Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эрчүүд ээ, энэ биеэ хайрлая

Манай улсын эрэгтэйчүүдийн дундаж наслалт 64.68 байгаа бол эмэгтэйчүүдийнх 73-76 байна. Үүнээс үзвэл, эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс долоогоос найман насаар богино насалдаг байна. Энэ нь, архи, тамхи их хэмжээгээр хэрэглэдэгтэй холбоотой аж. Тухайлбал, тэдний дунд зүрх судасны тогтолцооны өвчин, осол гэмтэл буюу гадны нөлөөгөөр нас баралтад өртөх нь элбэг болжээ. 2012 онд гаргасан судалгаагаар нас барагсдын 60 гаруй хувь нь эрчүүд байна. Өөрөөр хэлбэл, эрэгтэйчүүд архи хэтрүүлэн хэрэглэж тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодлогоос эмэгтэйчүүдийг бодвол осол гэмтэлд өртөх нь их байдаг аж. Тиймээс эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарах, эрсдэлийг нь бууруулахад чиглэсэн арга хэмжээг төрийн бодлогын төвшинд анхаарах цаг болжээ.
Эр хүн гэдэг хад чулуу шиг өвдөх ч эрхгүй, хэр баргийн юманд гомдож тунирхах ёсгүй гэсэн хандлага нийгэмд бий. Иймдээ ч тэд энэ үгэнд итгэдэг үү эсвэл хайхрамжгүй байдал нь нөлөөлдөг үү өвчнөө хүндрүүлэн эмнэл­гийн тусламж авах тохиолдол олон. Гэтэл улсын хэмжээнд эрэгтэй­чүүдэд зориулсан тусгайлсан эмч болон кабинет гэж байхгүй. Харин хувийн хоёр эмнэлэгт л гарын арван хуруунд багтахааргүй эмч нар эрчүүдийн эрүүл мэндийн төлөө ажиллаж байна.

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Г.Соёл-Эрдэнэ энэ талаар “Манай улсын хүн амын 48 хувь нь эрэгтэй. Ихэнх нь эмэгтэй учир эрэгтэйчүүдийн нийгэмд үзүүлэх оролцоог бууруулдаг. Тэдний оролцоог бууруулах нь нэг талаар эрэгтэйчүүдийн амьдралыг сүйтгэж байна гэсэн үг. Эрчүүд эрүүл мэнддээ анхаарал тавьдаггүйгээс залуугаараа нас барж байгаа харамсалтай тохиолдол олон гардаг. Зүрх, судасны өвчин, осол гэмтлээс гадна халдвараар өвчилж байгаа тохиолдлуудыг үзэхэд эрэгтэйчүүдийн бэлгийн замаар халдах өвчлөл өндөр байна. Тиймээс эрэгтэйчүүд эртхэн эрүүл мэнддээ  анхаарах хэрэгтэй” хэмээн ярьсан юм. Харин эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг хамгаалах талаар юу хийж байгааг Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Я.Амаржаргалаас тодруулахад “Яамны зүгээс эрчүүдийн зан үйлийг бууруулах талаар тусгайлсан хөтөлбөр гаргаж, энэ чиглэлээр сургалт сурталчилгаа явуулах нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Манай улсад эрэгтэйчүүдийн нөхөн үржихүйн чиглэлийн эмнэлэг тун цөөхөн байдаг. Тиймээс Эрүүл мэндийн сайдын тушаалаар аймаг, нийслэлийн бүх шатны эмнэлэгт эрэгтэйчүүдийн кабинет байгуулахаар болсон. Үүнээс гадна Монгол Цэргийн баярыг угтаж “Эрчүүдийн эрүүл мэндийг дэмжих өдөр”-ийг зохион байгуулна. Өнөөдөр “Эрчүүдээ хайрлая” уриан дор эрэгтэйчүүдийн эрүүл мэндийг дэмжих, хамгаалахад чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах юм.  Энэхүү арга хэмжээний хүрээнд УДЭТ-т “Эрчүү­дээ хайрлая” сэдэвт лекц болно. Түүнчлэн Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн байгууллагууд “Эрүүл мэндийн нээлттэй өдөр”-ийг зохион байгуулж, эрэгтэйчүүдийг үзлэг зөвлөгөөнд хамруу­лах ажлыг хийхээр төлөвлөсөн” хэмээв. 

Сүүлийн үед дээрх өвчлө­лөөс гадна эрэгтэй­чүүдийн дунд бухимдал, нойргүйдэл, бэл­гийн амьдралын тааламжгүй байдал зэргээс үүдэн энергийн алдагдалд орох нь ихэсчээ. Ер нь, айл гэрийн ачааг үүрч үргэлжид ямар нэг зүйлд санаа зовох нь хүний биеийн энергийг алдагдуулдаг. Иймдээ ч эрчүүд гэрийнхээ эдийн засаг, ажил, гэр бүлийн тогтвортой байдал гээд олон зүйлийг зохицуулах шаардлагатай байдгаас их дарамтад амьдардаг аж. Харин эмэгтэйчүүдийн хувьд ээждээ, найздаа яриад эсвэл нөхөртөө уурлаад бухимдлаа тайлчихдаг бол эрчүүд тийм биш. Асуудлыг үргэлж дотроо хадгалж явсаар дотоод энергиэ алдахдаа эмэгтэйчүүдээс илүү байдаг гэнэ. Эхнэрийнхээ хатуу үгэнд сэтгэл санаа нь амархан хямардаг. Үүнээс болж архиар бухимдлаа тайлах гэж оролддог гээд ар араасаа хөвөрсөн олон асуудал тэдэнд бий. Эрчүүд залуугаараа зуурдаар нас барах нь нийгэмд олон сөрөг үзэгдэл дагуулсаар байна. Тухайлбал, нэг айл өрхийн амьдралыг авч явж байсан эр хүн залуугаараа цаг бусаар өнгөрөхөд түүний ард, өнчирсөн хүүхэд, гэргий нь үлддэг.

Үнэндээ эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал манай улсад гээгдсэн асуудал.  Мэргэшсэн эмч нар нь цөөхөн тул заримдаа доторын эмч нар ч эрэгтэйчүүдийн эмгэгийг оношлон эмчилж байна гэдэг. Иймээс эрэгтэйчүүдэд зориулсан нийгмийн бодлого, хөтөлбөрүүд хэрэгжүүлэх цаг болжээ Эрүүл мэндийн сайд аа...

0 Сэтгэгдэл
ТИЙМ ШҮҮ
Хамгийн их уншсан