Манайд урд хөрш БНХАУ-ын тэргүүлэгчээр сонгогдсон Ши Жиньпин хамгийн анхны олон улсын уулзалтаа ОХУ-д хийхээр боллоо. Цагтаа Дэн Сяопин Хятадын тэргүүлэгч болохдоо далайн чанадад байдаг нэг улс руу айлчилж, урд хөршийн стратегийн сонирхол хаашаа явах ёстой вэ гэдгийг илэрхийлэн ковбой малгайгаар гоёж байсан билээ. Дэн Сяопийн ийнхүү Өрнөд гэсэн ерөнхий нэрээр нэрлэсэн улс төр, нийгэм, эдийн засгийн асар их нөлөөтэй, том газар нутагтай, олон талай, тивийг алгассан хүчин нь цаашдаа стратегийн гол түнш байх болно гэдгийг дэлхийн нийтэд зарласан. Энэ бодлогын хүчинд өнөөдөр Өрнөдийн ертөнц хямд үнийн хойноос хөөцөлдөн хамаг том үйлдвэрүүдээ Хятадад байгуулж, олон сая ажилчдын хямд хөдөлмөрийг ашиглан асар их хэмжээний ашиг олсон гэдэг. Үүний хүчинд манай урд хөрш Өрнөдийн хамгийн шинэ биш юм гэхэд ямар ч байсан хуучинд тооцогдохгүй олон технологи, үйлдвэрийг өөрийн болгон эзэмшиж, олон сая хүн нь тогтмол ажилтай болсон. Ямар технологи ашигласан юм бэ гэсэн асуулт гарч ирэх нь зүйн хэрэг. Наад зах нь “Iphone”-ийн үйлдвэрүүд байна. Олон жилийн турш чимээгүй байсан ажилчид улс, эх орон нь хүчирхэг болохын хэрээр цалин хөлсөө нэмэгдүүлэх, ажлын нөхцөлөө сайжруулах талаар ямар их шаардлага тавьж, ажил хаялт зарлаж байсныг уншигч та санаж байгаа байх.
Тэгвэл энэ удаад Ши Жиньпин эхний уулзалтаа хойд зүгт хийхээр болсон нь ямар учиртай вэ. Оросоос зэвсэглэлийн технолог л авахгүй бол аваад байх юм уг нь баймааргүй юм. БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Кецян хэлсэн үгэндээ “Орос ба Хятад улс хоорондын практик хамтын ажиллагааг хөгжүүлэх, орон нутгийн ба олон улсын салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэх нь хоёр талын харьцааг улам бэхжүүлэх нөлөөтэй төдийгүй дэлхий дахин ба бүс нутгийн энх тайвнаар оршин тогтноход чухал ач холбогдолтой” гэжээ. Цаашлаад “Удахгүй тэргүүлэгч Ши Жиньпин Орос улсад айлчилна. Тэгэхээр энэ айлчлал Орос ба Хятадын харилцааг ямар чухал болохыг харуулж байгаа юм” гэжээ.
Манай урд ба хойд хөрш энэ мэтээр дотносоод ирэхээр л манай улс их бага ямар нэг хэмжээгээр хохирол амсдаг гэдгийг түүхэн олон жишээ харуулж байгаа юм. Наад зах нь 1911 эрх чөлөөний төлөөх хувьсгалын үр дүнг гурван улсын нэртэй илт дээрлэхсэн хэлэлцээр хийж үгүй болгоод яасныг та санаж л байгаа байх. Манай улс тусгаар тогтнолоо алдаж өөртөө засах орон буюу автономит байдалтай болсон билээ. Манай улсыг тухайн үед ийм байдалд болгоход мөхөж байсан Манж Чин гүрэн ба Оросын хаант улс, залгаад Хятадын шинээр гарч ирсэн эрх баригчдын хооронд байгуулагдсан олон тооны нууц хэлэлцээр шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн билээ.
Харинэ энэ удаад яах бол.
Шинээр тавих төмөр зам, уран, нүүрсний том орд, зэсийн үйлдвэр гээд бүх том төслүүдийг энэ хоёр их гүрний оролцоогүйгээр бид хөгжүүлэх, явуулах боломжгүй юм. Энэ хоёр улс зуу гаруй жилийн өмнө байгуулж байсантай адил гэрээг ахиад байгуулахаар болвол бид яах вэ.Тэртээ тэргүй бид урд хөршөөсөө дэндүү их хамааралтай болчихоод байгаа. Манай хойд тал ураныг нь хамтарч ашиглаж байвал “бусад нь танай мэдва” гээд орхивол юу болох вэ? Манай гадаад яамдын удирддлага энэ талаар удахгүй зохих төвшинд, чанартай мэдэгдэл, тайлбар хийнэ гэж найдаас өөр арга байхгүй болж.