Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Бямбасүрэн: Энэ гэрээ бол үнэхээр тавиад туучихсан эд

Аавын сургааль алт, Ээжийн сургааль эрдэнэ гэж ярьдаг монголчууд эртний ухаант үгийг зөрчин буурлуудынхаа туршлагыг сонсолгүй хамгийн том баялагаа тавиад туусан гэхэд хилсдэхгүй. Оюу толгойн гэрээг УИХ-д өргөн барих болсон 2009 оны үед Д.Бямбасүрэн гуай юу гэж хэлж байсныг эргэн нэг харъя. Буурлын үгийг үл тоосноос залуус алддагийн нэг жишээ энэ мөн болов уу? Гэсэн асуултыг уншигч танд үлдээе.


-Оюутолгойн гэрээг УИХ-д өргөн барихаар болсон. Энэ гэрээний талаар та юу бодож байна вэ?
-Энэ гэрээ бол үнэхээр тавиад туучихсан байна. Оюутолгойн 34 хувийг монголын тал авсан болоод энэ хувиасаа буцаагаад нөгөө зээлээ төлөхөөр болж таарч байгаа юм. Манайх шиг, манай ордыг ашиглаарай ашгаас нь манайх зээлээ өгнө шүү гээд яриад сууж байдаг улс гэж байдаг юм уу.

-Энэ гэрээнд татварын урьдчилгаа болгож 125 сая ам.доллар авахаар болсон гэсэн?
-Монголд 125 сая доллар хэрэгтэй байж болно. Гэтэл 125 сая доллар хэдэн тонн алт вэ гэхээр ердөө дөрвөн тонн алт шүү дээ. Энэ дөрвөн тонн алтыг хэдэн нинжа нарыг ухаад гаргаад ир гэвэл гаргаад л ирнэ. Мөнгө ч авч болно л доо. Гэхдээ 125 сая ам.доллар биш 30 тэрбум ам.доллар авах ёстой юм шүү дээ. Ийм гэрээнээс болоод манайх 800 тонн алтаа алдчихлаа шүү дээ.

-Энэ гэрээний хугацааг 30 жилээр хийсэн нь ордоо зүгээр эзэмшүү¬лэх¬тэй адил гэх  хүмүүс байгаа. Таныхаар?
-30 жилээс гадна 20, 20 жилээр сунгаад 70 жилээр хийчихлээ. Хэлэх ч үг алга. Оюутолгойг ердөө 15 жилийн дотор л бүрэн ашиглаад дуусна. Ингэж ард түмнээ хуурч болохгүй шүү дээ. Татварын хуульдаа өөрчлөлт оруулах хэрэгтэй. Манайх шиг өөрийнхөө юмыг хүнээс гуйж авдаг ийм тэнэг төр гэж байх ч гэж дээ.

-Хямралаас гарахад 1.5 их наяд төгрөг хэрэгтэй үүнийгээ гадны орноос аваад ашигт малтма¬лаас авах ашгаасаа өгнө гэх болсон?
-Мөнгө хэрэгтэй нь хэрэгтэй. Гэхдээ монголын баялгийг гадагшаа зөөсөн хүмүүсийн гадаадад байршуулсан валют хоёр тэрбумд хүрчихээд байгаа юм биш үү. Тэр мөнгөө оруулаад ирэхэд л болно. Үүнийг авахын тулд байгалийн баялгаа зүгээр бэлэглэчих юм гэж хаашаа харсан юм байх вэ дээ. Ер нь, тэгээд  1.5 их наяд төгрөг ороод ирсэн ч нөгөө 76 хувааж идээд дуусна шүү дээ. “Угаасаа ядуусаа дэмжиж дийлэхгүй юм байна. Тиймээс баячуудаа дэмжье” гэж УИХ дээр ярьж байна гэсэн.

-Оюутолгойг 68 хувийн онцгой албан татвараас чөлөөлсөн. Тэгэхээр Эрдэнэт үйлдвэрийнхэн ч гэсэн барьцах вий гэж сэрэмжлэх хүн байгаа?
-Тэгэлгүй яадаг юм,  ойлгомжтой ш дээ. Орос төлөхгүй л гэж таарна шүү дээ.
Танайх 68 хувийн албан татвараа чөлөөлсөн, одоо манайх төлөхгүй гээд Эрдэнэтийнхэн хэлбэл  яах вэ.. Энэ төрийн томчууд монголыг цөлмөнө, цөлмөнө гэхэд арай ч дэндэж байгаа юм биш үү.

-Гэрээ хийгдээд эхэл¬бэл ард түмэнд амласан 1.5 сая төгрөгөө олгоод эхэлнэ гээд байгаа. Ийм боломж байгаа юу?
-Өнөөдөр мөрдөж байгаа ашигт малтмалын хуулиар бол ойрын 10 жилдээ Монгол Улс ямар ч ашиг авахгүй. Ашигт малтмалын хуулийн 61 дүгээр зүйлд тухайн хөрөнгө оруулалт хийсэн эхний таван жилд хөрөнгө оруулалтаа зардалдаа шингээнэ гээд заачихсан. Тэгэхээр эхний таван жил тэр хөрөнгө оруулалтыг өртөг рүү хийхээр ашиг гарахгүй шүү дээ. Ашиглалтад ортлоо гурван жил, хүчин чадал автлаа хоёр жил, ингээд таван жилд зардлаа нөхнө гэдэг нь үлгэр. Дээдэст  мөнгө олдоно харин ард түмэнд хэзээ ч мөнгө өгөхгүй. 1.5 сая төгрөг өглөө гээд яах юм, нэг удаа өгчихөөд дараа нь яах гээд байгаа төр юм бол доо. 30 хувь, 50 хувь гээд өөрс¬дийн баялгаа хүнд гуйж өгчихөөд өрөндөө буцаа¬гаад өгнө ч гэх шиг юу яриад байгаа юм бол доо. Энэ хэдэн төрийн тэргүүнүүд чинь Төмөртэй орд, Нарийн сухайт,  Бороо гоулд зэрэг ордоос дөрвөн их наяд төгрөгийг  татвараас бултуулж хувааж идсэн улс. Үүнийг нь нотлох баримт хангалттай их байгаа.

0 Сэтгэгдэл
arai dendnee ene idsen uusan humuustei hariutslaga tootsoh heregtei shdee
Хамгийн их уншсан