Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Махны үнэ тогтворжиж нөөцийн мах элбэг байна

Жил бүрийн хавар махны үнэ тэнгэрт хадаж,  иргэд үнэ хямдыг нь бодож нөөцийн махны эрэлд гардаг. Нийслэлчүүдийн хэрэгцээнд зориулан нөөцөлсөн мах нь аманд ч үгүй, хамарт ч үгүй үзэгдээд алга болох үе байлаа. Иймээс энэ жил нөөцийн махны хүрэлцээ, борлуулалт хэр байгаа талаар сурвалжлахаар нийслэлийн захын хороолол болох Баянхошууг зорилоо. Ойр хавийн оршин суугчдын хэлж буйгаар “Өгөөж” худалдааны төвд нөөцийн мах борлуулж байгаа гэв. Харин тус худалдааны төвд орвол нөөцийн мах борлуулж байгаа лангуу харагдсангүй. Худалдагч нараас хаана борлуулж буйг лавлахад “Нөөцийн мах  худалдаанд гараагүй. 15-наас ирнэ шүү дээ. Нөөцийнхийг авч байхаар хонины ястай сайхан шинэ мах аваач. Бараг ялгаагүй. Манайд нөөцийн мах ирдэггүй” хэмээв. Тус захаас гараад “Хүчит барс” захыг зорилоо. Захын үүдэнд “Энд нөөцийн мах худалдаалж байна” гэсэн хаяг өлгөжээ. Энд “Мах маркет”, “Жаст агро” ХХК-ийн нөөцийн махыг хоёр, гурван килограммаар савлан борлуулах аж. Харин үнийн хувьд үхрийн мах килограмм нь 5950, хонь 5750 төгрөг байв. Нөөцийнх гэхээр л өнгө үзэмж муутай, хатаж хорчийсон мах байдаг хэмээн шүүмжилдэг. Харин энд худалдаалж байгаа мах өнгө үзэмжийн хувьд ч гайгүй, дээр нь килограмм килограммаар нь савлаж аль компанид хэзээ үйдвэрлэсэн гэдгийг нь бичсэн шошготой байв. Ингээд тус дэлгүүрийн худалдагчаас зарим зүйлийг тодруулахад “Манайд нөөцийн мах долоо хоногт хоёр удаа ирдэг. Энд зарж байгаа нь нэг дэх өдөр ирсэн. Иргэд боломжоороо л авч байна. Цагаан сарын өмнө борлуулалт сайтай байсан. Өдөрт 500 гаруй килограмм мах борлуулсан. Тэр үетэй харьцуулахад худалдан авалт муудчихлаа. Энэ нь айлууд Цагаан сарын мах, идшээ дуусаагүйтэй холбоотой байх. Тэгээд ч энэ жил махны үнэ харьцангуй тогтвортой байна” хэмээн ярьсан юм. Худалдагчтай ийн ярилцах хооронд нэг ч худалдан авагч ирсэнгүй. Үүнээс харахад нөөцийн махны борлуулалт тааруухан байгаа  бололтой. Эсвэл энэ жил хангалттай мах нөөцөлсөн байж таарлаа хэмээн бодлоо. Энэ онд хэрэглэх нөөцийн махыг  “Жаст Арго” ХХК “Саян-Уул” “Монгол мах экспо” ХХК зэрэг  нийт есөн компани хуваан нөөцөлсөн. Нөөцөд 14 мянган тонн мах бэлтгэсэн. Өмнөх жилүүдэд 2011 онд 10 мянган тонн, 2012 онд 12 мянган тонн мах нөөцөлж байсан. Тэгвэл энэ онд урамшууллын мөн­гө өгөхөө больж, нөөцийн махны менежер компанид хөнгөлөлттэй зээл олгосон. Ингэс­нээр зээлээ төлөхийн тулд нөөцийн махны мене­жер компаниуд нэлээд хариуцлагатай хандаж байгаа бололтой. Жил бүрийн өдийд нөөцийн мах хүрэлцээгүй, муу байна хэмээн хэл ам дагуулдаг байсан дүр зураг үгүй болжээ. Үүний дараагаар Баянзүрх дүүргийн нөөцийн мах борлуулж буй “Баянзүрх” захаар орлоо. Тус захад “Ай Энд Би” ХХК-д нөөцөлсөн мах худалдаалж байв. Үхрийн мах килограмм нь 5950, хонь 5750, ямааны махыг  4850 төгрөгөөр борлуулж байлаа. Борлуулалт хэр байгааг худалдагч Л.Бурмаагаас тодруулахад “Ойрд худалдан авалт муу байна. Амралтын өдрүүдэд л  гайгүй борлогдох байх. Шинэ мах нь, нөөцийн махнаас килограмм нь 1000 төгрөгийн зөрүүтэй байгаа болохоор иргэд шинийг нь худалдан авч байна. Манайд худалдаж байгаа нөөцийн махыг хөгшин хүмүүс их авдаг. Нэг авсан хүн ахиж ирээд л авч байна билээ. Тэгэхээр нөөцийн мах амт чанарын хувьд  гайгүй байна гэсэн үг” хэмээн ярьсан юм. Ингээд нөөцийн мах худалдан авч байгаа иргэнтэй уулзах гэсэн боловч олдсонгүй. Харин С.Бурмаа хэмээх бүсгүй “Нөөцийн мах гэхээр л муу байдаг байсан. Энэ жилийн хувьд гайгүй л боломжийн харагдана билээ. Гэхдээ шинэ махнаас 1000 төгрөгийн л зөрүүтэй. Үнийг нь жаахан буулгах хэрэгтэй байх аа“ хэмээн ярьсан юм. Харин өчигдрийн байдлаар тус захад хонины ястай мах килограмм нь 7000 төгрөг, үхрийн мах 8000 төгрөгөөр борлуулагдаж байлаа. ҮХААЯ-ны гаргасан мэдээгээр нэгдүгээр сарын 17-ноос нөөцийн мах худалдаанд гарснаар хонины ястай махны үнэ 13 хувиар буурсан гэнэ.

