Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.ОТГОНЖАРГАЛ: БИД ХҮН АМ ЗҮЙН ЦОНХ ҮЕИЙГ ЗӨВ АШИГЛАХ ЁСТОЙ

Шинэчлэлийн Засгийн газар хүн амын хөгжлийг тусад нь салган авч Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын яам байгуулсан. Хүнийхээ хөгжилд түлхүү анхаарч ажиллахын тулд байгуулагдсан дээрх яам ямар бодлого барьж ажиллаж буй талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Отгонжаргалтай ярилцлаа.


-Хүн амын талаар төрөөс баримтлах бодлогыг шинэчлэхээр болсон. Бодлогод ямар өөрчлөлт оруулах гэж байгаа талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Хүн амын талаар төрөөс баримтлах бодлого 2004 онд батлагдсан. Аливаа бодлого нийгмээ дагаад улам боловсронгуй болж байх ёстой. Шинэчлэлийн Засгийн газар 2004 онд боловсруулсан бодлогод үнэлэлт дүгнэлт өгч үзүүлэлт тус бүрээр нь авч үзэн шинэчилж буй юм. Тухайлбал, эмэгтэйчүүдийг гэр бүл төвтэй байлгах, хүүхэд эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд өртөх явдлыг багасгах талаар тусгана. Гэр бүлийн хүчирхийллийг зогсоохын тулд тухайн эмэгтэй сайн ээж, хань, бэр байх ёстой.
Хүн амын дундаж наслалт жилээс жилд нэмэгдэж байна. Гэсэн хэдий ч хүйсийн хувьд дундаж наслалтын харьцаа дэлхийн дундажаас хол зөрүүтэй болсон. Тухайлбал, манайд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 74 бол эрэгтэйчүүдийнх 65. Тэгэхээр эмэгтэйчүүдийн асуудлыг эрчүүд, гэр бүлгүйгээр төсөөлөх аргагүй юм.
Таны хүү бага наснаасаа сайн төлөвшил авч чадвал хожим аав болохдоо гэр бүлийн хүчирхийлэл үүсгэхгүй. Энэ бүхнийг цогцоор нь бодлого болгон хэрэгжүүлбэл гэр бүлийн хүчирхийлэл буурна. Мөн “Монгол сайхан эр хүн” хөтөлбөрийг боловсруулан Монгол орны өнцөг булан бүрт хэрэгжүүлнэ. Ингэснээр жендерийн зохистой харьцаа тэнцвэржих юм. Мөн хүүхдийн хүмүүжилд нөлөөлөөд буй телевиз, зарим сонинд цензур тогтоох шаардлагатай байна. Болохгүй, бүтэхгүй зүйлийг мэдээлээд байхаар хүүхдүүд үүнд  дасал болоод  байна. Нийгмийн стресс гэр бүлийнх болж хүчирхийлэл, муу муухай бүхэн гарч байгааг судлаачид баталж байгаа. Хэвлэл мэдээллийн байгууллага мэдээлэл гаргахдаа гэр бүлийн болон хүүхдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлөхгүй байх, хэрэв үнэхээр шаардлагатай гэж үзэж байвал нэг л сувгаар элдэв мэдээллээ цацмаар байна. Телевиз, сонин гэлтгүй интернэт, цахим  сайтад ч хяналт тогтоомоор байгаа юм. Энэ бүхнийг ССАЖ-ын яам зохицуулна. Аль ч яам хүнийхээ хөгжлийн төлөө бодлогоо тодорхойлдог.

-Гэр бүлд суурилсан бодлого баримталж байна гэлээ. Танай яамнаас Хүн амын хөгжлийн цогц бодлого боловсруулж эхэлсэн. Хүнээ яаж хөгжүүлэх талаар тайлбарлавал?
-Манай яамнаас ахмадын, хүүхдийн, эмэгтэйчүүдийн чуулган зохион байгууллаа. Эдгээр чуулганаар асуудал тус бүрийг цогцоор нь үзэн санал авч боловсронгуй болгохоор ажиллаж байна. Одоогийн гаргах бодлогод эмэгтэйчүүдийн асуудал гэр бүлийг дээдэлсэн, жендерийн тэгш оролцоог хангасан байх юм. Эмэгтэйчүүдийн биеэ үнэлэх явдал ганцхан Монголд бус хил дамнаж буй нь сэтгэл эмзэглүүлж байгаа. Түүнчлэн гэр бүлийн маргаанаас үүдэлтэй гэмт хэрэг үйлдсэн эмэгтэйчүүд олон байна. Тиймээс энэ бүхнийг цогцоор нь шийдэх бодлого боловсруулах юм.
Энэ асуудал салбар дундын бодлого байх ёстой. Тухайлбал, манай яам хүн амыг тогтвортой өсгөнө гээд бодлогодоо тусгачихсан. Манайхан өмнө нь хүн амын өсөлт багассан ч 2010 оноос хойш нэмэгдэнэ гэдгийг тооцоогүй байсан. Тэгэхээр эрүүл мэндийн салбарт эх нялхсын мэргэжилтнүүд, байр сав хүрэлцээтэй байгаа эсэх, түүнийг дагаад ясли, цэцэрлэгийн хүрэлцээ, боловсон хүчний орон тоо хангалттай байх ёстой. Энэ бүх бодлого салбар дундынх учраас уялдаа холбоотой ажиллах ёстой. Тийм ч учраас салбар дундын ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.

