Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ЦУСНЫ НӨӨЦ САЙН ДУРЫНХНЫ ЗҮТГЭЛ ДЭЭР ТОГТОЖ БАЙНА

Нийгмийн сайн сайхан, бусдын эрүүл мэндийн төлөө цаг заваа зориулж, сэтгэл зовниж байдаг хүмүүстэй бид өдөр бүр таараад байдаггүй. Тэд бол сайн дурынхан юм. Улаан өнгийн хантаазаар ижилссэн олон хүн СУИС-ын өмнөх талбайд, амралтын өдрийн өглөө эртлэн цугларчээ. Бүгдээрээ “Амьдрал бэлэглэх өдөрлөг”-т оролцож, цусаа хандивлах донор аж. Бусдыгаа хүлээж, өөрсдийн үйл ажиллагаа, дүн байдлыг хэлэлцээд Цус судлалын үндэсний төвд очихоор тохиролцсон гэнэ. “Амьдрал бэлэглэх өдөрлөг”-т нийтдээ 70 гаруй хүн хамрагдлаа. Амь нас нь дээсэн дөрөөн дээр тулж ирсэн гурван хүний амьдралыг ганцхан хүний хандивласан цусаар аварч болно. Тэгэхээр хэн нэгэн хүний сэтгэл, чин зориг ямар ч байсан хүмүүний хорвоогоос гурван амь тэнгэрт буцахаас сэргийлсэн гэдэгт эргэлзэх хэрэггүй.

Бусдын амийг аврахаар цугласан хүмүүсийн дунд нас насны хүмүүс байлаа. Олонх нь анх удаа цус хандивлагч залуус, оюутнууд. Харин ахмад настай 8-9 хүн байсан нь хүндэт донорууд ажээ. Үйл ажиллагааны зохион байгуулагчаас тодруулахад тэд нийтдээ 50-60 удаа цус хандивласан гэж хэллээ. Цусны төвийнхний талархал төрүүлж, хүндэтгэл хүлээсэн энэ эмэгтэйчүүдийн амьдралын сүүлийн хагас нь донор хэмээх нэр алдартай холбогддог аж. Харин залуус цусаа өгөөд гартаа жижиг хөвөнгөөр даруулсан боолтоо харангаа, цай ууж сэтгэгдлээ хуваалцана. “Яах ч үгүй байна”, “Зүгээр л байдаг юм байна”, “Ерөөсөө өвдөөгүй” гэж ярих нь ирэхээсээ өмнө бага зэргийн айдастай байсан нь мэдрэгдэж байв. Үнэндээ тариулахаас айдаг байсан хүүхэд наснаа үдээд удаагүй байгаа залуусын дунд зүү, цуснаас зүрхшээдэг зан нь тавигдаагүй байна гэж эмч нар ярилаа. Гэхдээ энэ хүмүүс бүгд баатар мөн хэмээн үгээ дуусгалаа. Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийн хананд дээрх үгтэй зурагт хуудаснууд наажээ. Мөн “Хэн нэгний цус надад АМЬДРАЛ бэлэглэсэн.

Тэр хүн та биш биз?” гэх үгтэй, инээмсэглэсэн хөөрхөн охины зурагт хуудас ч олон байв. Зураг дээрх охины хажууд, цагаан талбарт нь чин сэтгэлийн талархлын үг зайгүй болтол нь бичиж дүүргэжээ. Тийм ч учраас ийм зурагт хуудас маш олон байсан биз. Төдий хэрээр амьдралаа хэн нэгний өгсөн цусаар сэлбүүлж, үргэлжлүүлж яваа хүмүүс зорин ирж талархдаг биз ээ.

Цусаа бэлэглэхээр ирсэн хүмүүст хамгийн их таалагдаж буй зүйл нь амь нас аврахад өөрийн эд эсээр тусалж буй явдал. Төрөхийн хүндрэлтэй тулгарсан ээж бүсгүй, төмөр орон дээр чарлаж байгаа бяцхан хүүхэд, золгүй явдлаар гэмтэж, эмнэлэгт хүргэгдсэн өвчтөн гээд цус дутагдсан хэнд ч эдгээр залуугийн эр зориг тусална. Гэхдээ тэдний дунд цөөнгүй шаардлага тавьдаг аж. Урьд өдөр нь архи, тамхи, согтууруулах ундаа, шарж, хайрсан хоол хүнс хэрэглээгүй байх ёстой. Эс тэгвэл амь аврах үйл хэрэг нуран унана. Мөн хүний томуу өвчний халдваргүй, удаан эдгэрдэг халдварт өвчин тусаагүй байх ёстой. Нэг үгээр хэлбэл, эрүүл чийрэг биетэй байхыг шаарддаг. Үүнээс гадна биеийн жин 45 кг-аас илүү байсан цагт таныг цусны донорт оруулна. Мөн нас нь 17-60 хооронд байх ёстой. Эс тэгвэл бусдад туслах гэсэн сэтгэл байвч өөрийнх нь биед хүндрэл учруулж болзошгүй. Эрхэм уншигч та яг одоо өвчин тусаагүй, нас, биеийн жин тохирч байгаа бол цусаа хандивлах тухай эргэцүүлж үзэхийг зөвлөе. Учир нь ЦССҮТ-д ирснээр бусдын амь насыг аврахад бодитоор хувь нэмрээ оруулахаас гадна өөртөө ч ашигтай мэдээллийг авч болно. Тухайлбал, юун түрүүн та цусны бүлгээ тодорхойлуулж, мэдэх юм. Дараа нь таны цусыг хамгийн сүүлийн үеийн төхөөрөмжөөр богино хугацаанд шинжилж ямар нэг өвчтэй эсэхийг тодорхойлно. Үүнд, хүний дархлал хомсдолын вирус/ХДХВ/, гепатитын В ба С вирус, тэмбүүгийн нян байгаа эсэхийг илрүүлдэг. Цусаа тогтмол хандивлаж, сэлбэж байвал эд эс шинээр сэргэж, эрүүл мэндэд ихээхэн ач холбогдолтой гэнэ. Үүнийг нотлох хүмүүс нь хүндэт донорууд. 50 нас гарсан хэдий ч царай зүс, тамир тэнхээ, хөдөлгөөн нь залуусаас дутахгүй байгаа нь анзаарагдана.

Мөн цусны талаарх буруу ойлголтоо ч тэнд ажиллаж буй эмч нараас тодруулж, мэдлэг авч болох юм. Хилийн чанад дахь улс орнуудад хүн амын гурван хувь нь цус хандивлагч, донор байвал цусны төв нөөцөөр дутагдахгүй гэж үздэг байна. Монголын донорууд хүн амынхаа 0.8 хувийг л эзэлж байгаа нь харамсалтай. Тийм ч учраас өдөр бүр яаралтай үед цус дутагдах хүндрэл гарах нь цөөнгүй. Гэсэн хэдий ч ЦССҮТ-өөс нөөцөө нэмэгдүүлэх ажлыг тасралтгүй үргэлжлүүлж байдаг. Төв байранд өдөрт 30-40 хүн цусаа өгөхөөр ирдэг гэнэ. Харин явуулын төвөөр дамжуулж өдөрт 100 орчим хүнээс цус авдаг ажээ. Насанд хүрсэн хүнд 4-5 литр цус байдаг. Донороос 350-400 орчим мл хэмжээтэй цус авдаг гэнэ. Гэтэл хүмүүс маш их цус авдаг гэх ойлголттой байдаг нь хэмжээнээс хамаардаг аж. Хэрэглэхэд бэлэн ууттай цусны ердөө хагас нь цус байдаг бол үлдсэн нь тусгай шингэн гэнэ. Цусыг бүлэгнүүлэхгүй хадгалах зориулалттай шингэнгүй бол хэн нэгний цусыг зөөж, шилжүүлж болохооргүй байжээ. Гэтэл нийт хэмжээг нь харсан хүмүүс надаас ийм их цус авчихлаа гэж андуурдаг талтай.

