Сүхбаатарын талбайд өнгөрсөн зургаан сарын турш “заларсан “Гэр хорооллын дахин төлөвлөлт, тохилог амины орон сууц” үзэсгэлэн олон хүний амьдрах нөхцөлийг сайжрууллаа хэмээн хотын захиргааныхан баяртай байна. Үнэхээр ч өргөө цагаан гэрээр л төсөөлөгддөг байсан гэр хорооллын өнгө төрхийг засч, амины сууц бүхий хороолол болгох нь энэ үзэсгэлэнгийн зорилго. Иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ дэд бүтцийг нь шийдсэн байшин санал болгож буй эл компаниуд өнгөрсөн хугацаанд 140 гаруй айлаас захиалга авсан гэнэ. Гэхдээ зургаан сард сонирхсон нийт хүнээс зээлээ шийдэж чадсан нь л 140. Дор хаяж өдөрт 50 гаруй хүн эл үзэсгэлэнг үзсэн гэж тооцвол нэг бодлын чамлалттай тоо...
Энэ талаар “Люксвүүд хаус” компанийн борлуулагч “Өдөрт л бараг 50 гаруй хүн ирж үздэг. Дийлэнхи нь зээлээр авч болох уу гэж асуудаг юм. Манай компанийн хувьд тухайлан хамтран ажиллаж хөнгөлөлттэй зээл санал болгох санхүүгийн байгууллага байхгүй учраас өөрсдөө банкаа сонгоод үйлчлүүлж болно гэсэн хариутай л буцаадаг. Хөнгөлөлттэй зээлээр авах шийдлийг нь гаргаж өгвөл олон хүн амьдарч буй нөхцөлөө сайжруулахыг хүсэх байх” гэв. Харин байшин эдгээр байшинг сонирхож яваа Оджаргал хэмээх бүсгүй ”Би Сонгинохайрхан дүүргийн иргэн. Таван ханатай гэрээ тохилог байшин болгох санаатай. Энэ үзэсгэлэнг өвөл нээгдэхэд нь ирж үзсэн. Өнгө үзэмж, чанарын хувьд асуудалгүй гэдгээ энэ өвөл харууллаа. Гол нь, хурааж, хуримтлуулсан мөнгөгүй над мэтийн хүмүүсийн хувьд арилжааны банкаар дамжуулан зээлээр авч таарна. Гэтэл банкны хүү өндөр болохоор хүнд л тусах байх. Ямар ч гэсэн банкуудын зээлийн шалгуурыг судлаад үзнэ дээ” гэв. Үзэсгэлэнг сонирхогч Молом гэх залуу “Их аятайхан байшингууд байна. Санхүүгийн чадавхидаа тааруулаад 16 саяас 69 сая төгрөгийн үнэтэй байшин авч болох нь. Гар дээр бэлэн мөнгө байхгүй учраас арилжааны банкны зээлээр л авъя гэж бодож байна. Банкуудаар яваад аль гайгүй уян хатан нөхцөлтэйг нь сонгоно доо. Хотоос нэгдсэн журмаар зээлийн асуудлыг нь шийдээд өгвөл олон айл амьдарч буй нөхцөлөө сайжруулна. Энэ талаар уламжлаад өгвөл...” хэмээн үг дайв.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард нээлтээ хийсэн эл үзэсгэлэнд “Ногоон газар”, “Люксвүүд хаус”, “Экологийн дулаан хаус”, “Эс Ай Пи Эс Монголия”, “Изо хаус”, “Монгейт” зэрэг 13 компанийн 18 тохилог амины сууц Сүхбаатарын талбайд байгаа. Үзэж,сонирхож яваа хүний дийлэнх нь арилжааны банкаар дамжуулан зээл авч болох уу гэсэн асуултыг барилгын компанийн борлуулагчдаас асууж байв. Канад, Америк загварын барихад хялбар, дулаан алдагдал багатай, хямд үнэтэй, тохилог орон сууцыг санал болгож буй тус үзэсгэлэнд хямдхан нь 16 сая 500 мянга бол үнэтэй нь 69 сая төгрөг. Орчин үеийн дэвшилтэт технологи ашиглан барьсан гэгддэг “Люксвүүд хаус” ХХК-ийн санал болгож буй 64 ам.метр талбайтай байр гэхэд 48 сая төгрөгийн үнэтэй. Дулаан хадгалалтын өндөр технологитой, эрчим хүчний хэмнэлттэй, зэвэнд идэгддэггүй, мөөгөнцөртөхгүй гээд давуу тал нь олон л гэх.
Харин “Ногоон газар” ХХК-ийн байшин ам.метр нь 650 000 төгрөг бол “Изи хаус” –ын гурван өрөө нь хаус нь 36 сая 600 мянга, “SIPS Mongolia” LLC-ийн эрчим хүчний хэмнэлттэй байр 69 сая 350 мянган төгрөгийн үнэтэй. Нүүрс түлэхгүй, эрчим хүчний хэмнэлттэй байшингаар иргэдийг даллах эдгээр барилгын компанийн хувьд бэлэн мөнгөөр бариулах боломжгүй бол банкны зээлээр авах боломжтой хэмээнэ. Гэвч банкууд ямар зээлийн нөхцөл, хүү санал болгож байгаа юм бол... “ХАС” банкны амины орон сууцны зээлийн нөхцөлийг сонирхвол урьдчилгаа 30 хувиа төлөөд сарын 1,58-1,79 хувийн хүүтэй зээл авч болох гэнэ. Гэхдээ зээлийн шалгуурыг хангасан тохиолдолд гэж анхааруулсан.
Харин “Хадгаламж” банкны хувьд хэдэн төгрөгийн үнэтэйгээс шалтгаалан 30-50 хувийн урьдчилгаа төлөөд сарын 2,5 хувийн хүүтэй зээлд хамрагдана. Гол нь, худалдах авах орон сууц, хашаа байшин нь зөвхөн өөрийнх нь болон гэр бүлийн хамт амьдрах зориулалтаар ашиглах ёстой гэсэн шалгуур тавьсан байв. Хэрвээ тухайн барилгын компани тус банктай хамтран ажилладаг бол хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох боломжтой бөгөөд хувиараа хөөцөлдөж байгаа тохиолдолд одоогийн санал болгож буй хүүгээр бодогдон зээл олгоно хэмээлээ. Ямартай ч, гэр хороололд амьдарч байгаа олон хүн амьдарч буй нөхцөлөө сайжруулахыг хүссэн ч, банкны зээлийн босго давж гарч чадахгүй бол өнөөгийн байдалтайгаа эвлэрэхээс аргагүй.
Даатгал, банкны зээлийг хот төлөвлөлттэй уялдуулж бодлого гаргана
Харин гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцэд холбох томоохон бүтээн байгуулалт эхлүүлэх гэж буй хотын захиргаанаас иргэдээ дэмжих ямар бодлого хэрэгжүүлэх гэж буйг Гэр хорооллыг барилгажуулах төслийн нэгжийн дарга А.Лхагвадоржоос тодруулсан юм.
-Гэр хорооллын дахин төлөвлөлт, тохилог амины орон сууц” үзэсгэлэнг сонирхож яваа хүний дийлэнхи нь зээлээр авч болох эсэхийг их асууж байна?
-Өнгөрсөн гурван сарын хугацаанд үзэсгэлэнд оролцогч барилгын компаниудын санал болгож буй байшин хэр бат бөх, найдвартай вэ гэдгээ харуулсан. Тиймээс ч өнөөгийн байдлаар 140 гаруй өрх захиалга өгсөн байна. Мэдээж хэрэг, зээлийн асуудлыг нь шийдэж өгөөч гэсэн иргэдийн хүсэлт ирж байсан. Гэхдээ хот ийм юм хэрэгжүүлж байна, та нар зээлийнхээ хүүг бууруул гэж арилжааны банкуудад шаардлага тавих эрхгүй шүү дээ.
-Гэхдээ энэ үзэсгэлэнгийн зорилго гэр хорооллын иргэдийг ая тухтай амьдруулах, гэрт бус амины сууц бүхий хороолол болгох шүү дээ?
-Тийм. Иргэдээс удаа дараа зээлийн асуудлыг шийдэж өгөөч гэсэн санал, хүсэлт ирсэн учраас хотынхоо төлөвлөлттэй уялдуулан зээл олгох механизмыг холбогдох албаныхан яаж шийдэх вэ гэдгээ ярьсан. Гэхдээ яг тодорхой болчихсон юм байхгүй.
-Тэгэхээр хэзээ иргэдэд тааламжтай нөхцөл санал болгоно гэсэн үг вэ?
-Ямар ч гэсэн судална. Наана нь ингэнэ, тэгнэ гээд хэлэх боломжгүй. Даатгалын байгууллага, банкны зээл, хотынхоо төлөвлөлттэйгээ уялдуулсан бодлого гаргах хэрэгтэй гэж ярьж байгаа. Тааламжтай нөхцөл нь гарч ирэхээр хувь хүн гэлтгүй албан байгууллагууд ч ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдэх хүрээнд хаус бариулж болох юм. Энэ асуудлын талаар холбогдох байгууллагууд ярилцах байх аа.