Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

ДОТООДДОО ТОСОЛ ҮЙЛДВЭРЛЭНЭ

Манай улс анх удаа Хүхрийн хүчлийн болон Хүхэрт натрийн химийн үйлдвэртэй болох гэж байна. Үйлдвэрийн төслийг “Нэйшнл химикал”, “Поликристалл” ХХК-иуд боловсруулан хэрэгжүүлж байгаа аж. Энэ талаар “Нэйшнл химикал” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Д.Энхбаатартай ярилцлаа. Тус компани нь хөрөнгө оруулалтаа хийгээд үйлдвэрээ сүндэрлүүлж буй гэнэ.

-Танай компани байгуулагдаад хэр удаж байна вэ. Ер нь, хүхрийн хүчлийн үйлдвэртэй болсноор манай улсад ямар ач холбогдолтой юм бэ?

-Манайх Монгол Улсад анхны химийн үйлдвэрийг байгуулах, химийн бодис үйлдвэрлэх зорилготойгоор 2002 онд байгуулагдсан 100 хувь Монголын хөрөнгө оруулалттай компани. Дөрөв дэх жилдээ төслөө хэрэгжүүлээд явж байна. Судалгаагаар арьс ширний үйлдвэрүүд жилдээ ойролцоогоор таваас долоон мянган тонн хүхэр хэрэглэдэг гэдэг. Тухайлбал, “Эрдэнэт” үйлдвэрийн технологийн гол түүхий эдийн нэг шүү дээ. Нэг ёсондоо, зэс, молибден хоёрыг ялгахад хэрэглэдэг бодис. Бид энэ үйлдвэрийг байгуулснаар дотоодынхоо хэрэгцээг 100 хувь хангана. Мөн жилд гадагшаа урсдаг долоогоос найман сая ам.долларыг хэмнэнэ гэсэн үг.
-Төслөө хэрэгжүүлээд явж байгаа гэсэн. Үйлдвэрийн байршил хаана вэ?
-Төв аймгийн Цээл, Заамарын зааг нутагт Цайдам нуурын ордыг түшиглэн хүхэр хүчлийн натри, хүхэрт натри гэдэг хоёр бодис үйлдвэрлэх юм. Хүхэрт натри нь дэлхийд хамгийн өргөн хэрэглэдэг түүхий эд. Үүгээр угаалгын нунтаг, тосол үйлдвэрлэж болно гэсэн үг.
-Тэгэхээр манай улсын жилийн хэрэгцээ хэд юм бэ. Дотоодын хэрэгцээгээ хангахаас гадна экспортод  гаргах боломж бий юү?
-Дорнод Сибирийн зах зээлд 30 гаруй мянган тонн хүхрийн хүчлийн натри шаардлагатай байдаг.Тиймээс бид гурваас дөрвөн сая ам.долларын бүтээгдэхүүн импортолно гэсэн үг. Манай улсын хувьд хоёр чиглэлээр ашиглаж байгаа ч будгийн, цаасны, шилний гээд маш олон үйлдвэр хүхэр хүчлийн натриг ашигладаг юм. Яваандаа импортыг орлох бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх үйлдвэрүүд байгуулагдвал байдал өөр болох биз ээ.
-Үйлдвэр ашиглалтад орвол Эрдэнэт үйлдвэртэй хамтарч цэвэр зэс үйлдвэрлэх боломжтой юу?
-Эрдэнэт үйлдвэртэй бид анх байгуулагдсан үеэсээ л хамтарч ажиллаж эхэлсэн. Тус үйлдвэр үндэснийхээ үйлдвэрийг дэмжинэ гээд анхныхаа туршилтын гэрээг байгуулсан. Дашрамд, манай хөрш  стратегийн түүхий эдээ гэж үздэг. Тус улс экспортыг дэмжсэн урамшуулалттай байснаа сүүлдээ тусгай зөвшөөрлөөр экспортолж байгаа. Тэгэхээр манай улсын хувьд ч гэсэн төрийн анхааралд аяндаа орох түүхий эд.
-Эхний бүтээгдэхүүн хэзээ гарах вэ?
-Тавдугаар сар гэхэд эхний бүтээгдэхүүн гарна. Эхний түүхий эд буюу хүхэр хүчлийн натриг бид үйлдвэрлэн туршиж үзсэн. Гэрээ ёсоороо Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэх юм.
-Хувийн хэвшил томоохон үйлдвэр барихад бэрхшээл мундахгүй л байгаа байх. Одоогоор хэдэн төгрөгийн санхүүжилт хийгээд байна вэ?
-Үйлдвэрээ байгуулах гэж арилжааны банкнаас зээл авсан болохоор хүндрэлтэй зүйл бий. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлого Засгийн газраас барьж буй. Тиймээс хөнгөлөлттэй зээлд хамруулж өгөөч гэж хүсч байна. Төрөөс биднийг бодлогоороо дэмжвэл импортыг орлож, экспортыг дэмжсэн гүн боловсруулалт хийгээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйлдвэр байгуулна. Нөгөөтэйгүүр, хүхэр химийн бодис учраас цаашдаа дахин боловсруулаад өөр химийн нэгдэл гарч хөгжүүлэх боломж бий. Одоогоор бид хүч бололцоогоо дайчлаад 12 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн. Эргэлтийн хөрөнгө гурван сая ам.долларын дэмжлэг үзүүлбэл үйлдвэрийн үйл ажиллагаа жигдэрчихнэ.

Б.Мягмаржав: Эрдэнэтийн аж үйлдвэрийг түшиглэж үйлдвэрээ барина

Ашигт малтмалын судалгаа, сурталчилгаа мэдээллийн төв төрийн бус байгууллагын тэргүүн Б.Мягмаржав Хүхэрт натрийн химийн үйлдвэрийн төсөл боловсруулжээ. Төслийн талаар түүнтэй цөөн хором ярилцлаа.

 
-Манайд хүхрийн орд байхгүй. Гэтэл үйлдвэр барих гэлээ хэмээн шүүмжлэх нэгэн байна. Түүхий эдээ хаанаас авах юм бэ?

-Хүхрийн хүчилд үндсэн гурван түүхий эд байдаг. Нэгд, байгалийн хүхэр.  Манайд олборлох боломж бий. Гэхдээ яг өнөөдөр орд олоод батлагдсан газар хараахан алга. Тиймээс гадаадаас ялангуяа, ОХУ-аас авах боломжтой. Мөн ойрын үед зэс хайлуулах, цайрын үйлдвэр байгуулагдвал мөн хэмжээний хүхэр үйлдвэрлэх боломж бий. Цаашдаа химийн үйлдвэрийн салбарыг Монголд хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Өнөөдөр манайд 30 гаруй мянган тонны хэрэглээ үүсчихээд байна. Энэ хэмжээгээр хүхрийн хүчлийг Монголд үйлдвэрлэх нь эдийн засгаа тэтгэх нэг арга юм даа.
-Хүхэрт натрийн химийн үйлдвэрийг барихад хэдий хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай юм бэ?
-Хүчин чадлаасаа хамаараад төсөв хөрөнгө нь ялгаатай. Бид хоёр хэлбэрээр төсөл боловсруулсан. Өөрөөр хэлбэл, 15 мянга, 30 мянган тонн үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр байна гэж. 15 мянган тонн хүчин чадалтай үйлдвэр нь хүхрээ импортоор оруулж ирээд үйлдвэрлэдэг. Харин 30 мянган тоннын хүчин чадалтай үйлдвэр нь Эрдэнэтийн хаягдлаас нефтийн баяжмал гаргаад хүхрээ үйлдвэрлэхээр зурагдсан төсөл.
-Үйлдвэрийн байршил хаана байх вэ. Химийн үйлдвэр байгаль экологид халтай гэдэг. Төсөлд энэ талаар хэрхэн тусгасан бэ?
-Эхний ээлжинд Эрдэнэтийн аж үйлдвэрийн паркийг түшиглэн барихаар төлөвлөсөн. Химийн үйлдвэр байгаль экологид тийм сайн нөлөөтэй биш гэдэг нь үнэн. Тодорхой хэмжээгээр үйлдвэрээс хаягдал гарна. Төслийн хүрээнд зөвшөөрөгдөх хэмжээнд шийдэж байгаа. Оруулж ирэх гэж байгаа техник технологийн хувьд ч олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартад заасан үйлдвэрийг оруулж ирэх юм.

Б.Мягмаржав

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан