Хэдэн жилийн өмнө аливаа улс үндэстэн газар нутгийн бүрэн байдлаа нэгдүгээрт тавьж ирсэн бол эдүгээ усны аюулгүй байдлыг онцгойлон анхаардаг болж. Өнөөдөр улс орнууд газрын гадаргын усны хуримтлал бий болгохыг хамгийн чухалд үзэж байна. Ийм ч учраас урсч буй усаа хуримтлуулахаас гадна нүүгээд явж буй үүлийг булаацалдан бороо оруулах болсон. Иймээс ус нэг улс орон, бүс нутгийн асуудал биш дэлхий нийтийн асуудал юм. Үүнийг нотолж, НҮБ энэ оныг Усны жил болгоно гэж зарласан. Энэ бүхэн дэлхийн дулаарал, цаг агаарын өөрчлөлтөөс шалтгаалж, жилд орох хур тунадасны хэмжээ буурсан, дэлхийн цэвэр усны нөөц дундарч байгаатай холбоотой. Нөгөө талаар, уул уурхай, үйлдвэрлэл хүний хүчин зүйл ч ус хомсдоход нөлөөлж буй хэрэг.
Тэгэхээр монголчууд ч гэсэн усаа хайрлах, гамнах горимд шилжих цаг аль хэдийнэ иржээ. Иймээс үйлдвэрлэлд хэрэглэж буй усны үнийг нэмэх тухай Засгийн газар хэлэлцэж байна. Монгол Улс өнөөдөр нэг тонн усыг 150 төгрөгөөр үнэлж ирсэн. Эдүгээ цэвэр усны 29 сав газарт хийсэн экологи, эдийн засгийн үнэлгээнээс хамаараад үйлдвэрлэлд хэрэглэж буй усны үнэ 5-10 дахин нэмэгдэх нь. Харин иргэдийн хэрэглээний усны үнэ нэмэгдэхгүй. Үйлдвэрлэлд хэрэглэсэн усаа дахин ашиглавал тэр хэмжээгээрээ усны төлбөрийн хөнгөлөлт эдлэх юм. Тэгэхээр сүүлийн үед яриад буй саарал ус буюу үйлдвэрлэлд ашигласан усаа дахин ашиглах технологи нутагшуулахад компаниуд уралдах болжээ.
Өнөөдөр усны 29 сав газартаа захиргаа байгуулж байна. Өөрөөр хэлбэл, усны нөөц, хэрэглээгээ мэддэг, бохирдуулсан эздэд нь хариуцлага тооцдог болох нь. Урд нь, ус бохирдуулсан этгээдэд ямар нэг хариуцлага тооцсон удаагүй билээ. Эрх зүйн орчин ч бүрдээгүй байсан юм. Харин одоо Ус бохирдуулсан төлбөрийн тухай хууль батлагдсан. Энэ хууль ирэх сарын 1 гэхэд бүх дүрэм журам нь хэрэгжиж эхэлнэ. Мөн Орхон, Хэрлэн, Туул зэрэг томоохон голд усан сан барих төсөл хэрэгжүүлэх болсон. Энэ бүгдээс үзэхэд Монгол орон усандаа санаа тавих болжээ. Эцэст нь, хэлэхэд, ус амьд бүхнийг тэтгэгч, улс орны хөгжлийн түлхүүр гэдэг. Иймээс монголчууд усаа гамнаж хөгжилд хүрэх цаг ойрхон байна.