Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Баянбат: Киночид нэгдэж чадвал Монгол кино хөл дээрээ босНО

“Монгол кино нэгтгэл”-д 30 гаруй жил дууны найруулагчаар ажилласан Б.Баянбаттай ярилцлаа.

-Та хуучин “Монгол кино” үйлдвэрт дууны найруулагчаар ажиллаж байжээ. Кино урлагтай хэрхэн холбогдох болов оо?
-1962 онд МУИС-ийн физикийн ангийг төгсөөд л шууд “Монгол кино” үйлдвэрт хуваарилагдсан. Түүнээс хойш дууны цехийг нь хариуцах болсон юм. Анх намайг ороход Зөвлөлт холбоот улс, Чехээс дууны тоног төхөөрөмжүүд ирж,  бид тэдгээрийг суурилуулж, студиэ байгуулж байлаа.

-Яг тэр үед л Монгол кино жинхэнэ мэргэжлийн төвшинд бүтээгдэж байсан гэж ахмадууд ярьдаг?
-Тэгэлгүй яахав. Мэргэжлийн төвшинд кино  үйлдвэрлэж байлаа. Дууны цех гэхэд л 20 гаруй мэргэжлийн ажилчинтай, хоёр байранд тав,  зургаан том дууны студитэй байсан. Одоо “Монгол кино” үйлдвэр ч байхгүй болсон. Түүнийг дагаад мэргэжлийн кино урлаг мөхсөн гэхэд болно. Бүр биднийг ч кино үйлдвэрийн босгоор алхуулахаа больсон байна билээ.

-Сүүлийн үеийн кинонууд дутуу дулимаг гэж шүүмжлүүлдэг ч гэсэн шинэ залуу үе маань кино урлагийг бүр газар унагачихгүй аваад л яваад байгаа шүү дээ?
-Мэргэжлийн үүднээс харахад муу байна. Мөнгө санхүү, мэдлэг, тоног төхөөрөмж, нарийн мэргэжил дутаж байна. Хэрэв тэднийг нарийн зохион байгуулаад өгвөл Монгол кино сэргэнэ. Тэднийг нэгтгэх ёстой “Монгол кино” нэгтгэлийг Солонго гэдэг хүн хариуцаж суучихаад улсын өмчтэй тоног төхөөрөмж, техник хэрэгслээр өөрөөрөө овоглосон хэдэн “халтар“ кино хааяа нэг хийгээд байвал явахгүй. Нэгдэж чадвал мэргэжлийн төвшинд босч ирнэ.
Яг одоо байгаа киночид нэгдээд Монголын кино урлагийн зөвлөл нэртэй байгууллага байгуулсан байна. Одоо л нэгдэж эхэлж байна. Өмнө 1994 оноос “Монгол кино” үйлдвэрийн ажилчид чөлөөт уран бүтээлч болсноос хойш хүн бүр дуртайгаа хийсэн шүү дээ.

-Түрүүн та бидэнд ажлын цаг гэж байгаагүй гэж ярьсан. Цаггүй ажиллаж байх үедээ дууг нь найруулсан кинонууд ойролцоогоор хэд болсон бэ?
-“Аман хуур”, “Нийслэл хүү”, “Цэргийн хүү”, “Ингэх гээд байсан юм”, “Тууврын замд”, “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай” гээд Бунтар, Дамдин, талийгч Нямгаваа найруулагчийн кинонууд байна. Нийт 40 гаруй уран сайхны кино бий  дээ. Сүүлд зах зээлийн үед ч гэсэн олон л кинонд ажилласан. Баримтат кино бол тоймгүй их бий.

