Нийслэлийн хэмжээнд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажил энэ сарын 1-нээс эхэлсэн.
Энэ ажлын явцын талаар нийслэлийн Татварын газрын Татвар хураалтын хэлтсийн дарга Б.Ганболдоос тодрууллаа.
-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын явц ямар байна вэ. Жолооч нар хэр хамрагдаж байна?
-Жил бүр авто тээврийн хэрэгслийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг зохион байгуулдаг. Өнгөрсөн жилүүдийн хувьд нэгдүгээр сарын 20-ноос эхлэн татвар хурааж эхэлдэг байсан бол энэ онд богино хугацаанд татварт хамруулах зорилгоор гуравдугаар сарын 1-нээс эхэлсэн. Өнөөгийн байдлаар жолооч нар энэ ажилд сайн хамрагдаж байгаа. Хуулийн дагуу зургадугаар сарын 1-ний дотор тээврийн хэрэгслэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд татвараа төлөх учиртай.
-Татвар хурааснаар нийт хэдэн төгрөг замын санд хуримтлагдах ёстой вэ?
-Энэ жилийн хувьд замын санд 16,5 тэрбум төгрөг хуримтлуулах ёстой.
-Авто тээврийн хэрэгслийн албан татварын тухай зарим иргэн төдийлэн сайн ойлголтгүй яваа. Тухайлбал, дугаарын хязгаарлалттайгаар замын хөдөлгөөнд оролцож байгаа юм чинь татвараа дутуу төлж болно гэж ярьдаг?
-Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар бол хөрөнгийн татвар. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх хөрөнгөтөй хүн татвар төлдөг шиг тээврийн хэрэгсэл эзэмшиж байгаа учир татвар төлөх ёстой. Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд авто тээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь татвар төлөгч байна гэж заасан байдаг. Тиймээс тээврийн хэрэгсэл эзэмшигч нь тухайн тээврийн хэрэгслээ ашигладаг, ашигладаггүй, засвартай байсан ч татвараа төлөх ёстой. Энэ татвараас бүрдсэн орлого зөвхөн нийслэлийн авто замын санд төвлөрч, нийслэлийн зам засвар, арчлалтад зарцуулдаг. Авто тээврийн хэрэгслийн албан татвар бол зам ашигласныхаа төлөө төлж байгаа татвар биш. Харин зарим нэвтрүүлэн өнгөрөх товчоогоор гарахад хураадаг 500 төгрөгийн хураамж бол зам ашигласны төлөө өгч байгаа төлбөр. Энэ хоёр ялгаатай зүйл.
-Албан татварын мөнгийг яг юунд зарцуулдаг юм бэ. Жишээ нь, Агаарын төлбөрийн тухай хуулийн дагуу хураасан татвар агаарын бохирдлыг бууруулахад зарцуулагддаг уу?
-Манай улсын томоохон хот сууринд сүүлийн жилүүдэд автомашины тоо эрс нэмэгдэж, Улаанбаатар хотын агаарын бохирдлын 6,3 хувийг автомашин гаргаж байна гэсэн тооцоо байдаг.
Тиймээс агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хөдөлгүүрийнх нь багтаамжаас шалтгаалан төлбөр тогтоодог болсон. Тухайлбал, дизель хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн цилиндрийнх багтаамжаас нь шалтгаалан 1800-9500 төгрөгийн хураамж авдаг. Тэгэхдээ заавал оношилгоонд орох шаардлагагүйгээр татварын нэг цэгийн үйлчилгээнд хандан агаарын бохирдол болон авто тээврийн хэрэгслийн албан татвараа төлнө. Харин бензин хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хувьд бол заавал оношилгоонд орох учиртай.
-Яагаад ялгаатай байна вэ. Орж ирээд удаагүй автомашинтай хүн татвар төлөхгүй байж болно гэсэн. Энэ үнэн үү?
-Яагаад гэвэл, тухайн тээврийн хэрэгслийн агаар бохирдуулж байгаа хувь хэмжээг тогтоодог юм. Тэгээд А, В, С, D гэсэн ангиллаар төлбөрийг нь ялгавартай тогтоодог. Хэрвээ тухайн тээврийн хэрэгсэл оношилгоогоор ороод утаа хаялт нь тогтоосон хувь хэмжээнээс бага бол төлбөрөөс чөлөөлнө. Мөн тухайн тээврийн хэрэгсэл шинэ эсвэл үйлдвэрлэсэн он нь сүүлийн дөрвөн жилийн дотор бол төлбөрөөс чөлөөлдөг юм. Агаарын бохирдлын төлбөр шууд улсын төсвийн агаарын бохирдлын санд төвлөрч, агаарын бохирдлыг бууруулахад зарцуулдаг.