Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үнэгүй сургалт, баталгаат ажил, сайхан амьдрал

Хүн амаа тосдохын тулд ажил хийдэг нь амьдралын хууль ажээ. Гэвч ямар ч байгууллага хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа мэргэжил шаарддаг. Харамсалтай нь, дээд боловсрол байтугай дунд сургуулиа арай хийн төгссөн цөөнгүй монгол хүнд тогтмол сайн цалинтай ажилд орно гэдэг тэнгэрийн санаа болж хувирна. Хэчнээн том бэрхшээл байсан ч шийдвэрлэх боломж байдаг нь сайхан, мэргэжилгүй хүнийг сургаад, ажлын байраар баталгаатай хангах боломжийг төр олгоод хэдэн сарын нүүр үзжээ. Ажилгүй иргэдээ амжиргаатай нь найдвартай залгуулах энэ ажил эрчээ аваад, шат ахиулах нэгэн үйл ажиллагаа өчигдөр боллоо. Энэ бол “Мэргэжлийн сургалт таны сонголт” хэмээх нэгдсэн өдөрлөг юм. Өдөрлөг дөрвөн талын оролцогчтой. Үүнд, мэргэжилгүй ажил хайгч, мэргэжил, сургалтын төв, хөдөлмөр зуучлалын төрийн алба, ажил олгогч компани багтана.

Мэдэхгүйгээ мэдээд, хөдөлмөрлөхийг хүссэн ажил хайгч

Дөрвөн цагийн турш үр­гэлжлэх өдөрлөг эхлээд 60 минут өнгөрч байлаа. МҮЭСТО-ны хоёр давхар тан­химаар чихэлдэх хүмүүсийг харвал зах дээр яваа мэт санагдана. Гэхдээ тэд ажилтай болох гарцаа олохын тулд ийнхүү чихэлдэж байгаа нь магтууштай. Тасалгаа бүр эзэнтэй, танилцуулгаа дэлгээд, сонирхсон хү­мүүст дэлгэрэнгүй тайл­бар өгөхөөр хичээх мэр­­гэ­­жилтнүүд мэндчилэн уг­тана. “Мэргэжлийн сургалт таны сонголт” өдөрлөг эхлээд удаагүй байсан ч танхимаар үйлчлүүлэгчийн тоо даруй 300 гаруй болсон байв.“Эгч нь тогоочоор ажил­лаж байгаа. Гэхдээ одоо сур­галтад суух гэсэн юм” гэсээр 50 эргэм насны эмэгтэй олны дундуур зүсэн зүтгэлээ. Хөдөлмөр зуучлалын албаны мэргэжилтэн “Та байгууллагаасаа тодорхойлолт аваад ирвэл хүссэн сургал­тандаа үнэгүй суух боломжтой” хэмээн эелдгээр хариуллаа. Толгой дохиж, ойлгосноо илэрхийлээд өнөөх эмэгтэй бас нэг зүйл лавлав. Манай хүү одоо ажилгүй, яаж ажилд оруулах вэ гэхэд “Юун түрүүнд ажилд орох хүсэлтэй байх хэрэгтэй” гэдгээс яриа эхлэв. Ажилд орох газраа олж уулзаад, мэргэжил эзэмшсэн бол шууд ажилд авна гэсэн гэрээ байгуулах хэрэгтэй гэнэ. Өнөөдөр манай улсад зар сурталчилгааны дөрвөн сонин, 10 орчим вэб сайт тогтмол ажиллаж байгаагийн дотор ажлын зар жинтэй хувийг эзэлдэг. Зөвхөн ажлын байрнаас өөрт таалагдсанаа сонгоод, гэрээгээ хийх ёстой гэнэ. Гэрээгээ аваад дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэст үзүүлбэл зорин ирсэн мэргэжлийнх нь дагуу мэргэжил, сургалтын төвд элсүүлнэ. Түүндээ зургаан сар хүртэлх хугацаагаар суралцаж, сертификат, үнэмлэхээ авах аж. Хугацаагаа дуусгаж, мэдлэг, дадлагаа эзэмшээд, сайн дүнтэй мэргэжилтэн болсон цагтаа урьд нь гэрээ хийсэн компанидаа ажиллахаар явна. Төрийн байгууллагын мэргэжилтний үгийг сонссон тогооч ээж маань талархал илэрхийлээд, танилцуулгаас нь хүүдээ үзүүлнэ гэсээр аваад буцав.

