Л.Наранцэцэг бүсгүй таван хүүхэдтэй. Үр хүүхдээ хүний зэрэгтэй өсгөж, хүмүүжүүлснийг нь үнэлж, улсаас түүнд “Алдарт эх” одон олгосон. Гэвч хорооных нь нийгмийн ажилтан хаягийг нь буруу бичсэнээс өнөөг хүртэл одонгийн мөнгөө авч чадаагүй л явна. Тэрээр ”Би Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны иргэн. Саяхан “Алдарт эх”-ийн одонгоо авах гэтэл нэр чинь алга гэсэн. Гайхаад дүүргийнхээ халамж үйлчилгээний газарт хандтал хаяг чинь буруу байна. Манайх хороодын нийгмийн ажилтнаас одон авах эхчүүдийн талаархи мэдээллийг авдаг. Нийгмийн ажилтнаасаа тодруул” гэсэн хэмээн бухимдангуй ярив. Энэ талаар Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн дарга М.Лхагвасүрэнгээс тодруулахад “Бид нийгмийн халамжийн ажилтан авахдаа нийгмийн ажилтны чиглэлээр сургууль төгссөн, энэ чиглэлээр мэдлэгтэй байх гэсэн шалгуур эхний ээлжинд тавьдаг. Үүнээс гадна олон жил энэ чиглэлээр ажилласан хүмүүсээ чадавхижуулж, мэргэшүүлэх ажлыг хийж байна. 2000 онд 2000-3000 хүнд нэг нийгмийн ажилтан, сум, хороонд бол 5000 хүнд нэг ажилтан ногдох норматив байдаг. Гэвч бид ачааллаа тэнцвэржүүлж чадахгүй байна. Уг нь, он гараад нийгмийн ажилтны орон тоо нэмэгдсэн ч, хүрэлцэхгүй байна. Шилжин ирэгсэд нэмэгдэж, суурьшлын бүс хүрээгээ тэлж 16 мянган хүн амтай хүртэл байна шүү дээ. Тэгэхээр иргэддээ хүрч үйлчлэхийн тулд хороодод хоёроос гурван нийгмийн ажилтан байх ёстой. Тэгвэл ачаалал нь багасч, иргэддээ хүрэх боломж нь нэмэгдэнэ” хэмээн ярьсан юм. Албаны хүний яриагаар ажиллах хүч хүрэхгүй байгаагаас нэг халамжийн ажилтан гурав, дөрвөн хүний ажлыг хийдэг нь бичиг, үсгийн алдаа гаргахад хүргэдэг бололтой. Хэдий ачаалалтай ажилладаг ч цалинг нь авч байгаагаас хойш алдаа гаргах эрхгүй баймаар.
Тэгээд ч тус газраар нийгмийн зорилтот бүлэг гэгддэг ахмад настан, тахир дутуу, жирэмсэн эхчүүд л үйлчлүүлдэг. Гэтэл нэг удаа очоод л бичиг баримтаа бүрдүүлээд халамж, тэтгэмжийн мөнгөө авах ёстой байтал хоёр, гурав явуулж чирэгдүүлнэ гэдэг үйлчилгээний байгууллагад байх ёсгүй ажлын алдаа. Иргэд ч нээлттэй бус мэдээллээр хангадаггүй нь чирэгдэл үүсгэдэг хэмээдэг. Энэ талаар Монголын хараагүйчүүдийн холбооны нарийн бичгийн дарга н.Дуламсүрэн “Иргэдэд үнэн бодитой зөв мэдээлэл өгдөг баймаар байна. Нийгмийн халамжийн тухай шинэ хууль хэрэгжиж байгаатай холбоотойгоор мэдэхгүй олон асуудал гардаг. Гэтэл эхнээсээ нийгмийн халамжийн ажилчид нь хуулиа сайн судлаагүйгээс ташаа мэдээлэл өгч байна. Хуулиа сурталчилж нийгмийн халамжийн ажилчдад сургалт явуулах хэрэгтэй” хэмээв.
Ер нь, нийгмийн халамжийн салбар эмзэг, хариуцлага, үүрэг ихтэй. Иймдээ ч хэл ам тасардаггүй. Өнгөрсөн сард иргэдийн санал хүсэлтийг хүлээн авдаг 11:11-т нийгмийн халамжтай холбоотой гомдол хамгийн их ирсэн нь үүнийг нотлох мэт. Иймээс нийгмийн халамжийн ажилчдыг чадваржуулж, тэдэнд хариуцлага тооцдог болъё. Ямар нэгэн алдаа дутагдал гаргасан төрийн албан хаагчдад хүлээлгэх хариуцлага гэж уг нь бий. Гэвч нийгмийн халамжийн ажилчдад хуурамч баримт бичиг бүрдүүлсэн бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй тохиолдолд учирсан хохирлыг нь нөхөн төлүүлж 50 000-100 000 төгрөгөөр торгох хариуцлагын заалттай. Харин энд үг, үсгийн алдаа гаргасан гэсэн заалт байхгүй нь халамжийн ажилчид ажилдаа хайнга хандах шалтгаан болов уу. Одоо нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын харьяа 21 аймаг, есөн дүүргийн халамж үйлчилгээний хэлтэст 1536 ажилтан иргэдэд үйлчилж байна. Харин үүнээс нийгмийн халамжаар мэргэшсэн ажилтан хуруу дарам цөөхөн аж. Мэргэшдэггүй юм аа гэхэд ядаж иргэдтэйгээ зөв боловсон харилцаж, үг, үсгийн алдаагүй бичмээр юм даа.