Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.ОЮУНБИЛЭГ: “АНОД”-ЫН АСУУДАЛ БОЛ ЭРҮҮГИЙН ХЭРЭГ БИШ


Анхан шатны шүүх таван жил гаруй дуншсан “Анод” банкны хэргийг энэ оны эхээр шийдвэрлэсэн билээ. Шүүхээс тус банкны удирдлагын багт ажиллаж байсан таван хүнд ял оноосны нэг нь Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Н.Даваа. Түүний өмгөөлөгч Б.Оюунбилэгтэй ярилцлаа.  

-“Анод” банкны ТУЗ-ийн гишүүн байсан Н.Даваагийн өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх. Та давж заалдах гомдлоо гаргасан уу?
-Шүүхийн шийдвэрийг хү­лээн зөвшөөрөхгүй гэж давж заалдах гомдлоо өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн шүүхэд өгсөн. Бусад шүүг­дэг­чийн өмгөөлөгч ч гомдол гаргасан байна билээ.

-Та үйлчлүүлэгчтэйгээ хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ. Эрүүл мэнд нь ямар байгаа бол?
-Долоо хоногийн өмнө уулзсан. Эрүүл мэндийн хувьд удаан хугацаагаар хоригдох боломжгүй. Учир нь, зүрхний өвчтэй. Өмнө нь хоригдох үедээ эмнэлэгт эмчлүүлж байсан. Эмнэлэгт хэвтэх эсэхээ давж заалдах шатны шүүх хурлын шийдвэрийг харж байж шийднэ гэсэн.

-Шүүх Н.Даваад бусдын эд хөрөнгийг завшиж, үрэг­дүүл­сэн, банкны тухай хууль тогтоомж зөрчсөн гэ­сэн үндэслэлээр гурван жил хо­рих ял оноосон. Мөрдөн бай­цаал­тын явцад энэ хоёр зүйл ангиас гадна бусдын эд хөрөнгийг залилсан гэж бу­руутган шалгасан шүү дээ.
-Миний үйлчлүүлэгчид Эрүү­гийн хуулийн 150 /бус­дын эд хөрөнгийг завшиж, үрэг­дүүлэх/, 156 /банкны тухай хууль тогтоомж зөрчих/ гэсэн зүйл ангийн дагуу ял оноосон. Мөрдөн байцаалтын шатанд хэд хэдэн хүнд 148-д /бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах/ зааснаар эрүүгийн хэрэг үүсгэсэн байсан ч хэрэгсэхгүй болгосон. Тодруулбал, банкны хувьцаа гаргасан асуудал Банкны тухай хуультай холбоотой гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болсон юм.

-Н.Давааг 2008 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ “Анод” банкны Тамгын хэлт­­­­сийн дарга байсан Л.У­лам­­­баяртай хамтран банк­­­наас нэг тэрбум төгрөг завшиж, сурталчилгаандаа ашиг­ласан гэх юм. Өмгөө­лөг­­чийнх нь хувьд үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Хэрэг эцэслэн шийдэг­дээ­гүй байна. Тиймээс хэрэг нотлогдсон эсэх талаар өм­гөө­лөгч ярих нь хориотой. Н.Давааг банкнаас нэг тэрбум төгрөг авч, сонгуулийн сур­талчилгаанд ашиглаагүй. 