Энэ мэтээр олон хүн ажилгүйчүүдийн эгнээнээс ажилд ороход бэлэн мэргэжилтэй болохоор замдаа гарлаа. Сургалтын хугацаа янз бүр учраас цаад хугацааг зургаан сар хэмээн зааж өгчээ. Тэгэхээр энд цугларсан 300 гаруй хүнээс зарим нь 45 хоногийн дараа гэрээлсэн ажилдаа орох бол зарим нь зургаан сарын турш тууштай суралцаад ажилтайгаа золгоно. Нэгэнт ажилд орохоос өмнө дадлага, сургалтыг сайн хослуулдаг учраас ажил олгогч компани тухайн иргэнийг дадлагажуулах, туршилтаар ажиллуулах гэсэн ойлголт байхгүй. Шууд л хөдөлмөрийн гэрээгээ байгуулж, цалинг нь олгоод эхлэх нь сайхан аж.

Мэдлэг олгоод, ажилд оруулдаг сургалтын төв

“Мэргэжлийн сургалт таны сонголт” өдөрлөгт 72 сургалтын байгууллага элсэгчдээ бүртгэхээр хүрэлцэн иржээ. Өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчилж, ажил хайгчдад үнэгүй сургалт санал болгож байна. Үнэгүй гэ­дэг үнэн шүү. Учир нь, Хө­дөл­мөр эрхлэлтийг дэмжих сангаас иргэдийн сургалтын төлбөрийг гаргаж байгаа аж. Зарим нь томоохон, төсөл, компанийн хөрөнгө оруулалтаар суралцагсдынхаа төлбөрийг олдог гэнэ. Хоёр давхрын шатаар өгсөөд гарч ирвэл өөдөөс “Цахилгаан тээ­вэр” компанийн сургалтын тө­вийн ажилтнууд угтана. Тус төвд автын засварчин, трол­лейбусны жолооч, кондуктор, Д ангиллын жолооч, Д ангилал ахиулах сургалтыг үнэ төл­бөр­гүй олгодог. “Та хичээ, бид сургая” хэ­мээх уриатай төвийнхнийг зорин ирсэн эмэгтэй, нөхрийн хамт тэднээс “байцаалт” авлаа. Хэр удаан сургадаг, эмэгтэй хүн ажиллаж болох эсэх, ца­лин ямар байдаг, хангамж бололцоо, ажлын ачаалал гээд л лавлав. Сургалт 45 хоног, үнэ төлбөргүй, өдрийн хоолтой явагддаг байна. Троллейбусны жолооч уртасгасан цагаар ажилладаг боловч ээлжтэй байдаг учраас харьцангуй ачаалалтай. Эмэгтэй жолооч байвал эрэгтэйгээс илүү болгоомжтой, сайн ажилладаг гэж тайл­бар­лаад сайн ажиллавал сая гаруй төгрөгийн цалин авах боломжтойг дуулгалаа. Нэгэнт Д ангиллын жолоочийн үнэм­лэхтэй, бэлэн ажлын байртай болж байгаа учраас эргээд хариуцлага хүлээх ёстой. Төгсөгч нь Цахилгаан тээвэр компанитай гурван жилийн гэрээ хийдэг гэнэ. Ингэснээр тус компани ч боловсон хүчнээр дутагдахгүй, иргэн ч гурван жилийн амьдралаа баталгаажуулж буй хэрэг.
Жолоочийн ажилд орохоор ирсэн эмэгтэй өөрөө В, С ангилалтай, туршлагатай нэгэн аж. Өнөөдрийн өдөрлөгийг хамаатнаасаа дуулаад, шууд ажилд орно гэсэн зорилго тээн хорооноосоо тодорхойлолтоо хүртэл аваад ирсэн нэгэн байна. “Цахилгаан тээвэр компани”-ийн ажилтан эмэгтэй жолоочтой болох гэж буйдаа баярлан, сургалтад үнэгүй суралцах эрхээ батлуулаад ир хэмээн заавар өглөө. Энэ мэтээр сургалтын төвүүд элсэгчдээ бүртгэнэ. Таны регистрийн дугаар, овгоо бүтнээр нь хэлээрэй, утасны дугаараа гаргацтай бичээрэй гэхчлэн олон асуулт тэр танхимын энд тэндээс дуулдана. Уул уурхай, зам, барилга, хүнс, цагаан идээ, газар тариалан, гар урлал, жолооч, боловсруулах үйлд­вэр, барилгын материа­лын, үйлчилгээний, үсчин гоо сайхны, харилцааны гээд олон янзын мэргэжлийн сур­галтын төв энд цугларчээ. Монгол Улсад 7000 мэргэжил бий гэдэг. Тэгвэл энд цөөнгүй хувь нь “Мэр­гэжлийн сургалт таны сонголт” хэмээх нэрийн дор төвлөрсөн байлаа.

