Монгол Улсын нийт ард түмэн, түүний дотор Баян-Өлгийчүүд болон эх орны өнцөг булан бүрт амьдарч буй Казах түмэндээ Наурызын баярын мэнд хүргэж, айл өрх, гэр хотлоороо эрүүл энх, аз жаргалтай сайн сайхан амьдрахын өлзийт ерөөлийг өргөн дэвшүүлье.
Казах түмэн өвөг дээдсээсээ уламжлан ирсэн нарны баяр - Наурызын баярыг жил бүрийн гуравдугаар сарын 22-ны өдөр буюу өдөр шөнө тэнцдэг өлзий билэгт өдөр тэмдэглэж, шинэ оны анхны өдрөө ахан дүүс, хотол олноороо учран золгож угтдаг сайхан уламжлалтай. Нэгэн үе мартагдах шахаж байсан Наурызын баяр 1990 оны Ардчилсан хувьсгалтай хамт дахин сэргэж, нийт ард түмнээрээ өргөн дэлгэр тэмдэглэдэг болж байгаа нь ардчиллын гавъяа гэдгийг зориуд тэмдэглэж хэлмээр байна.
Казах түмний эрт дээр үеэс уламжлагдан ирсэн түүх соёл, ёс заншлыг харуулсан гэрүүдийг Сүхбаатарын талбайд барьж нийт ард түмэнд сурталчлан таниулах ажлыг Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөл зохион байгуулж, Наурыз зөвхөн Казах түмний биш нийт ард түмний баяр гэдэг утгаар нь тэмдэглэн өнгөрүүлсэн нь олон түмний сайшаалыг хүртлээ. Тус арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийн биеэр хүрэлцэн очиж баяр хүргэсэн, УИХ-ын дарга З.Энхболд мэндчилгээ дэвшүүлсэн нь Наурызын баярыг улс орон даяар өргөн тэмдэглэж буйн илэрхийлэл билээ. Түүнчлэн Монгол Улсын халуун ам бүлийн нэг хэсэг Казах түмний баярыг угтан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Ч.Сайханбилэг тэргүүтэй төр засгийн төлөөлөгчид Баян-Өлгий аймагт зочилж, Казах түмэнд Наурызын баярын мэндийг хүргэж, айсуй баярынх нь галыг хөгжөөж өгсөн юм. Ийнхүү төр засгийн удирдлагууд анхааралдаа авч, казак түмний зан заншлыг улсын хэмжээнд таниулан сурталчлах ажил хийж байгаа нь сайшаалтай. Өргөн агуулгаар нь авч үзвэл, даяаршлын энэ эрин зуунд төр засгаас нийт монголчуудын эвтэй байхыг бэлгэдсэн алсын хараа энэ биз ээ. Хүрэн бүргэд агссан зоригт эрсийн өлгий нутагт өдийд хаврын урин сэвэлзэж, айсуй баярын дуун ид хадаж байгаад эргэлзэх хэрэг юун.
Өвлийг өнтэй давж, урин хаврыг угтаж буй Наурызын баяр эрч хүчийг авчирдаг хэмээн Казах түмэн бэлгэддэг. Тиймээс энэ жилийн Наурызын баяр мөн ялгаагүй монголын ард түмэнд илүү их эрч хүч, эрүүл энх сайн сайхныг бэлэглэж төвшин сайхан байхыг хүсэн ерөөе.