны төслийг хоёр улсын Засгийн газар албан ёсоор ярина. Төслөө яаж санхүүжүүлэх, өмчийн хэлбэр нь ойлгомжтой болох юм.
-Засгийн газар 900 сая ам.долларыг бонд гаргаж олно гэж төлөвлөсөн байна. Энэ ажил ямар шатанд яваа бол?
-Энэ төсөл маань  Засгийн газраас их хамааралтай. Одоогийн байдлаар 600 сая ам.долларыг Японы Засгийн газар хөнгөлөлттэй зээлээр 40 жилийн хугацаатай, жилийн нэг хувийн хүүтэй өгөх боломжтой гэсэн санал ирж байгаа. Үүнээс 900 орчим сая ам.доллар нь Монголын тал даах хэрэгтэй гэсэн санал анх гарсан. Эдийн засгийн хөгжлийн яаманд сарын өмнө анхны танилцуулга хийх үеэр яригдсан юм. Одоо бол Улаанбаатар метро компаниа яаж байгуулах вэ, эцсийн байдлаар Засгийн газар, УИХ-д танилцуулах уу гэсэн бэлтгэл ажил эхэлнэ. Үүний дараа нийслэлийн Засаг дарга, Эдийн засаг хөгжлийн, Зам тээврийн яамны төлөөлөл оролцсон ажлын хэсэг ажиллах юм.
-Метротой болбол замын хөдөлгөөний ачаалал хэдэн хувиар буурах вэ. Энэ талаар судалгаа хийсэн үү?
-Цаг хугацааны алдагдал багасна. Автобус 45 минут зорчдог байсан газарт 15 минутад хүрэх боломжтой. Төвийн дүүргийн түгжрэл буурна. Хөдөлгөөний ачааллыг 16 хувиар бууруулж зорчих хурдыг 25 хувиар нэмэгдүүлснээр эдийн засгийн эргэлт эрчимтэй нэмэгдэнэ. Нөгөөтэйгүүр, замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжирч, авто замын ослын тоо буурснаар нийгмийн зардал багасна. Харин байгаль орчны талаас агаарын бохирдол буурах юм. Бидний хийсэн судалгаагаар метротой болсноор татварын орлого 2020-2030 онд нийтдээ 233 сая ам.доллар, хүн амын орлогын албан татвар 170 гаруй сая ам.доллар,  үндэсний холбогдох татвар 63 сая ам.доллар хүртэл өснө гэж гарсан.
-Хэчнээн хүнийг ажлын байраар хангах вэ. Манайд шинэ технологи нэвтрүүлэхэд ажиллуулах боловсон хүчин байхгүй гэдэг шүү дээ?
-Японы туннель барих, шил өрөмдлөгийн арга, хүйтэн бүсийн барилга угсралтын тусгай технологи, галт тэрэгний систем удирдлагад Монголын инженерүүдийг сургана. Мөн метроны компанид ажиллах 580 инженер техникийн ажилтанд орчин үеийн технологи зааж сургана.
-Нэг хүн хэдэн төгрөгөөр зорчих бол.  Нийтийн тээврийн автобуснаас  хямд байж чадах  болов уу?
-Тогтвортой үйл ажиллагааны зардал буюу тасалбарын үнийг хоёр хувилбараар хийсэн. 400, 600 төгрөг гэж. Дэд бүтцийн жилийн түрээсийн зардлын нийт хөрөнгө оруулалтын дүнгийн хоёр хувь гэж үзсэн тохиолдолд үнийг 400 төгрөгөөр тогтооход үйл ажиллагаа нь ашиггүй байх болно. Харин тасалбарыг нь 600 төгрөгөөр тогтоовол орлого нь 10 гаруй хувийн хэлбэлзэлтэй үед ашигтай ажиллах боломжтой байна гэж ажлын хэсгийн нарийвчилсан судалгаагаар гарсан. Тасалбарын үнийг үнийн бодлого, төрийн зохицуулалт, төмөр замын тээврийн тухай хуульд нийцүүлэх гэсэн гурван зүйлээр санал тавьж байгаа. Гэхдээ метроын тасалбарын үнийг тусгайлсан сайн ярих хэрэгтэй байгаа. Дээр нь, Төмөр замын тээврийн тухай хуульд зайлшгүй өөрчлөлт орох ёстой.
-2020 онд метротой болно гээд л ярьж байгаа. Яг барилгын ажил нь хэзээ эхлэх юм бэ?
-Эхний ээлжинд 1.6 жилд нь зургийн нарийвчилсан судалгаа хийгээд, үлдсэн хугацаанд нь тендер зарлаж гүйцэтгэгчээ шалгаруулна. Ингээд 2016 оны гуравдугаар сард ажил эхэлж, 2020 оны гуравдугаар сард барилгын ажил дуусч хүлээлгэн өгнө гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Ер нь, судалгаа төлөвлөлт хийсэн тохиолдолд ажлын 50 хувь нь биелж байна гэж ойлгож болно. Төлөвлөлтөө боломжийн хийсэн гэж үзэж байгаа. Одоо Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэхийн хүрээнд уулзалт болно.

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хүмүүс юм хийе гээд ажиллаад төлөвлөөд явж байхад чам мэтийн юмнууд юу ч хийлгүй хийж байгаа хүмүүсийг шүүмжилж суух юмдаа
5 дугаар цахилгаан стаэнц байгуулах газраа олж чадахгүй байж үхсэн баланцагнийх нь метро. Болиоч.
Хүмүүс юм хийе гээд ажиллаад төлөвлөөд явж байхад чам мэтийн юмнууд юу ч хийлгүй хийж байгаа хүмүүсийг шүүмжилж суух юмдаа
Хамгийн их уншсан