Мэдлэгт хөтөлж, амьдралтай нь залгуулдаг зуучлах төв

Өнөөдрийн байдлаар хө­дөл­мөрийн төв биржийн вэб хуудаснаа идэвхтэй ажил хайж байгаа 46377 ир­гэн бүртгэлтэй байна. МҮЭСТО-нд болсон ээлжит өдөрлөгийг Хөдөлмөрийн яамны харьяа Хөдөлмөр эрх­лэлтийн үйлчилгээний төвөөс зохион байгуулсан юм. Энэ үеэр зургаан дүүргийн хөдөлмөрийн хэлтэс өөрийн үйл ажиллагааг сурталчилж, мэргэжил сургалтын 72 байгууллага хамрагдсан. Мөн нийслэлийн Хөдөлмөрийн газраас ирсэн мэргэжилтэн иргэдэд мэдээлэл түгээлээ. Хэдийгээр өдөрлөгийн хү­рээнд бүх үйлчилгээ нэг дор төвлөрч, үнэгүй сургалтдаа шууд бүртгүүлэх боломж байсан ч өнөөдөр харьяа дүүрэг бүрт тань ийм үйл ажиллагаа үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл “Мэргэжлийн сургалт таны сонголт” өдөрлөгт очиж амжаагүй ч гэлээ дүүргийнхээ хөдөлмөрийн хэлтэст очоод, үнэгүй сургалтын эрх авч болно гэсэн үг. Үнэгүй сургалтын зардлыг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гаргаж байгаа. Үүний тулд ажил олгогч компанийн захиалгаар иргэнийг сургалтад хамруулах аж. Өөрөөр хэлбэл иргэн ажилд орох компаниасаа өөрийн нэр дээр захиалга гар­гуулан, хөдөлмөрийн хэлт­­сээс сургалтын эрхийн бичгээ авна гэж Хөдөлмөр эрх­лэлтийн үйлчилгээний тө­вийн зуучлал хариуцсан мэр­­­­гэ­жилтэн У.Энх­баатар тайлбарлалаа.

Үйл ажиллагааг зохион байгуулж буй Нийслэлийн хөдөлмөрийн газрын ажилгүй иргэний бүртгэл, зуучлал хариуцсан мэргэжилтэн Н.Амарбаясгалангаас зарим асуудлаар тодорхой хариулт хүссэн юм.

