Хиам, зайдас, гахайн мах, жигнэсэн үхрийн мах гээд хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн хүн төрөлхтөн наснаасаа эрт хорвоог орхих гол шалтгаан болж байна гэдгийг Европт хагас сая хүнийг хамруулан хийсэн судалгаагаар дүгнэжээ. Ийм төрлийн хүнсний бүтээгдэхүүн зүрх судасны өвчин, хорт хавдраар өвчлүүлж, улмаар залуугаараа нас барахад хүргэдэг байна.
“BMC Medicine” сэтгүүлд бичсэнээр Европын 10 орны 500 мянган хүнийг хамруулан бараг 13 жил тэдний хоол хүнсний хэрэглээг судалсны дүнд энэхүү дүгнэлтийг гаргасан бөгөөд өдөрт 160 граммаас их буюу хоёр зайдас юмуу нэг томхон зүсэм гахайн мах иддэг хүн байлаа гэхэд хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн бараг иддэггүй хүнтэй харьцуулахад 12,7 жилээр богино насалдаг болохыг тогтоожээ. Энэ нь хиам зайдас гэх мэт боловсруулсан хүнсэнд дуртай хүмүүс бусдыгаа бодвол эрт нас барах магадлал 44 хувиар өндөр байдаг гэсэн үг ажээ.
Судалгааг хийсэн эрдэмтэд тайлбарлахдаа хүмүүс “Тамхи, архины хэрэглээ, илүүдэл жин бол амьдралын буруу хэв маяг. Үүнээс болж өвчин үүсдэг гэдгийг аль эрт ойлгож ухамсарладаг болсон. Харин махыг их хэмжээгээр хэрэглэх нь тэр тусмаа хагас боловсруулсан махан бүтээгдэхүүн байнга хэрэглэх нь түүнээс дутахгүй муу үр дагавартай гэдгийг хараахан мэдэхгүй байна” гэжээ.
Боловсруулсан махан бүтээгдэхүүн гэдэгт утсан, жигнэсэн, давсалсан, удаан хадгалах зориулалттай ямар нэгэн бодис нэмсэн бүхий л төрлийн махыг хэлж байгаа юм. Хэрвээ эрүүл мэндээ хамгаалж, урт наслахыг хүсвэл улаан мах болон боловсруулсан махан бүтээгдэхүүнийг өдөрт 70 граммаас илүү идэхгүй байх хэрэгтэй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.