Нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны авто машиныг цагийн хязгаарлалттай оролцуулах, түр зөвшөөрөл олгох журмын төслийг НИТХ-ын тэргүүлэгчид баталлаа. Өмнө нь, шуудан, хүнсний хангамжийн зэрэг ачааны автомашиныг ямар зохицуулалтаар хэрхэн хөдөлгөөнд оролцуулах нь тодорхойгүй байна хэмээн буцаагдсан эл журманд зарим нэг өөрчлөлт оруулснаа Замын цагдаагийн газрын дарга, хурандаа Ц.Жаргалсайхан танилцуулсан юм. Тэрээр “НИТХ-ын 2009 оны 153 дугаар тогтоолоор нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд ачааны автомашиныг зохицуулалттайгаар оролцуулах журам баталсан. Эл журмын дагуу хотын зарим хэсгийн замын хөдөлгөөнд оролцох ачааны автомашины түр зөвшөөрлийг Замын цагдаагийн газар олгож ирсэн. Гэвч Засгийн газрын 2013 оны 190 дүгээр тогтоолоор нийслэлийн бүтэц өөрчлөгдөн ННТГ нь нийслэлийн Тээврийн газар болж, хот доторх ачаа тээврийн талаар баримтлах бодлого хэрэгжүүлэхээр болсон. Тиймээс шинэчилсэн журмыг батлах шаардлагатай байна” гэв.
Эл журамд бүх жин нь 3500 кг болон түүнээс дээш жинтэй ачааны автомашиныг “С” ангилал гэж өөрчлөн, чиргүүлтэй автомашиныг “Е “ гэсэн ангиллаар зөвшөөрөл олгоно гэжээ. Түүнчлэн “В” ангиллын ачааны автомашин өдрийн 11:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцохыг хориглосон бол С, СЕ ангиллын ачааныхыг Бага тойруугийн гудамж, зам, Энх тайвны өргөн чөлөө, Чингис, Энэбишийн өргөн чөлөөнд, Сөүлийн гудамжинд, усны гудамжинд 08:00-21:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд нэвтрэхийг шинэчилсэн журамд тусгажээ. Харин цэвэр усны шугам хоолойн, дулааны шугам сүлжээний, холбооны шугам сүлжээний гэмтлийн, хотын зам барилга, засвар, арчлалт хамгаалалт, шуудан зөөврийн гэх мэт ачааны автомашин зайлшгүй хориглосон замд нэвтэрч, хөдөлгөөнд оролцох бол замын болон дагалдах хуудсанд заасан маршрутаар явна гэж тусгажээ.
Энэ журмыг хэрэгжүүлснээр гудамж замын хөдөлгөөний нягтрал, ачааллыг бууруулж, хөдөлгөөний эрчим нэмэгдэхээс гадна замын эвдрэл, гэмтэл багасгахад чухал нөлөө үзүүлнэ гэж албаныхан үзэж байна. Ирэх сарын 1-нээс мөрдөх эл журмын түр зөвшөөрлийн хураамжийг НИТХ-ын ээлжит хуралдаанаар хэлэлцэх юм байна.