-“Анод” банк хувьцаа гаргаснаар 1200 орчим хүн хохирогч болчихоод бай­гаа.  Хувьцаа гаргасан бо­лон банкны үйл ажил­ла­гаанд Мон­гол­банк, Сан­­хүүгийн зохи­цуулах хо­­роо хяналт та­вих ёстой. “Анод”-ын хэ­рэгт энэ хоёр бай­гуул­ла­гын холбогдох зарим ал­бан тушаалтныг шалгасан бо­ловч хариуцлага үүр­сэн­гүй. Гэтэл шүүх тэдэнд ч хариуц­лага тооцох ёстой байсан гэх хүн цөөнгүй бий. Энэ талаар та ямар байр суурь­тай байна вэ?
-Ер нь, өмгөөлөгчийн хувьд бусад шүүгдэгч, ял­лаг­дагчийн эсрэг байр суурь илэрхийлж болохгүй. Тэднийг ял­лах эрх байхгүй. Тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон асуудлыг зөв, буруу гэж дүгнэж яримааргүй байна. Миний үзэж байгаагаар “Анод” банкны асуудал эрүүгийн гэмт хэрэг биш.
Тэгээд ч арилжааны бан­куудын бүх үйл ажиллагаа Монголбанкны хараа хяналтад байдаг. Монголбанк бол зүгээр ч нэг хянаж, шалгадаг байгууллага биш. Арилжааны банкуудын бүх үйл ажиллагааг Төв банкны ерөнхийлөгчийн тушаалаар баталсан журмаар зохицуулдаг. Сар бүр тооцоо, санхүүгийн мэдээллийг Мон­гол­банк руу өгдөг. Үүнийг нь хянаж, банкуудтай уял­даатай ажилладаг. Төв банк­наас хоёр жил тутамд иж бү­рэн шалгалт хийнэ. Энгийн шалгалт ч тодорхой хуга­цаа­ны давтамжтай хийдэг. Гэ­тэл хэрэг шийдвэрлэх үед банкны үйл ажиллагаа явуул­даг зөвшөөрөл өгч, хяналт тавьдаг байгууллага нь өөрөө хариуцлагаас мул­тар­­чих­лаа. Бүр эсрэгээрээ хохи­рогч болоод явж байна. Гэ­тэл тэд­ний хяналтад үйл ажил­лагаа явуулж байсан банкны удирдлагууд хариуц­лага үүр­сэн нь шударга бус байна.

-Та “Анод”-ын асуудал бол эрүүгийн хэрэг биш гэлээ. Яагаад?
-Энэ асуудлыг өмнө нь мөрдөн байцаалтын шатанд хэд хэдэн удаа тавьсан юм. Анхан шатны шүүх хурлын үеэр ч энэ бол эрүүгийн гэмт хэрэг биш гэсэн байр сууриа илэрхийлсэн. Банкны тухай хуулиар банк алдагдалд орж, өөрийн гэсэн хөрөнгөгүй, хөрөнгийн хүрэлцээ төлбөр гүйцэтгэх чадварын хэмжээнд хүрэхгүй байгаа бол татан буулгах, дампуурах үндэслэл болдог. Ийм болохоор “Анод” банкны алдагдалтай холбогдуулан удирдлагуудад нь эрүүгийн хэрэг үүсгэсэн нь үндэслэлгүй. Банкны тухай хуулиар энэ асуудлыг иргэний журмаар шийдвэрлэх боломжтой.

-“Анод”-ын удирд­ла­гуудыг хууль бусаар хувь­цаа гаргаж, иргэдийн эд хөрөн­гийг завшиж, үрэг­дүүл­сэн гэж буруутгасан шүү дээ?
-Хувьцааны тухайд ч эрүү­гийн гэмт хэрэг биш. Яагаад гэвэл Компанийн болон Банкны тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигч оруулсан хөрөнгөөрөө хариуцлага хүлээх үүрэгтэй. Худалдаж авсан хувьцаа нь тухайн хүний нэр дээр байдаг шүү дээ. Тиймээс хувьцаа эзэмшигчид бол хохирогч биш. Мэдээж, банк зөвшөөрөлгүйгээр юу гэж хувьцаа гаргах билээ дээ. “Анод” банк хол­богдох байгууллагын зөв­шөө­рөл­тэйгөөр хувьцаагаа гар­га­сан.

-Шүүхийн шийтгэх тог­тоолыг уншаад хувьцаа эзэм­шигчдийг хохирогч гэж ойл­го­сон. Учир нь, шийт­гэх тогтоолд “Хувьцаа эзэм­­шигчдэд учирсан хо­хир­лыг эхний ээлжинд төр барагдуулна” гэсэн бай­­гаа. Үүнээс улбаалж банк­ны удирдлагууд бу­руу­тай байтал яагаад төр тэд­ний өмнөөс хохирол бараг­дуу­лах ёстой юм бэ гэсэн асуулт гарч байна. Банк­ны удирдлагууд хохир­лыг ба­рагдуулах ёстой юм биш үү?
-Ер нь, банкны удирдлага дангаараа хувьцаа гаргах эрхтэй бол хохирлыг банкны эзэд хариуцах нь зөв. Гэтэл одоо мөрдөж байгаа хуулийн зохицуулалтаар бол төрөөс, төрийн байгууллагаас зөв­шөөрөл авч байж хувьцаа гаргадаг. Жишээ нь, тухайн аль нэг компани өөрөө шийдээд хувьцаа гаргадаггүй. Төрийн оролцоотойгоор төрийн бай­гууллагаас зөвшөөрөл хүс­сэ­нийг үндэслэж хувьцаа гаргасан тохиолдолд төрөөс хохирогчдын хохирлыг ба­рагдуулах нь буруу биш. Шүүх энэ талд зөв шийдвэр гаргасан гэж хэлж болно.

-Их хэмжээний чанаргүй зээл гар­гас­наас “Анод” банк алдагдал хү­лээсэн гэж ту­хайн үед Монгол­банк­наас то­ми­логдсон Бүрэн эрхт төлөөлөгч мэ­­­дэгдсэн. Өн­­­гөр­сөн ху­га­­цаанд зээл­­­­­дэгчид зээ­лээ хэр төлж ба­раг­­дуул­сан юм бол?
-Шүүх хурлын үеэр банкны Эрх хүлээн авагчид энэ талаар тодорхой тоо хэлж байсан. Энэ тухай за­рим мэдээлэл, ба­римтыг шүүхэд өг­сөн. Тиймээс өр, зээл барагдуулсан эсэх асуудлын та­лаар “Анод”-д то­милсон Бүрэн эрхт төлөөлөгч, Эрх хүлээн авагчаас тодруулсан нь дээр байх. Би энэ хэрэгт өмгөөлөгчөөр оролцсон хүний хувьд нэг зүйлд харамсдаг юм.

-Юунд харамсдаг гэж...?
-Бид Монголбанкнаас “Анод”-д Бүрэн эрхт төлөөлөгч томилох үед л хугацаа алдалгүй Захиргааны хэргийн шүүхэд хандах ёстой байсан юм билээ. Захиргааны хэргийн шүүхэд зургаан сарын дараа хандсан л даа. Гэвч шүүх Бүрэн эрхт төлөөлөгч томилсон нь үндэслэлтэй гэсэн шийдвэр гаргасан. Тэгэхэд банкны олонхи тооцооны төвийг татан буулгаж, ажилтнуудыг нь халсан байсан. Энэ байдлыг өөрчилж, анх Бүрэн эрхт төлөөлөгч томилсон үед эргүүлж оруулахад маш хүндрэлтэй болсон, нөгөө талаар төр эргээд хариуцлага хүлээх байдалд орж магадгүй гэсэн болгоомжлол байсныг ч үгүйсгэхгүй. Магадгүй, удирдлагуудад эрүүгийн хэрэг үүсгэж, хорих үед Захиргааны хэргийн шүүхэд хандсан бол өөрөөр шийдвэрлэх байсан болов уу гэж боддог. Харамсалтай нь, тухайн үед эрүүгийн хэрэгт нь илүү анхаарал хандуулаад энэ асуудлыг орхигдуулсан. Удирд­лагууд ч хоригдож байсан учир боломжгүй байлаа. Тэднийг батлан даалтад гаргасны дараа шүүхэд хандсан боловч хожимдсон л доо.

-Ер нь, “Анод” банкийг хөл дээр нь босгох боломж байсан уу. Та юу гэж бодож байна вэ?
-Тухайн үед “Анод” ган­цаа­раа хүнд байдалтай ороогүй. Монгол Улс төдийгүй дэлхий нийтэд санхүүгийн хямрал нүүрлэсэн. Монголын бүх банк ганхаж байсан. “Анод”-ынхыг хоёр, гурав нугалах хэмжээний алдагдалтай банк олон байсан. Гэтэл төрийн зүгээс арилжааны банкуудад тэгш байдлаар хандаж, арга хэмжээ аваагүй. “Анод”-оос хүнд байдалтай байсан банкийг аварсан. Үүнээс үзвэл, тухайн үеийн санхүүгийн өрсөлдөөн, улстөрчдийн болон бизнесийн бүлэглэлийн оролцоо ч байсныг үгүйсгэх аргагүй. Монголбанк “Анод”-той хэтэрхий шударга хандсан. Хэрэв хүссэн бол энэ банкийг дээш нь татах боломж байсан гэж үздэг. Тухайлбал,  гадаадын зарим улс орон тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж, “Анод”-ыг алдагдалтай нь худалдаж аваад, өөд нь татъя гэсэн саналууд ирж л байлаа. Удирдлагууд нь ч энэ саналыг дэмжиж, тухайн улс оронтой хамтарч ажиллая гэж Монголбанкинд удаа дараа хандсан. Харамсалтай нь, Монголбанк энэ саналыг дэмжээгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан