Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Өнөөдөр монголын тогтмол хэвлэлийн өдөр


Эдүгээгээс яг 100 жилийн өмнөх энэ өдөр Монгол оронд анхны хэвлэл “Шинэ толь” хэмээх сонин бичиг хэвлэгдэн гарч байжээ. Ийм ч болохоор энэ өдрийг монголын тогтмол хэвлэлийн өдөр, монголын үндэсний сэтгүүлзүй үүссэний 100 жилийн ойн өдөр хэмээн тэмдэглэж байна.

Монголд анхны хэвлэх үйлдвэрийн шавыг тавьж, Судар бичгийн хүрээлэнг байгуулан, түүх, угсаатны зүйн олон арван эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж, дэлхийн сонгодог бүтээлүүдийг Монгол хэлнээ хөрвүүлэн Монголын соёлын түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан  Буриад Монголын их номын хүн Жамсраны Цэвээн  Монголын анхны сониныг эрхлэн гаргасан байдаг.  
Тэр бас 1909 оноос эхлэн тэрээр Харбинд гарч байсан “Монголын сонин бичиг” сонины идэвхтэн сурвалжлагчаар ажиллаж байжээ.

Түүний хийсэн хамгийн гол зүйл бол 1913 оны 3 дугаар сарын 6 – нд “Шинэ толь хэмээх бичиг” сониныг анхны дугаараас нь эрхлэн гаргаж Монголын сэтгүүл зүйн түүхийг эхлүүлжээ.”Эрдэм сурахад эрхэмлэх дэвтэр” буюу шинжлэх ухааны суртал нэвтрүүлэг хийх сэтгүүл маягтай гарсан энэ хэвлэл тав дахь дугаараасаа сонины хэлбэртэй болж, нийгэм улс төрийн амьдралыг тусгаж эхэлсэн байдаг.  
Ж.Цэвээн бас  1915 оны 9 дүгээр сараас  “Нийслэл хүрээний сонин бичиг” сониныг эрхэлжээ.

Мөн Ж.Цэвээн нь ардын хувьсгалын дараа О.Жамъяангийн хамт шинэ Монгол улсын шинжлэх ухааны байгууллага – Судар бичгийн хүрээлэнг 1922 онд байгуулалцжээ.

Ардын хувьсгалын дараагаар Ж.Цэвээн нь “Ардын эрх”, “Монголын үнэн”, “Үнэн” сонинд хувьсгалын зорилт, улс орны аж ахуй, соёл боловсролыг хөгжүүлэх, байгаль хамгаалах сэдвээр олон өгүүлэл, нийтлэл бичжээ.

Ж.Цэвээнийг Оросын эрдэмтэн А.Н.Руднев “Төгөлдөр их эрдэмтэй, Монголын соёлд даанч хайртай, манай нийгэм улс төр , шинжлэх ухааны хүрээлэнгийн эрдэмт гишүүн, Доктор профессор Жамсрангийн Цэвээн билээ” гэсэн бол Сэтгүүл зүйн ухааны доктор Л.Норовсүрэн “Монгол улсад анхны бөгөөд засгийн газрынхаа сөрөг чиглэлтэй тогтмол хэвлэлийг эрхлэн гаргаж, хэвлэх үйлдвэр, түүний боловсон хүчнийг сургаж хүмүүжүүлэх, сэтгүүл зүйн практик үйл ажиллагааг хөгжүүлэхэд үлэмжийн гавьяа байгуулсан энэ хүнийг Монголын сэтгүүл зүйг үндэслэгч гэж үзэх, тэр ч бүү хэл Монголын тогтмол хэвлэлийн үндэс суурийг сонгодог утгаар нь биш ч гэсэн харьцангуй чөлөөт хэвлэлийн шинжтэй тавьсан хүн” гэж үзсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан