Нэгдсэн Үндэсний байгууллагын Хөгжлийн Хөтөлбөр нь энэ жилийн Хүний хөгжлийн талаарх илтгэлийг нийтэлсэн нь ихээхэн дуулиан тариад байна. Манай улс энэ жагсаалтад 108 дугаар байр эзэлжээ. Энэхүү жагсаалтад орсон дэлхийн 186 орноос 108 дугаар байрт шүү. Дундаас бага зэрэг доогуур шатанд нь багтсан байна. Манай урд хөрш бас энэ төвшинд явж байна. Энэ бол ерөнхийдөө хүний хөгжлийн индексээр дэлхийд алтан дундаж барьж яваа улсуудын жагсаалтад орсон гэсэн үг. Гэхдээ нэг юм байна. Израйлиас бүрэн хамааралтай Палестиний өөртөө засах улс манай яг ард оржээ. Гэтэл бидний өмнө, өнгөрсөн жилүүдээсээ олон шатаар ахиж, 91дүгээр байранд орсон Колумби улсын талаар маргаж болох юм. Хүний хөгжлийн индекс энэ тэр гээд яриад байгаа Колумби нь байнгын иргэний дайны байдалтай, хар тамхины ургамал тариалан боловсруулж, дэлхийн нийтэд нийлүүлдгээрээ алдартай. Дээр нь хувьсгалт босогчид нэртэй бүлэглэлүүд нь хар тамхиных нь тариаланг хамгаалдаг төдийгүй газар нутгийнх нь нэлээдгүй хэсгийг бүрэн мэдэлдээ байлгадаг. АНУ зэвсэг, техникийн асар их хэмжээний буцалтгүй тусламж үзүүлдэггүй байсан бол энэ улс яах байсныг хэлэхэд бэрх. Манайх ч олон уурхайгаа барьцаалан нийгмийн халамжийн олон төсөлд зүгээр л мөнгө тараагаад, эцэст нь түүндээ ороогдсон болохоор юу ч гэлтэй.
Гэхдээ эндээс хамгийн чухал нэг зүйл ажиглагдаж байгаа юм. Тэр нь хөгжлийн чиг хандлага, баримжаа хаашаа байх ёстой вэ гэдэгт мэргэжилтнүүд дүгнэлт гарган та бидэнд, бүр нарийвчилбал та бидний сонгуулиар сонгосон удирдлагад санал болгожээ. Энэ дүгнэлт нь дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын оршин суугчдын тоо, орлого, дундаж давхаргын хүлээлт нь эрчимтэй хөгжиж байна гэсэн дүгнэлт юм. Аливаа нэг улсын тогтвортой байдал, хөгжлийн ирээдүйг харуулдаг хамгийн том үзүүлэлт бол тухайн улсын нийгэмд эзэлж байгаа дундаж давхаргын эзлэх хувь. Дундаж давхарга гэдэг харьцангуй ойлголт хэдий ч ажлаа хийгээд, цалингаа зохих ёсоор авч явах ёстой гэдгийг нь Засгийн газар нь хүлээн зөвшөөрч анхаарал тавьдаг, анхаарал тавьж байгаа гэдгийг мэдсэн, дундаж давхаргын хүмүүс нь ажилд хариуцлагатай ханддаг, нийгмийн хариуцлага өндөр, өөрийн үнэлэмж өндөр нийгмийн давхарга байдаг. Тэгвэл давхаргын хэмжээ 1990-2010 онууд Өмнөд хагаст 26 хувиас 58 болж огцом нэмэгдсэн. Энэ бол Бразиль, Аргентин, Чили, Боливи, Венесуэль гээд Латин Америкийн орнууд гэсэн үг. Өмнөд хэсэгт ордог орнуудын өөр нэг том төлөөлөгч нь Энэтхэг. Энэ улс сүүлийн хэдхэн жилийн дотор зүгээр ч нэг огцом үсрэлт хийсэнгүй үнэхээр дэлхийн зах зээл дээр нөлөө бүхий байр суурь эзлэх хэмжээнд хүртэл үсрэлт хийсэн. Үүнд хамаарах дараагийн нэг улс нь манай урд, бүр нарийвчилбал өмнөд хөрш. Энэ улс сүүлийн 20 жилийн дотор дотоодын үйлдвэрлэлийн хэмжээгээ асар их нэмэгдүүлсэн орон. Энэтхэг ч мөн адил. Ер нь, цаашдаа нийгмийн дундаж давхарга нэртэй хэсэгт хамаардаг хүний тоо нэмэгдэх тусам нийгмийн хөгжил, боловсрол, эдийн засгийн хүч нөлөө асар ихээр нэмэгдэж байдгийн том жишээ нь энэ судалгаа юм. Ийнхүү дэлхийн бөмбөрцгийн өмнөд хэсэг рүү чиглэсэн Хятад, Энэтхэг, Бразиль гэсэн гурван улсын эдийн засгийн бүтээгдэхүүний нийлбэр хэмжээ нь 2020 он гэхэд Герман, Итали, Канад, Умард Ирланд ба Их Британийн нэгдсэн вант улс, АНУ, Франц гээд өдгөө толгой цохиж байгаа хүчирхэг эдийн засагтай бүх улсаас давж гарна. Тэгэхээр манай орон эдгээр оронд явуулж байгаа эдийн засаг, санхүүгийн элдэв арга хэмжээ, үйлдэл ба тэдгээрийн үр дүн маш нарийн бөгөөд тасралтгүй хянадаг, ажигладаг, анализ хийдэг байх ёстой болж байгаа юм.
Умард зүгт байгаа асар том газар нутагтай, байгалийн баялагтай Оросоос эхлээд дээр нэр дурдагдсан бүх улс 2020 он хүртэл эдийн засгийн ямар нэг гайхалтай хөгжил үзүүлж чадахгүй нь бололтой гэсэн дүгнэлт эндээс аяндаа гарч байгаа юм. Тэгэхээр ойрын таван жилдээ бидний хөгжлийн чиг хандлага хаашаа хандах ёстойг НҮБ-ын мэргэжилтнүүд зааж өгөөд байгаа хэрэг. Гэхдээ хэдхэн мэргэжилтний үгийг дагаад өрөөсгөл хөгжөөд Умард зүгт байгаа Орос ба түүнээс цааш оршин бүх холбоотнуудаа мартах нь яалт ч үгүй өрөөсгөл хэрэг болно. Энд манайд газар зүйн байрлалаас олдсон асар том давуу тал байгаа гэдгийг бүгд санах хэрэгтэй.
Манай улсын газар зүйн байрлал нь Умард ба Өмнөд хоорондын соёл ба эдийн засаг, санхүүгийн асар хүчтэй солилцоо хийх замд байгаа завсрын, дамжуулагч бүс юм. Зүгээр ч нэг дамжуулагч биш нэг намын дарангуйлал байхгүй, зах зээлийн чөлөөт эдийн засагтай, санхүүгийн бүх зүйл олон улсын байх ёстой хяналтад нээлттэй. Тэгэхээр Өмнөд ба Умардын хооронд гарцаагүй явагдах ёстой эдийн засаг, санхүү, технологийн солилцоонд манай улс нэн тэргүүнээс дутахааргүй чухал үүрэг гүйцэтгэх боломжтой гэсэн үг юм.
Улмаар илтгэлд байдлыг улам сайжруулахын тулд дэлхийн улсууд ямар арга хэмжээ авах ёстой талаар ерөнхий зөвлөлгөө өгсөн нь ихээхэн анхаарал татаж байна. Эдгээрийн нэг нь иргэдийг адил боломжоор хангах, түүний дотор жендерийн адил тэгш боломж олгох. Цаашилбал иргэдийн санал өгөх ба улс төрийн оролцоог тэлэх, экологийн дарамт шахалтын эсрэг тэмцэх, хүн ам зүйн өөрчлөлтийг удирдах гэжээ.
Эндээс манай улсад хамгийн их анхаарал татаж байгаа хоёр зүйл байгааг уншигч та анхаарсан биз. Юуны өмнө экологийн дарамт шахалтын эсрэг тэмцэх. Энд зөвхөн уран гэлтгүй нүүрс, зэс, жонш, хар төмөрлөг гээд олон төрлийн түүхий эд олборлосны үр дагавар гэж байгаль орчинд тусдаг сөрөг нөлөө байгаа юм. Манайд зөвхөн ураныг эсэргүүцье гэж яриад байгаа ч зэс, алтны уурхай нь ураны уурхайнаас юугаараа ялгаатайг огт тоож харахгүй байгаа нь сонин. Энэ бүх олборлолт болгонд зөвхөн эрх мэдэлтэн, албан тушаалтан анхаарч, хяналт тавиад явдаг юм биш, иргэн болгон энэ талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй гэдгийг санаж байх хэрэгтэй. Харамсалтай нь, эсэргүүцэл үзүүлсэн байдал гаргаж байгаад тухайн газар олборлолт, үйлдвэрлэл эрхэлдэг.
Дараа нь хүн ам зүйн өөрчлөлтийг удирдах гэсэн хэсэг байна. Нэг ам километрт 0,2 хүн ногддог манай улсын хүн амын хэдэн хувь нь Улаанбаатар нэртэй хотод амьдарч байгааг та мэдэж л байгаа байх. Тэгэхээр энд хүн ам зүйн өөрчлөлтийг удирдах гэж өгөгдсөн зөвлөгөөг нэгдүгээрт төрөлтийг нэмэгдүүлэх талаар цаашид бодит үр дүнтэй эрчимтэй арга хэмжээ авах, нийгмийн баялгийг тэгш хуваарилах замаар асуудлыг шийдэх зайлшгүй шаардлагатай нь харагдаж байгаа юм.
Нийгмийн баялгийг тэгш хуваарилах гэдэг үг энд зүгээр нэг орсонгүй. Олон үе дамжин малчин байсан, бас ч гэж чамлахааргүй амьдралтай хүмүүсийн хүүхдүүд нь эцэг, өвгөдийн ажлыг тоохоо болиод Улаанбаатарыг яагаад зүглээд байна вэ. Хариулт тун энгийн. Баялаг шударга бус хуваарилагдаад хотод амьдарч байгаа хүмүүст илүү боломж, арвин их унацтай тусаад байна гэсэн үг. Тийм ч болохоор хотод дээд сургуульд сураад төгссөн хүмүүсийн хэдэн хувь нь орон нутагт очиж ажилладаг тухай статистик тоо харах үнэхээр хүнд. Дээр нь манай улсад хийж байгаа үр хөндөлтийн тоог бодитоор хязгаарлах талаар үнэхээр үр дүнтэй арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай байна. Энд нэг талаас хүсээгүй жирэмслэлтээс сэргийлэхийг сурталчлах зайлшгүй шаардлагатай ч нөгөө талаас хүүхэдтэй болсон өрх толгойлсон эмэгтэй ямар давуу эрхтэй, ямар боломжтой вэ гэдэгт онцгой анхаарах хэрэгтэй.
Энэ бүх салбарын талаарх мэдээллийг аль болох нээлттэй болгох шаардлагатай байна. Энэ нь иргэдийн оролцоо, улс төрийн оролцоог тэлэх гэсэн гурав дахь зөвлөгөөнд яг нийцэж байгаа юм. Мэдээлэл хомс болохоор л элдэв гүтгэлэг, дайралт, хоосон дуулиан гарах боломж нээгддэг. Тиймээс энэ талын бүх мэдээллийг аль болох нээлтэй болгох, энэ талаарх хэлэлцүүлгийг олон хүнд хүргэх нь манай улсын цаашдын хөгжилтэй салшгүй холбоотой зүйл болж байгаа билээ.