-Өдрийн мэнд. Танай байгууллагад ажлын байр­ны захиалга хэр олон байна вэ. Ихэвчлэн ямар ажилтан захиалсан бэ?
-Нийслэлийн хөдөлмөрийн газарт он гарсаар 2000 гаруй ажлын байрны захиалга ирсэн. Худалдаа үйлчилгээ, нярав, рестораны үйлчлэгч, барилгын ажил дийлэнх хувийг эзэлж байгаа.

-Ажил хайгч хэр олон байгаа бол. Тэднийг насны байдлаар нь авч үзвэл?
-Бүртгүүлсэн 2000 гаруй иргэн байгаагаас 1000 гаруйг бид зуучилж ажилтай болгосон. Мөн жирийн иргэд төдийгүй хөгжлийн бэрхшээлтэй хү­мүү­сээ хөдөлмөр эрхлэх болом­жоор хангаж зуучилж байгаа. Захиалагчид нь залуучуудыг ажилд авна гэсэн байдаг. Гэхдээ 45-аас дээш настай хүмүүсийг сургууль, цэцэрлэгт харуул, жижүүрээр ажиллуулах захиалга ирүүлдэг юм.

-Сүүлийн жилүүдэд хө­дөлмөр зуучлалын бай­гуул­лагаар ажилтан авах, ажилд орох нь их болжээ. Үүний ач холбогдол, сайн талыг та дурдахгүй юу?
-Хөдөлмөрийн газарт бай­гуул­лагууд хандах нь эл­бэг болж байна. Ажил ол­гогч нь ирээд боловсон хүч­нээ хайхад нэг дороос харж, сонгоход хялбархан байдаг юм. Харин ажил хайгчийн хувьд хөдөлмөрийн газраар дамжсанаар эргээд ба­талгаатай, найдвартай ажлын байртай болох боломж гэсэн үг. Хувиараа зарлал, мэдээлэл аваад ажилд орсон хүмүүс нийгмийн даатгалаа нөхүүлж чадахгүй эсвэл туршилтын хугацаа нэрээр цалингүй ажил­­лах тохиолдол их гардаг. Тэр ч бүү хэл, цалинг нь өгөх­гүй ажиллуулаад халагдсан хохи­рогч болох нь ч бий. Тэгэхээр манайхаар зуучлуулж, хууль эрх зүйн хүрээнд батал­гаатай ажилтай болох боломжтой.

-“Мэргэжлийн сургалт таны сонголт” өдөрлөгт Нийс­­лэлийн хөдөлмөрийн га­зар ямар үүрэгтэй орол­цож байгаа вэ?
-Бид иргэдэд сургалтын эрхийн бичиг олгож байна. Аж­лын байрандаа хүн мэргэ­жилгүй гээд гологдох нь бий. Тэгвэл ажилд орохоосоо өмнө мэргэжлээ эзэмшчихээд, төгсөнгүүтээ шууд ажлаа хүлээж авах харилцан тохиролцооны шугамаар ажиллах болсон. Эрхийн бичгийг нь бид шуурхай гаргаж өгч байна.

-Хэдий зуучлуулж бай­гаа ч эргээд ажлаасаа гарсан тохиолдол байдаг байх. Шалтгаан нь юунаас болдог гэж та үзэж байна?
-Байгууллага бүхэн 100 хувь асуудлаа шийдсэн байж чаддаггүй шүү дээ. Тиймээс зарим нэг дутагдлыг нь ажил­тан нь тэвчихгүйгээр ор­хиод явах нь бий. Гэхдээ мэргэ­шүүлээд, урамшуулал болон нийгмийн даатгалыг нь сайн өгч байвал ажилтан тэр бүр гараад байхгүй шүү дээ. Бид эргээд судалгаа, хяналт хийгээд үзэхэд 5-7 хоног ажиллачихаад гарчихсан хүмүүс байдаг. Тэд­ний дийлэнх нь хувь хүний араншин, харилцаанаас шалт­гаалсан нь тогтоогдсон.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан