Монгол хүний үнэ цэнэ, хөдөлмөрийн үнэлэмж үнэгүйдэж байна хэмээн ярьцгаадаг. Ялангуяа, уул уурхайн салбарт гадаадын ажилчин 20 сая төгрөгийн цалин авч байхад адилхан боловсрол, мэдлэгтэй монгол залуугийн хөдөлмөрийг сая төгрөгөөр үнэлдэг. Иймээс монгол хүний хөдөлмөрийн үнэлэмжийг хэрхэн дээшлүүлэх талаар Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны зөвлөх Д.Жанцантай ярилцлаа.
-Монгол ажилчдын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлж, цалин хөлсийг нь нэмэгдүүлэх талаар бид юу хийх ёстой юм бэ?
-Төрөөс цалин нэмээд өг гэж гараа хумхин зүгээр суух биш мэргэжилтэй ажилчин бэлтгэдэг сургуулиудын сургалтыг сайжруулан чанартай боловсрол олгосноор тухайн ажилчны хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэнэ шүү дээ. Өнөөдөр хөдөөнөөс ирсэн залуу ямар нэгэн хэмжээгээр ажиллаж бүтээмж гаргаж чадахгүй бол ажил олгогчоос цалин авна гэж байхгүй. Өндөр цалин авъя гэвэл хөдөлмөрийн бүтээмжээ нэмэгдүүлэх шаардлагатай. Ажил олгогчдын хувьд аль болох өндөр цалин өгөх эрмэлзэлтэй байдаг ч ажлын өндөр бүтээмжийг ажилчнаас шаарддаг. Тиймээс өндөр бүтээмжтэй ажилтан бэлтгэдэг системд шилжих хэрэгтэй. Төрийн зүгээс энэ системийг сайжруулснаар ажилчдынх нь бүтээмж дээшлээд ирвэл цалин хөлс аяндаа нэмэгдэнэ.
-Монгол залуучуудыг ажилд хойрго, цаг барьдаггүй гээд цалин бага өгдөг гэдэг?
-Өнөөдөр ур чадвартай мэргэшсэн ажилчдад ажил олгогч сарын хоёр, гурван сая төгрөг өгөх нь харамсалтай биш. Ийм хэмжээний цалинтай олон залуу бий. Гол нь, ажлын бүтээмж муутай, сахилга бат муутай, ажлын байранд архидан согтуурдаг замбараагүй байдал байгаа учраас л ажил олгогчид цалингаа нэмэх нь ховор. Монгол Улс бусад улс оронтай харьцуулахад цалингийн доод хэмжээ нь, дундаж цалин ч бага, муу гэдэг нь үнэн. Нэмэгдүүлэхийн тулд МҮЭХ, МАОЭНХ-ны зүгээс ажиллаж байна.
-Цалин хөлсийг нь нэмэх ямар арга байна вэ?
-Цалин бага байна гэдгийг МҮЭХ, ажилчид яриад ямар ч үр дүнд хүрэхгүй. Үүнийг хэрэгжүүлэх гол арга нь үйлдвэр, аж ахуйн нэгжтэй хамтын гэрээ хийх. Өнөөдөр ажилтан нь 140 мянган төгрөг аваад хоолны мөнгөтэй, мөнгөгүй явж байхад ажил олгогч нь жийп унаад хувийн том хаус бариулаад явж байгаа нь буруу. Энэ талаар ажил олгогч, үйлдвэрчний эвлэл, Засгийн газартай нэгдсэн байр суурьтай байгаа. Баялгийн тэгш хуваарилалт гэдэг энэ л дээ. Ингэж ажиллаж чадсан ажил олгогч одоогийнхоосоо илүү ашигтай ажилладаг. Харин эсрэгээрээ цалин бага бол ажиллах сонирхол байхгүй. Гэхдээ бодит байдалд ажилчиддаа цалин их өгье гэхээр үйлдвэр, аж ахуйн нэгж дампуурах гээд байдаг л даа.
-МҮЭХ-ноос цалингийн доод хэмжээг 196 мянган төгрөг болгох талаар мэдээлсэн. Энэ юу болсон бэ. Эцсийн шийд хэзээ гарах вэ?
-Хэлэлцээр эхлээгүй байна. Үйлдвэрчний эвлэлээс цалин хөлсний доод хэмжээг 196 мянган төгрөгт хүргэнэ гэсэн мэдээллийг өгч байгаа. Ер нь, цалингийн доод хэмжээг зайлшгүй нэмэх шаардлага бий. Гэхдээ яг хэд байхыг гурван талт хэлэлцээрээр шийднэ. Цалингийн доод хэмжээ гэдэг Засгийн газрын үйл ажиллагаатай шууд холбоотой. Амьжиргааны доод түвшин цалингийн доод хэмжээ тэтгэвэр, тэтгэмж, халамжийн тэтгэвэртэй уялддаг учраас Засгийн газраас дундаж тооцоогоо гаргах байх. Ер нь, цалингийн доод хэмжээг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэхэд ажил олгогчдоос нэг их эсэргүүцэхгүй. Учир нь, өнөөдрийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ажил олгогчдын хувьд ажилчиддаа өгөөд байдаггүй. Арай өндөр байгаа. Тиймээс аж ахуйн нэгжийн санхүүд нөлөөлөөд байх зүйл гарахгүй байх.
-Тэгэхээр удахгүй нэмэгдэх нь гэж ойлгож болох уу?
-Орон нутгийн гурав, таван ажилтантай цайны газар, дэлгүүр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг мөрдөх хэцүү л дээ. Тиймээс төрийн зүгээс эдгээр аж ахуйн нэгжийг татвар, нийгмийн даатгал эсвэл ажилчдыг нь сургах зэргээр дэмжлэг үзүүлэх шаарлагатай. Яагаад гэхээр, энэ аж ахуйн нэгжүүд ашиг олохоосоо илүү орон нутагт байгаа хэдэн хүнийг ажлын байраар хангаж, 140 мянган төгрөгөөр цалинжуулан Засгийн газарт дэмжлэг үзүүлж буй. Хэчнээн цалин нь амьдралд хүрэхгүй ч хоосон хонохгүй байгаа нь Засгийн газарт үзүүлж буй дэмжлэг. Гэхдээ ард түмэн удаан хугацаагаар тэвчиж чадахгүй. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч байна, амьдралын хангамж муутай, сэтгэл санаа тайван бус байгаа. Энэ нь, нийгэмд гутранги үзэл, ажилгүйдэл, ядуурал бий болгох нөхцөл болж байна.
-Монголд ажлын байр олдохгүй байхад гадаадаас ажиллах хүч оруулж ирж байгаа нь буруу гэж ярьдаг. Энэ талаар та ямар бодолтой байдаг вэ?
-Гадаадаас ажиллах хүч орж ирж байгааг бид судалж үзсэн. Өнөөдөр зам, барилга дээр өдрийн 30 мянган төгрөг өгье гэхэд хийх хүн олдохгүй байна. Иймээс гадаадаас ажиллах хүч оруулж ирж байгаа юм.