-Хүн амын хөгжилд нэлээд анхаарч байгаа юм байна. Тэгвэл нийгмийн хамгаалал тал дээр яам ямар бодлого баримталж байна вэ?
-Хүн амын амьдралын чанарыг дээшлүүлэх нь нийгмийн халамж, салбарын үүргийн хүрээнд манай яаманд хамааралтай. Амьдралын чанар гэдэг нь урт наслах, үүнтэй уялдаад тэтгэврийн асуудал хөндөгдөх юм. Тэтгэврийн нас хүртлээ шимтгэлээ төлж буй цалин амьдралын баталгаа болно. Тиймээс тэтгэвэр амьдралын баталгаа болж чадаж байгаа эсэхийг бид судлах ёстой. Хүн амын өсөлтөд тулгуурлаад 1960 оноос өмнө, түүнээс хойш төрсөн хүмүүсийн тэтгэвэр ямар байх ёстой талаар шинэчлэлт хийж байна. Өөрөөр хэлбэл, хүн амзүйн цонх үе Монголд нээгдсэн. Энэ үеийг маш зөв ашиглах ёстой. Цонх үе нь хөдөлмөрийн насныхан хүн амын дийлэнх олонхи болж байдаг учраас ажлын байраар хангаад байвал тэр хүмүүс амьдралаа аваад явах боломжтой болно. Нөгөөтэйгүүр нийгмийн даатгалын санд шимтгэл бүрдэх юм. Шимтгэлийг цуглуулж чадсан хүн тэтгэвэрт хамрагдах боломжтой болно. Энэ тэтгэвэр нь амьдралын баталгаа болж чаддаг байх ёстой. Үүн дээр тулгуурлан нийгмийн хамгааллын бодлого гарч байгаа. Харин халамжийн үйлчилгээг зорилтот бүлэгт чиглүүлэх бодлого барьж байна. Өөрөөр хэлбэл, халамжийг хавтгайруулж олгохгүйгээр цонх үеийг ашиглаад хөдөлмөр эрхлэлтийн үеийг явуулж чадах юм бол ажилгүйдлийн улмаас ядуурал буурч, зөвхөн нийгмийн эмзэг бүлгийн үнэхээр халамж авах шаардлагатай болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох юм.

-Тухайлбал, халамжийн талаар төрөөс баримтлах бодлого хэрхэн өөрчлөгдсөн гэж...?
-Халамжийн хүнсний хангамжийг бодлогоор зохицуулах юм. Өөрөөр хэлбэл, халамжийг үзүүлэхдээ бэлэн мөнгөний үйлчилгээнээс татгалзаж, хүнсний талон тараах хэлбэрээр ажиллана. Хүүхдүүд нь ядуугаасаа болж сурч чадахгүй айл байвал манай нийгмийн ажилтнууд тэнд ажиллаад гэр бүлийн хөтөлбөр гарган сургуульд хамруулах юм. Түүнчлэн хүүхэддээ сурагчийн дүрэмт хувцас, хичээлийн хэрэгсэл авч өгч чадахгүй байгаа бол тэр боломжийг хангах гарцыг хайж эрэлхийлнэ. Хүнсний талон бүхий л улс оронд байдаг. Шаардлагатай байгаа хүнсээ авч чадахгүй гэр бүлд олгох ёстой.
Өөрөөр хэлбэл, тухайн гэр бүлд өсч байгаа иргэн эрүүл хүнс хэрэглэж байж эрүүл саруул өснө  гэдэг байдлаар хүнсний талоныг хийлгэж байгаа. Одоогийн буй талондоо бага насны хүүхдийн хоолны илчлэг, калорийг хангасан ямар бүтээгдэхүүн нийлүүлж болох талаар судалж байна.