Г.Дэмбэрэлням: Нэг дэлгүүрт өдөрт дунджаар 300 тонн мах зарах төлөвлөгөө гаргасан

Ингээд нөөцийн махын менежер “Жаст агро” ХХК-ийн менежер Г.Дэмбэрэлнямаас зарим зүйлийг тодрууллаа.

-Нөөцийн махаа хэдэн цэгээр борлуулж байна вэ?
- Дүүргүүдээс гаргаж өгсөн хуваарийн дагуу 200 гаруй цэгт нөөцийн мах борлуулж байна. Нэг хороонд хоёроос гурван цэгээр борлуулж байгаа гэсэн үг.
-Нэг хүнд тэдэн килог­раммыг л өгнө гэсэн хяз­гаар­лалт тавьж байгаа юу?
-Үгүй ээ. Өмнөх шиг нэг хүн таван килограммаас дээш мах өгөхгүй гэсэн юм байхгүй. Иргэд гэрээт борлуулагчаас хүссэн хэмжээгээрээ авч болно.
-Өдөрт худалдаанд хэдэн тонн мах гаргаж бай­гаа вэ?
-Нэг дэлгүүрт өдөрт ойрол­цоогоор 300 килограмм мах зарах төлөвлөгөө гаргасан. Гэхдээ иргэдийн худалдан авалтаас шалтгаалаад дэлгүүр бүрийн борлуулалт тоо харилцан адилгүй байгаа.
-Энэ сарын 15-наас нөөцийн махыг амьдралын төвшин доогуур өрхүүдэд талоноор олгож эхэлнэ гэж байсан?
-Тийм юм байхгүй ээ. Иргэд хүссэн хэмжээгээрээ өөрсдөө очоод гэрээт борлуулагчаас махаа худалдан аваарай.
-Нөөцийн мах худал­даанд гарснаар махны үнийг барьж чадаж байгаа юу?
-Өнөөдөр зах, худалдааны төвүүдэд борлуулж байгаа махны үнээс 20 хувиар хямд байгаа. Одоогоор хонины мах килограмм нь 7000 орчим төгрөг бол нөөцийнх 5700 төгрөгөөр борлогдож байна.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан