Цэвэр хэмээн хэрэглэгчдээ “молигодсон” сүү сүүн бүтээгдэхүүн, жүүс үйлдвэрлэгчид өнгөрсөн арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн шошгон дээр “залруулга”-тайгаар бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахаар болсон. ШӨХТГ-аас өгсөн эл даалгавар амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг сурвалжлахаар 15 дугаар хороолол дахь “Миний дэлгүүр”-ээр орлоо. Хүнсний тасагт нь сүү, сүүн бүтээгдэхүүн төрөл бүрээрээ өрөөстэй. Үндэсний үйлдвэрлэгч болох “Сүү” ХХК-ийн “Шинэ” сүүний шошгыг харвал монгол үнээний сүүгээр найруулсан цэвэр сүү гэжээ. “Өглөө“ сүүний хувьд монгол үнээний хатаамал сүүгээр найруулсан хэмээн бичсэн байсан бол импортын сүүнүүд тухайн үйлдвэрлэсэн орныхоо хэл дээр тайлбартайгаар худалдаалагдаж байв. Сүү хэзээ ирснийг худалдагчаас нь асуухад “Өчигдөр өглөө ирсэн сүү. Одоо дуусч байна. Хайрцагтай сүүний хадгалах хугацаа 14-21 хоног байдаг юм” хэмээв.
Ингээд тус тасгаар үйлчлүүлж байгаа зарим худалдан авагчтай уулзахад Эрдэнэчимэг хэмээх бүсгүй “Би өдөр бүр энэ дэлгүүрээр үйлчлүүлдэг. Өмнө нь, сүүний гаднах хайрцагны хаяг шошгыг уншдаггүй байсан. ШӨХТГ-аас сүү үйлдвэрлэгчдэд шаардлага хүргүүлсэн гэсэн мэдээлэл гарснаас хойш уншдаг болсон. Гэхдээ үйлдвэрлэгчид шаардлагыг бүрэн хэрэгжүүлэхгүй байна. Яахав, зарим нэг нь хаяг шошгон дээрээ өөрчлөлт оруулсан байна лээ” хэмээн ярьсан юм.
Үүний дараа 11 дүгээр хорооллын “Миний дэлгүүр”, “Номин супермаркет”-аар орлоо. Хүнсний тасагт мөн л төрөл бүрийн савлагаа, хайрцагтай сүүнүүд өрөөстэй харагдана. Тэдний дундаас “Милко” сүүг харвал мөн л монгол үнээний сүүгээр найруулсан гэжээ. Харин шүүсний хувьд “Гоё” шүүс сэргээсэн хэмээн бичих ёстой ч тийм бичиг харагдсангүй. Уг нь, Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартаар шүүсийг цэвэр, өтгөрүүлсэн, сэргээсэн гэж гурав ангилдаг байна. Гэтэл дийлэнх үйлдвэрлэгчид шүүсээ “цэвэр жимсний” гэж сурталчилдаг. Цэвэр шүүс гэдэг нь шинэхэн жимс жимсгэнэ, ногооноос механик аргаар боловсруулалт хийж гаргаж авсныг нэрлэдэг байна. Харин сэргээсэн нь хуурай болон шахсан шүүсийг ундны устай холин технологийн боловсруулалтад оруулан гаргаж авсныг хэлдэг ажээ. Гаалийн мэдүүлгээр манай улсад никтар буюу жимсний сироп орж ирдэг гэсэн байдаг. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэгч компаниуд “сэргээсэн шүүс” гэж нэрлэх ёстой. Учир нь, шүүс үйлдвэрлэгчид жимс биш никтар буюу сироп оруулж ирдэг гэсэн үг. Шаардлага тавьснаас хойш дөрвөн сарын нүүр үзэж буй ч ямар хяналт тавьж буйг ШӨХТГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Төвшөөгөөс тодруулахад “Сүү үйлдвэрлэгчид манай тавьсан шаардлагыг биелүүлсэн. Харин “Мон Фрэш”, “АПУ” ХХК-иуд биелүүлэхгүй байсан учраас арван сая төгрөгөөр торгуулсан. Одоо худалдаанд гарч байгаа сүүнүүд манайхаас тавьсан шаардлагын дагуу хаяг шошго дээрээ найрлага, орцоо нарийн мэдээлж тавьдаг болсон. Харин шүүсний хувьд аж ахуйн нэгжүүд гадаадаас их хэмжээгээр хайрцаг, саваа захиалсан байдаг тул нөөцөлснийг нь устгах аргагүй. Энэ нь нэг талаараа үндэсний үйлдвэрлэгчдээ дарамталсан болчихно. Тэгээд ч манайд энэ талаар гомдол ирээгүй. Гомдол ирвэл бид барагдуулдаг” хэмээн ярьсан юм. Харин “Витафит” ХХК-ийн Чанарын албаны дарга Б.Дэлгэрмаа энэ талаар “ШӨХТГ-аас өгсөн шаардлагын дагуу манай үйлдвэр шошгон дээрээ нэмэлт мэдээллээ оруулаад явж байна. Ингэхдээ бүтээгдэхүүний ангилал, зип кодыг бичиж байгаа. Гэхдээ өмнө нь хайрцгаа маш их хэмжээгээр захиалан бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг болохоор хуучин шошготойгоороо зарагдаж байгаа нь цөөнгүй бий ” гэв. Гэхдээ үйлдвэрлэгчдийн хэлж буйгаар шинэ стандартыг хэрэгжүүлэхдээ Стандартчлал хэмжил зүйн газраас хэдхэн хоногийн дотор мөрдөх хугацаа өгдөг. Их хэмжээгээр бүтээгдэхүүнийхээ шошго нөөцөлсөн болохоор алдагдал хүлээхээс гадна бүх компани зэрэг мөрдөхгүй болохоор тухайн бүтээгдэхүүний борлуулалт мууддаг сул тал байдаг гэдгийг хэлж байсан.
Харин ШӨХТГ-ын дарга О.Магнай хэлэхдээ “Аж ахуйн нэгжүүд шаардлага хэрэгжүүлэхгүй бол бүх дэлгүүр супермаркетаас бараа бүтээгдэхүүнийг татна. Хууль, стандартаа мөрдөхгүй бол хуулийн дагуу арга хэмжээ авна. Бид торгож шийтгэхдээ биш хууль дүрмээ мөрддөг болъё гэдэгт байгаа” хэмээж байсан. Ямар ч байсан өнгөрсөн оны зургадугаар сард гарч арваннэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн шаардлага бүрэн биелэлээ олоогүй л байна.