Үүнээс гадна бас нэг эндүү ойлголт байдаг нь цусны бүлэгтэй холбоотой. Хүмүүс хоорондоо сайн цус, муу цус хэмээн дөрвөн бүлгийг дарааллуулах нь бий. Гэтэл үнэндээ таны амьдралыг өнөө хүртэл хангаж буй, хүний амь аврахад зориулагдаж буй цус бүхэн гайхалтай сайн гэдгийг ойлгох хэрэгтэй. Аль ч нийгмийн 40 хувь нь О, 31 хувь нь В, 22 хувь нь А бүлгийн цустай. Хамгийн муу гэж ад үзэгдэх нь холгүй байдаг АВ бүлэг нь нийгмийн долоон хувь орчмыг эзэлдэг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, “ТВ коктейль” хамтлагийн жүжигчин Цоомоо буюу Э.Цолмонбаяр АВ бүлгийн цустай. Жүжигчин Цоомоо “Би өөрийгөө муу цустай гэж бодож байтал хамгийн ховор цустай юм байна” гэж дуу алдаж байсан гэнэ.

Цусны доноруудыг баатар хэмээдэг нь учиртай. Юун түрүүн тэд хүний амийг аварч, тэдний гэр бүл хагацал үзэхээс хамгаалсан. Үүнийгээ олон жил давтаж бусдад үлгэр дуурайл үзүүлж, нийгэмд эерэгээр нөлөөлсөн. Хамгийн том гавьяа нь цусаараа монголчуудаа аварч буй бодит үйл хэрэг юм. Улс төр, даргын суудлын төлөө уйлж, өлсөж суугаа “эх оронч” хүмүүсийн дэргэд тэд энх цагийн жинхэнэ эх орончид ажээ. Хувиа бодож, хойш суугаагүй тэд хэчнээн хүний аминд орж, амьсгалыг таслалгүй авч явааг одоо тоолж барамгүй. Эмэгтэйчүүд өнөөдөр донор болсон бол гурван сарын дараа дахин цусаа бэлэглэхийг зөвшөөрдөг. Харин эрчүүд хоёр сарын давтамжтай байж болно. Тэгвэл 50 гаруй удаа цусаа бэлэглэсэн хүндэт донор эмэгтэйчүүд сүүлийн 20 шахам жил цусаараа монголчуудаа хамгаалж яваа хэрэг.

Эрүүл биетэй хэдий ч цус багадах төдийд ямар байдгийг цөөнгүй хүн мэдэрдэг биз ээ. Сайн үйлсэд зориулж бэлэглэж буй цуснаас болж та ийм зовлонд унахгүй. Учир нь тэд туршлагатай, танд яаж туслахаа мэднэ, заавар зөвлөгөөг ч хангалттай өгнө. Өнөөдөр дэлхий дахинд цус дутагдсанаас болж 500 мянга гаруй хүн амь насаа алдаж байгаа. Гурван хүн тутмын нэг нь цусаа хандивлагч байхад Монголд энэ тоо 800 тутамд нэг. Өөрөөр хэлбэл, 2.7 сая хүний дотор 19 мянга орчим донор байгаа гэсэн үг. Ганц хүний сайн дураараа өгч буй цус нь 799 хүнд тохиолдож болзошгүй эрсдэл, гэмтэл, золгүй явдлаас амь нас аврахад зарцуулагдана гэсэн үг юм. Ийм л нөхцөлд Цус сэлбэлт, судлалын үндэсний төвийнхөн ажиллаж, хүнд хэцүү цагт цусаар гачигдахгүйн төлөө чармайн ажиллаж байна. Харин 19 мянган сайн дурын донорууд 2-3 сар тутамдаа цусаа бэлэглэж, тэднийг дэмжиж байгаа юм. Ойр дотны хэн нэгний амь нас дээсэн дөрөөн дээр ирэхэд цусаа хандивлая гэхэд цаг алдвал хэчнээн харамсалтай вэ. Цусны донор болцгооё гэж Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүртэл уриалсныг санацгаая.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан