Замын цагдаагийн газраас 2005 оноос хойш тээврийн хэрэгслийн улсын дугаарыг маркаар нь олгож байсан нь дугаарын давхардал үүсгэх хамгийн гол шалтгаан болжээ. Өөрөөр хэлбэл, “Ланд крузер” маркийн автомашинтай иргэн Доржид 11-11 УНҮ гэсэн улсын дугаар өгсөн хэр нь “Марк 2” автомашины эзэмшигч Батад мөн адил дугаар өгөх жишээтэй. Энэ байдал газар авсаар 2011 оны байдлаар улсын хэмжээнд нийт 3111 улсын дугаар давхардсан байна гэх судалгаа гаргасан байдаг. Нэг дугаарыг маркаас нь хамааран хэдэн ч автомашинд өгч байсан эл үйлдлээс үүдэн автомашины дугаарын бизнес цэцэглэн хөгжиж хүчээ аван азын гэх тодотголтой дугаарыг дамлан хэдэн сая төгрөгөөр зарах болоод байсан билээ. Бүр Авто тээврийн газар болон Замын цагдаагийн газарт дугаарын бизнес эрхэлдэг бүлэглэл үүссэн гэх яриа ч бий. Гэмт хүн гэлбэлзэнэ гэгчээр Замын цагдаагийн газраас дугаарын давхардлыг арилгах зорилгоор үе шаттай арга хэмжээ авч ажиллаж буй ч ижил серитэй дугаар олон байгаа учраас байсхийгээд маргаан гарч байна. Гэхдээ 2011 оныхтой харьцуулахад дугаарын давхардал харьцангуй багассан төдийгүй одоо Зам тээврийн яаманд бүртгэлгүй хэр нь улсын дугаартай автомашиныг шалгах ажил үргэлжилж байгаа билээ. Нөгөөтэйгүүр автомашины дугаар үйлдвэрлэдэг 16 компани байдаг.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 554 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 373 гаруй мянга нь татвараа төлж, мөн 386 мянга гаруй нь оношлогоонд хамрагджээ. Эдний 69 хувь нийслэлд замын хөдөлгөөнд оролцож, өдөрт 150-300 орчим автомашин шинээр бүртгүүлдэг байна. Харин үлдсэн 180 орчим мянган тээврийн хэрэгсэл олдохгүй байсан аж. Зам тээврийн яамнаас үүнийг судалтал ЗХУ-д үйлдвэрлэсэн ашиглахаа больсон УАЗ-67, 69, ГАЗ, М1 вольго зэрэг машин байсан бөгөөд өнөөг хүртэл улсын бүртгэлээс ямар ч хасалт хийгдээгүй байжээ. Уг нь, үүнийг хуулиар зохицуулсан байдаг. Өөрөөр хэлбэл, иргэн, аж ахуйн нэгж автомашинаа улсын дугаараас хасалт хийлгэх гэж байгаа бол сарын дотор ирж тээврийн хэрэгслийн дугаараа хураалгах ёстой гэсэн. Үүнийг хийлгэх ганц арга нь эдийн засгийн хөшүүрэг буюу татвар төлөлттэй холбоотой байсан ч өнөөг хүртэл арга хэмжээ авалгүй явж иржээ. Энэ нь нөгөөтэйгүүр дугаарын давхардал үүсгэх бас нэгэн шалтгаан болсон гэх. Тиймээс энэ бүхнийг шийдэх цогц бодлогыг Зам тээврийн яамнаас боловсруулж эхэлжээ. Энэ нь улсын дугаарын стандартыг солих явдал гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд байгаа бүх автомашины бүртгэлийг бүхэлд нь сольж, цаашид хаана хаанаа уялдаа холбоотой ажиллах гэнэ. Улсын дугаарыг сольсноор манай улсад байнгын замын хөдөлгөөнд оролцдог 380 гаруй мянган тээврийн хэрэгсэл нэг стандарттай болох аж. Тооны дугаарлалт стандарттай нийцдэггүй учир улсын хэмжээнд нэг стандарттай болсноор аймаг орон нутгийн тээврийн хэрэгслийн ялгаа гэж байхгүй болох гэнэ. Нөгөөтэйгүүр Ази Номхон далайн орнуудад тээврийн хэрэгслийн дугаарыг машинтай нь лацаддаг юм байна. Тухайн автомашины дугаарыг эвдэхгүйгээр авах ямар ч боломж байхгүй болно гэсэн үг. Хэрэв улсын дугаарыг бүхлээр нь солин ийм жишиг тогтвол нийслэлд хэрэгжүүлж буй дугаарын сүүлийн орноос хамааран автомашины хязгаарлалт хийж замын хөдөлгөөнд оролцуулж буй ажилд ч тус дэм болох давуу талтай гэсэн. Бидэн шиг байнгын шилжилт хөдөлгөөн ихтэй улсад тээврийн хэрэгслийн дугаарыг нь лацадчихвал төлбөр мөнгөний асуудал тодорхой хэмжээгээр яригдах ч улсын хэмжээнд нэг стандарттай болж, нэг машин нэг дугаар гэсэн зарчим үйлчилнэ. Одоохондоо үүнээс өөр гарц алга байхгүй байгаа холбогдох албаныхан хэлж байсан.