Манай улсын ургамлын тосны жилийн хэрэгцээ 25 мянган тонн гаруйд хүрчээ. 2008 онд энэ тоо 13 мянга байсан. Харин нийт хэрэгцээнийхээ ихэнх хувийг ОХУ, БНХАУ-аас хангадаг байв. Өдгөө Монгол Улс дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангахаар шат дараатай бодлого хэрэгжүүлж буй. Одоогоос гурван жилийн өмнө ургамлын тосныхоо дотоодын хэрэгцээг 100 хувь хангахаар Дарханд “Алтан тос” үйлдвэр байгуулсан ч түүхий эдээ ОХУ-аас оруулж ирдэг, манай тариаланчид рапсаа өгдөггүйгээс үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллахгүй байгаа гэнэ.
Уг нь, тус үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллавал жилд 30 мянган тонн ургамлын тос үйлдвэрлэх бололцоотой. Иймээс “Майнэ тэч” ХХК-ийнхан ургамлын тосны гол түүхий эд болох рапсыг тарьж, ургуулахыг тариаланчдад зөвлөж, ХБНГУ-аас үрийг нь оруулж иржээ.
Рапсыг нь 1980-аад оны үед тэжээлийн зориулалтаар сэлгээ болгон тариалж байжээ. Гэвч хөрсөнд халтайн дээр монголчууд төдийлөн хэрэглэдэггүй учир нэг хэсэг тариалаагүй. Ойрын жилүүдэд энэхүү ургамлын үнэ дэлхийн зах зээлд өндөр болсноос манай тариаланчид сонирхон тариалах болсон гэнэ. Рапс нь усалгаагүй нөхцөлд га-гаас 40-50 центнер ургац өгдөг төдийгүй нэг тонн рапсаас 300 орчим лийр ургамлын тос гардаг байна. Манай улсын ургамлын тосны хэрэглээ жил ирэх бүр хурдтай өсч буй. Гэвч ганц ургамлын тосны үйлдвэрт түүхий эд нь хүрэлцэхгүй байхад 2011 онд манайх 13 мянга гаруй тонн рапс урд хөршдөө импортолжээ.
“Майнэ тэч” ХХК Германы гибрип сортын рапсын үр оруулж ирэн ургамлын тосны үйлдвэр барих гэж байгаа гэнэ. Энэ талаар тус компанийн захирал Ц.Ганзоригоос зарим зүйлийг тодрууллаа.
-Рапсын нэг онцлог нь үрээс нь ургацын 50 хувь шалтгаалдаг гэдэг. Танай компани ямар сортын рапсын үр оруулж ирэв?
-Манайх ХБНГУ-ын сортын үрийг Монголд оруулж ирж тарихаар болсон. Дэлхийд нэг номерынх. Намар тарьсан рапсыг нь бид худалдан авна. Рапс шахах үйлдвэр барих юм. Энэ үйлдвэрээс гарсан түүхий эдээ цэвэршүүлээд цэвэр ургамлын тос үйлдвэрлэнэ.
-Үйлдвэр хэзээ, хаана баригдах юм бэ?
-Арванхоёрдугаар сарын 1 гэхэд тосны шахах үйлдвэр ашиглалтад орно. Сэлэнгэ аймгийн Баянгол сум буюу хуучин Баруун хараагийн сангийн аж ахуй байсан газарт барина.
-Хүчин чадлын хувьд?
-Хүчин чадлын хувьд хоногт 100 тонн рапсын үр шахна. Хоногт 100 тонн рапс шахаад дотоодын хэрэгцээнийхээ 80-90 хувийг хангах боломжтой.
-Тариаланчид үрээ хаанаас яаж авах вэ. Үнэ өртгийн хувьд ямар байх бол?
-ҮХААЯ-тай хамтраад ТЭДС-гаар дамжуулан улаанбуудай тараадаг жишгээр л тараана. Тэрнээс биш бид үнэгүй олгохгүй.
-Хэзээнээс олгож эхлэх вэ?
-Тавдугаар сарын дундуур тараана. Харин намар ургацыг нь худалдан авна.
-Рапс тарих нь хөрсөнд халтай. Нэг удаа рапс тарьсан газар дахин ямар ч ургамал ургадаггүй гэдэг. Тиймээс БНХАУ-д энэ ургамлыг тарихыг хориглосон тухай мэдээлэл ч бий?
-Иргэдийн дунд рапс тариалсан газар үржил шимгүй болчихдог гэсэн буруу ойлголт байна. Тийм зүйл байхгүй ээ. Гол нь, газраа улаанбуудай, рапс, уринш гээд таримлын сэлгээнд оруулж байгаа. Хөрсний үржил шимд тийм ч муу нөлөөтэй ургамал биш гэдгийг мэргэжлийн байгууллагууд нотолсон шүү дээ.