-Дуу, дүрс хоёрыг нийлүүлнэ гэдэг бас л хэр баргийн амархан ажил биш. Хэцүү ажлаас хамгийн хэцүү нь?
-Киноны хөгжим бичих. Заал дүүрэн хөгжимчид, цахилгаан хөгжмийн хамтлаг суулгачихаад л дууг нь бичнэ. Үйл явдалтайгаа тааруулахын тулд аль хөгжмийг нь илүү дугаргах ёстой гэдгээ бодно. Тэр хөгжимтэйгөө микрофоноо ойр тавина. Нэг ёсондоо одоогийнхоор дууны найруулга л хийгээд байна гэсэн үг л дээ. Дуучнаа хөгжимтэйгөө ойрхон зогсоовол хоолой нь бичигдэхгүй, хол зогсоохоор дуучин маань хөгжмөө сонсохгүй. Гэхдээ л ямар нэг аргаар бичдэг.
“Тууврын зам” киноны тууварчдын дуу. Бирваа гуайн зохиосон. Тэрийг л ёстой олон дахин бичсэн дээ.

-Уран сайхны кино ч яах вэ, олон дахин бичиж байгаад болгочихдог юм байж. Баримтат кино бол тэгэх аргагүй биз дээ?
-Тийм ээ. Болж байгаа түүхэн үйл явдлуудаас голдуу кино хийдэг байлаа. Ерөнхийлөгч үг хэллээ гэхэд хэлж байхад нь л бичихгүй бол та үгээ дахиад нэг хэлээч гэх аргагүй. Баярт үйл явдал  болоод ёслолын буудлага болж байвал тэр үед нь бичихгүй бол, дахиад буудаад өгөөч гэх аргагүй. Өнгөрч байгаа юм л даа. Тэр бүрт самбаачилж л ажиллахгүй бол болохгүй. Бидний үед микрофоныг дэлгэцээр гаргуулдаггүй байсан. Зураглаачид наад микрофоноо нуугаач гээд л аашилна. Нуучихаар нөгөө авах гэсэн яриа маань бүдэг бичигдчихнэ. Хөдөө хээр бичлэг хийх бас хэцүү. Салхины чимээ давхцаж бичигдээд л...

-Олон бэрхшээлээс болоод бичих гэсэн яриагаа бичилгүй хоосон буцсан үе олон биз?
-Нэг удаа Баян-Өлгий аймаг руу “Алтай нутгийн адуучин” гээд баримтат кино хийхээр явсан юм. Ирээд яриагаа үзтэл  давхар бичээд ганц хоёр хүний яриа байдаггүй. Тэгээд л казак аялгаар ярьдаг хүний эрэлд гарсан даа. Хамгийн гол нь,  жүжигчин биш хүн олохгүй бол жүжигчид арай үнэмшилгүй дуу оруулдаг. Арай гэж нэг хүн олоод нүүрээ тахалсан юмдаг. Түүнийг аз болоход хүмүүс анзаараагүй юм байлгүй. Гомдол санал ирээгүй.
Их бууны чимээ, тэсэлгээний чимээг газар дээр нь бичиж болдоггүй юм билээ. Армийн 60 жилийн баримтат кинонд явсан. Их бууны дууг аль болох ойроос бичье гээд л бичээд байсан. Ирээд сонссон юу ч байхгүй. Холоос бичихгүй бол микрофонд ордоггүй юм билээ. Бас нэг удаа “Үлийн цагаан оготно” гээд кинонд явлаа. Оготнуудын дууг бас л бичээд л байсан. Эргүүлээд сонссон байдаггүй. Оготны дуу давтамж өндөртэй болохоор бас бичигддэггүй гэдгийг сүүлд л мэдсэн.

-Таны ажил дуу оруулагч нараас бас шалтгаалах нь?
-“Аман хуур” киноны хэсэгт Соном өвгөн “Манай энэ тун явдалтай хүн шүү” гэж хэлдэг дээ. Тэр хэсгийг Цэрэнсодном гуай хэлэх гэж мөн их будилж билээ. Санаанаас ер гардаггүй юм. Миний үед сайн сайн дуу оруулагчид байсан. “Аман хуур” киноны Төмөрт тоглодог Элбэгсайхан гээд жүжигчин байна. Талийгч Дамчаа гуай, жүжигчин Гантөмөр гээд л сайн дуу оруулагчидтай хамтран ажиллаж л явлаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан