Иргэдийг орон сууцжуулах зорилготой “100 мянган айлын орон сууц хөтөлбөр”-ийн хохирогчид Сүхбаатарын талбайд маргааш өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдлээ. Сонгуулийн шоу байсан гэгддэг эл хөтөлбөр богино настай байсны дээр амьдралаар нь тоглосон нь ийнхүү Төрийн банкны хаалгыг жил гаруй сахисан хохирогчдыг нэгдэхэд хүргэжээ. Байр, хашаа байшингаа заран айлаас айлд царай алдан амьдарч байна хэмээн нулимс цийлэгнүүлэн ярих тэд төрийн эрх баригчдад дуу хоолойгоо хүргэхээр Сүх жанжны талбайд гэр барих гэж Сүхбаатар дүүргийн цагдаа нартай маргаан үүсгэв. Учир нь, Сүхбаатарын талбайд ямар нэгэн жагсаал, цуглаан хийх бол дүүргийнх нь ЗДТГ, Цагдаагийн хэлтсээс зөвшөөрөл авдаг аж.
Энэ дагуу хохирогчид холбогдох газарт нь хүсэлтээ өгсөн гэх боловч цагдаа нар бичгээр, утсаар зөвшөөрөл өгөөгүй хэмээн гэрийн унь, тооно, эсгийг нь булаан муур, хулгана болж хөөцөлдөв.
Энэ талаар иргэдийн эрх ашгийг хамгаалдаг байгууллагын ажилтан гэх Г.Сувд “Бид хуулийн дагуу холбогдох газарт нь албан бичгээ өгсөн. Гурав хоногийн өмнө мэдэгдсэн байх ёстой гэсний дагуу энэ сарын 6-нд Сүхбаатар дүүргийн ЗДТГ болон Цагдаагийн хэлтэст албан бичгээ өгсөн. Гэвч алинаас нь ч хариу өгөөгүй учраас зөвшөөрч байна гэж үзэн гэрээ барих гэтэл цагдаа нар эсэргүүцлээ. Дээрээс нь, гэр авчирсан Портер машины жолоочийг торголоо. Энэ бол байж боломгүй үйлдэл” хэмээн бухимдан ярив. Харин цагдаа нарын хувьд “Энэ хүмүүс Сүхбаатарын талбайд суулт хийх зөвшөөрлөө албан ёсоор аваагүй. Тиймээс гэрээ барьж болохгүй гэж хууль ёсны дагуу шаардлага тавихад хүлээж авахгүй байна” хэмээн учирлалаа.
Ямартай ч, гэрээ барих эрхгүй ч үзэл бодлоо илэрхийлэх эрх нээлттэй биз дээ хэмээн тэд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хохирогчдын асуудлыг шийдэж өг гэсэн шаардлагаа бичсэн хуудсаа барин барьж чадаагүй гэрээ хамгаалан тойрон зогсов. Энэ үеэр зохион байгуулагчийн үүрэг гүйцэтгэж буй Т.Мягмарсүрэнтай уулзахад “Засгийн газраас 2012 онд “100 мянган айлын орон сууц” хөтөлбөр зарласан. Гэвч анхнаасаа ямар ч бэлтгэлгүй зарласан энэ хөтөлбөрөөс болж олон хүн дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэгч болчихоод байна. Үнэндээ 4000 айлын орон сууцны зээлийн асуудлыг шийдэж чадахгүй бол Засгийн газар гэж байгаад яах юм. Хэдийгээр энэ хөтөлбөр өмнөх Засгийн газрын ажил ч гэлээ ард түмнийхээ төлөө ажилладаг юм бол шийдэж өгөх ёстой. Бидний зээлийг шийдэх болов уу гэж жил харуулдлаа шүү дээ. Шинэчлэлийн Засгийн газар шинэчилсэн хувилбараар явуулах “100 мянган айлын орон сууц” хөтөлбөртөө эхний ээлжинд байр нь 100 хувь ашиглалтад орсон энэ хүмүүсийнхийг шийдэж өгөөч гэж хүсмээр байна. Би ч гэсэн энэ зээлд хамрагдан орон сууцтай болох гэж байгаад хохирсон залуу гэр бүлийн төлөөлөл. Хэрвээ бидний асуудлыг шийдэж өгөхгүй бол энэ хөтөлбөрийн долоон хохирогч өлсгөлөн зарлана” гэв.
Хохирогчдын хэлж буйгаар уг хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангаж, зээл хүссэн материалаа өгсөн иргэдийн захиалсан байр нь өнгөрсөн оны арав, арванхоёрдугаар сард ашиглалтад орсон гэнэ. Гэвч зээлийн санхүүжилт нь шийдэгдээгүйгээс барилгын компаниуд энэ оны хоёрдугаар сараас эхлэн алданги тооцож, энэ сарын 15 гэхэд гэрээгээ цуцлахаа албан ёсоор мэдэгджээ. Хэрвээ гэрээг нь цуцалсан тохиолдолд иргэд урьдчилгаа төлбөрөө 10-20 хувийн алдагдалтайгаар буцаан авах юм байна. Тиймээс тэд Засгийн газар, Төрийн банк гээд холбогдох байгууллагад нь хүсэлт, шаардах бичиг хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл асуудлыг нь шийдэж өгөөгүйн улмаас ийнхүү нойтон өлсгөлөн зарлахаар шийдсэн нь энэ. Маргааш буюу лхагва гарагт өлсгөлөнгөө албан ёсоор эхлэх тэд өөрсдийнх нь хүссэн зээлийн санхүүжилтийг нэн даруй шийдэж өгөх, Засгийн газар, барилгын компани болон иргэдийн төлөөллийг байлцуулан зээл шийдвэрлэх явцад алданги тооцолгүйгээр байранд нь оруулж өгөхийг шаардаж байлаа. Энэ шаардлагаа ч Засгийн газрын холбогдох албан тушаалтанд өгөхөөр элч төлөөлөгчөө Төрийн ордон руу явуулсан байсан юм.