-Асрамжийн газарт цогц бодлого үгүйлэгдэж байна гэж салбарын сайд хэлж байсан. Уг бодлогыг хэрэгжүүлэхэд хэдий хэр хугацаа шаардлагатай вэ?
-Асрамжийн газрын шинэчлэл манай нийгмийн халамжийн бас нэг ажил. Асрамжийг төрөлжүүлэх ёстой. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг тусгаарлах, зайлшгүй асрах шаардлагатай ахмадуудыг асрах гэдэг тусдаа асуудал. Харж хандах үр хүүхэд, хамаатан садангүй өндөр настанд асрамжийн газрын төвлөрсөн үйлчилгээ үзүүлэх ёстой. Хүн амын дундаж насжилт нэмэгдэж байгаатай холбогдуулан ахмад настанд чиглэсэн халамжийн үйлчилгээ шаардлагатай байгаа нь үнэн. Тиймээс бид ахмадын асаргаа сувилгааны төв, өдөр өнжүүлэх үйлчилгээг нэвтрүүлнэ. Мөн асрамжийн газрын одоогийн үйлчилгээг өөрчлөх ёстой. Тийм учраас энэ газрын үйлчилгээний стандартыг боловсронгуй болгохоор ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, асрамжийн газарт ямар үйлчилгээг тухайн асруулагч авах ёстой юм, тэр нь стандартад нийцэж буй эсэхийг хянана. Дундаж насжилт нэмэгдэж байгаа орны хувьд ахмадын өдөр өнжүүлэх төвийг олноор байгуулах ёстой. Энэ чиглэлийн дагуу ажиллана. Сэтгэцийн эмгэгтэй хүмүүсийг байлгах зайлшгүй шаардлагатай асрамжийн төв ч бас байх ёстой. Ийм шаардлага нийгэмд гарч ирээд байна шүү дээ.  

-Ойрын хугацаанд ахмадын төв ашиглалтад орох уу?
-Нийгмийн халамжийн тухай хуулиар ахмадын сэргээн засах төвүүд нийслэлийн дүүргүүд болон бүх аймагт байгаа. Гэхдээ энэ нь төрийн бус байгууллагын хэмжээнд байх нь бий. Төрийн бус байгууллага бидний боловсруулах гээд байгаа стандартад нийцсэн, боловсон хүчинтэй, үйлчилгээний чадамжтай бол тэр дагуу явна.

-1990-2000 оны хооронд ажилласан жил тасарсан иргэдийн нийгмийн даатгалыг улсаас нөхөх хууль гарсан. Энэ ажил ямар шатандаа явж байна вэ?
-Энэ шинэчлэлийн маш томоохон ажил болсон. Тухайн үеийн нийгмийн шилжилт хөдөлгөөний үед ажилгүй болсон иргэдийг төр зохицуулах ямар ч механизмгүйгээр үлдээсэн. Тиймээс төр нийгмийн шилжилтийн явцад хохирсон иргэдийг нийгмийн даатгалд хамруулах боломж бололцоог бүрдүүлж өгсөн. Энэ хүмүүсийг ирэх наймдугаар сарын 1 хүртэл бүртгэнэ. Өөрөөр хэлбэл, 1990-1995, 1995-2000 оны үед байгууллага нь дампуурч, тухайн хүнээс шалтгаалахгүйгээр ажилгүй болсон хүмүүс энэ хуульд хамрагдах боломжтой. Уг хуулийн үйлчлэлийн хүрээнд 1990-1995 оны хооронд нийгэм даатгал нь тасарсан иргэд шимтгэл төлөхгүй, 1995 оноос Нийгмийн даатгалын тухай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн болохоор тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувиар даатгалаа төлөх боломж олгосон. Нийгмийн даатгалын ерөнхий газар болон аймаг, дүүргийн Засаг дарга нарын гэрээний хүрээнд манай газар маш өргөн хүрээнд хамтарч ажиллаж байгаа. Энэ ажлыг орон нутагт эрчимжүүлэх үйл ажиллагаа явагдаж байна. Уг хуулиар эмэгтэйчүүдэд маш том боломж олгож буй юм. Нэг жишээ хэлэхэд Дорнод аймагт бүртгэлтэй 230 иргэний 67 хувь нь эмэгтэйчүүд байсан. 1990-2000 оны хооронд эмэгтэйчүүдийн ажиллаж байсан үйлдвэр, хоршоо хамгийн их дампуурсан нь харагдсан. Тэд хамрагдахаас гадна малчид, хувиараа аж ахуй эрхэлж байсан хүмүүс ч нийгмийн даатгалаа нөхөж бичүүлэх эрх нээгдэж байгаа юм.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан