Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Дундаж төвшний хэрэглэгчид биш дээд рүү чиглэсэн үзэсгэлэн


“Орон сууц хот тохи­жилт-2013” үзэсгэлэн гу­рав хоног “Мишээл экспо”-д гар­лаа.  Барилгын улирал эхэлж байгаа учраас үзэсгэлэнг со­нир­хохоор ирэх хүн олон. Ши­нээр баригдаж буй орон сууцаа танилцуулагсад бас дулаан, цахилгаан, цэвэр бохир усны асуудлыг нь бүрэн шийдсэн хаус буюу амины орон сууц барих санал тавих барилгын компани ч цөөнгүй.

 Гэвч үзэсгэлэнг сонирхож ирэгсэд нэг л урамгүй буцаж байгаа нь илт. Үзэсгэлэнд оролцсон бүхий л компанийн танилцуулгыг цуглуулагч шиг л хурааж байсан боловч яг энэ компанид л захиалга өгч болох юм байна гээд зорьсон зорилгынхоо ард гарч чадахгүй л байлаа. Шалгаан нь, мэдээж үнэ. Орон сууцны захиалга авч буй компаниудын үнийн хувьд хамгийн багадаа ам.метр нь нэг сая 450 мянган төгрөг байна. Дундаж нь нэг сая 600 мянгаас нэг сая 800 мянган төгрөг. Ам.метрээр нь тооцоод үзвэл нэг өрөө байр 33 ам.метр гэхээр багадаа 52 сая 800 мянган төгрөг болно. Сая 800 мянгаар тооцвол 59 сая төгрөг болчихно. Гэтэл энэ мөнгийг гаргаад байр авчих хүн цөөн. Банкны зээлээр авна гээд тооцож үзвэл, хамгийн багадаа сарын 1.3 хувийн хүү санал болгоно. 52 сая 800 мянган төгрөгийн зээлийг сарын 1.3 хувийн хүүтэй, урьдчилгаа төлбөрт 20 хувийг нь өгнө гээд тооцоход, 15 жилийн хугацаатай зээлд сард 609 мянган төгрөг сар бүр төлөх нь. Үнэндээ 15 жилийн дараа 109 сая төгрөг төлж байртай болж байгаа юм. Энэ бол хамгийн бага хүүгээр, хамгийн жижиг талбайтай байр авахад хийж болох тооцоо.

Орон сууцны хувьд иймэрхүү байхад хувийн буюу амины орон сууц ч үнэхээр хүндхэн тусч мэдэх үнэ дуулдлаа. Сибирийн дүнзээр барьсан байшинг “Тэлмэн вүүд” компани санал болгож буй. Ам.метр нь 1750 ам.доллар. Энэ бол түлхүүр хүлээж авах нөхцөлтэй байшингийн үнэ. Газар, худаг хоёроо л та өөрөө шийдэх нь. Гэвч 10 ам.метр талбайтай байшин барихгүй нь тодорхой. Ам.метр нь хоёр сая 450 мянган төгрөгөөр байшин бариулна гэдэг энгийн хэрэглэгчийн хувьд “даахгүй яс” гэсэн үг. Багадаа 7х6 хэмжээтэй буюу 42 ам.метртэй байшин бариулахад л 103 сая төгрөгт хүрчих гээд байгаа юм.

Тэгвэл “Шинэст” компани ам.метр нь 2.2 сая төгрөг гэсэн үнийг танд санал болгожээ. Үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдээ мөн л Сибириэс оруулж ирдэг гэж онцолжээ. “Хонка компани”-ийн хувьд Финланд дүнзэн хаусаа ам.метрийг нь 2.2-2.5 сая төгрөгөөр үнэлсэн бол  Канад модон каркасан хаусаа ам.метрийг нь 1-1.6 саяар үнэлжээ. Мэдээж, барилгын салбарынхан маань аль болох өндөр чанар бас түлхүүр хүлээн авах нөхцөлтэйгээр хэмээн амладаг болсон нь нэг давуу тал. Гэвч үнийн хувьд дундаж төвшин гэгч бодлого үндсэндээ үгүй болжээ гэж итгэлтэй хэлэхээс өөр арга алга. Цалингаараа амьдардаг, цалингаасаа жаахан илүүчилж чадвал цааш нь хийдэг бидний хэдэн сэтгүүлчийн хувьд өчигдрийн үзэсгэлэнгээс орон сууц, байшин авна гэдэг саваагүй нохой саранд хуцна гээч болжээ гэхээс өөр яалтай.

 Барилгын салбарын өөр нэг давуу тал нь тоосго өрөөд, шавар зуу­раад хайрга зөөгөөд байшингаа барина гэдэг ойлголтыг үндсэнд нь халжээ. Бидний зуны турш чадан ядан эвлүүлдэг барилгыг 10 хоногт л барьж түлхүүр гар дээр тавьдаг болж. Үнэхээр гадаад засал чимэглэл, дотоод дизайны хувьд Монголын барилгын ком­паниуд өндөр төвшинд хүр­чээ гэж дүгнэж болох нь. Дүнзэн болоод каркасан хаусаас гадна хөөсөнцөр дулаалгатай хэв хашмал бүхий төмөр бетон цутгамал барилга угсралтын системийг Монголд нэвтрүүлснээ “Изораст Мон­гол” компани танилцуулж байх юм.

Төмөр каркасанд бетон биш хөөсөнцөр цутгадаг, хөөсөн­цөр бетонууд нь лего тоглоом шиг хурдан угсарч болдог хэмээн энгийн үгээр тайлбарлаж болно. Гэвч үнийн хувьд тийм ч хямд биш юм. Ам.метр нь 1.4 сая төгрөг орчим. Дотоодын барилга угсралтын компаниас гадна Хятадын болоод Оросын хэд хэдэн компани энэхүү үзэсгэлэнд оролцож байлаа. Сантехник, дулаан, халаалтаа шийдэх хялбар технологиудыг ч компаниуд санал болгожээ. Гэвч үзэсгэлэнгээс гар дүүрэн танилцуулгатай л буцах хүн олон байлаа...

0 Сэтгэгдэл
Ene uzesgelen hzee duusah ym bol?
say ochij uzlee neeh onts yum alga. tgd ch dandaa untee bairnuud bna lee
Хамгийн их уншсан