Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Х.ӨЛЗИЙБАЯР: ОРОН НУТГИЙН АНХНЫ МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН РЕДАКЦИ БАЙГУУЛЖ БАЙЛАА


“АССА” сайтын ноён нуруу болж яваа сэтгүүлч Хасбазарын Өлзийбаяр. Монгол хэл, уран зохиолын багш мэргэжилтэй тэрээр сэтгүүлчдийн эгнээнд хувь тавилангаараа нэгдээд 30 жил өнгөрчээ.
Дорноговь аймгийн сонинд идэвхтэн бичээч явсан тэрээр Монголын сэтгүүл зүйн түүхэнд анхдагчдын нэг болсон нь энэхүү ярилцлагаас харагдана. Мөн найман жилийн турш “ММ” агентлагийн мэдээ болгоны утга найруулга, үг үсэг бүрт анхаарч явсан. Харин одоо Х.Өлзийбаяр манай улсын сэтгүүл зүйн 100 жилийн ойг шинэ төрлийн мэдээллийн хэрэгсэл вэб сайтад оюунаа зориулан угтаж байна.



-Монголын сэтгүүл зүйн 100 жилийн ойн баярын мэнд хүргэе. Сэтгүүл зүйн ертөнцөд орж байсан үеэс тань яриагаа эхлэе?
-1982 онд Улсын багшийн дээд сургуулийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгсч, Дорноговь аймгийн Даланжаргалан суманд очлоо. Зуны амралтаар сургуулийн багш нар 2000 тэмээ ноослох ажилд дайчлагдаад явтал үнэхээр догшин тэмээ угтдаг юм байна. Би улсдаа тэмээний тоогоор гуравт ордог Дорноговь аймгийн Хатанбулаг сумын, тэмээтэй нутагт өссөн хүүхэд. Гэтэл Даланжаргалангийн тэмээнүүдийг бугуйлдаж, дээс ороож унагааж байж ноос хяргалаа. Ингэж тэмээ ноослоод уур хүрээд, тухайн үед хэьлэгддэг байсан аймгийн сонинд тэмээ ингэж зэрлэгшжээ гээд анхны мэдээгээ бичсэн юм. Түүрнээс хойш аймгийн сониндоо идэвхтэн бичигч болж, нутгийн сонин, түүх бичдэг боллоо. Идэвхтэн бичигчдийн зөвлөлгөөн, уулзалтад оролцож явсаар 1990 он хүргэсэн.

-Ардчилсан хувьсгалын салхи сэвэлзэж, шинэчлэл гарахаар бий болсон нь сэтгүүл зүйн нийтлэлийн өнгө аяст түрүүлж туссан байдаг. Та тухайн үед хаана ажиллаж байсан бэ?
-Нийгэм ч ид бужигнаж эхэллээ. Миний ажиллаж байсан “Ялалт” сониныг удирдагч нам нь буугаад, өөр олон нам гарч ирэхээр эрхлэгч нь ажлаа өгч, би ажлыг нь хүлээж авлаа. Аймгийн намын хороо ажилтнаа цөөлөөд манай сонинг анхаардаг хүн байхгүй болоод ирлээ. Тэр сонин нэг ширхэг нь 15 мөн­гөөр зардаг байсан ч хэв­лэлийн зардал нь 32 мөнгө. Бид 17 төгрөгийн алдагдалтай бо­ловч өөрсдөө хэвлэх үйлд­вэртэй учраас хүснэгт, маягт хэвлэж олсон мөнгөөр дутуугаа нөхдөг байсан юм. Алдагдлаас болоод сонин эрхэлсэн биднийг эсэргүүцэгч олон гарч ирсэн ч ерөнхийдөө улс даяар тийм байлаа шүү дээ.
1991 он гэхэд ерөнхийдөө нийгмийн шинэчлэл гараанаас гарчихсан учраас би сонины газраа нүүлгээд, хэвлэлийн редакци байгуулахаар ший­дээд “Ялалт” сониноос гадна телевизтэй, радиотой нэгдсэн редакци болох зорилго тавилаа. Дансандаа 50 мянган төгрөгтэй, ажлын шар ширээ, бичгийн машин, төмөр сейф, таван ажилтантайгаа хуучин намын байранд гурван өрөө түрээсэлж суув. Доторхи заслыг нь өөрчилж, радио студи байгуулаад тоног төхөөрөмжөө олох ажил өрнөлөө. Тэр үед Монголын радиод нэг сая төгрөгөөр нэг вагон мах худалдаад оронд нь систем 600, радио пүүлт наймаалцаж авсан. Ингээд л радиогоо Дорноговь аймгийн төв, хэд хэдэн суманд 1991 оны аравдугаар сард нэвтрүүлгээ цацлаа. Үндсэндээ 1994 онд телевизээ байгуулаад Монголд анхны орон нутгийн нэгдсэн редакци байгуулсан юм.

-Та яагаад редакцийнхаа даргын ажлаас буусан юм бэ. Улс төрийн шинжтэй юм орсон гэх юм билээ?
-Манай сонин анх бай­гуулагдахдаа Аймгийн намын хороо, захиргааны хэвлэл “Ялалт” сонин гэж явдаг бай­сан. Ардчилал гараад аймгийн төр, захиргааны хэвлэл мэ­дээл­лийн байгууллага болгож өөрчилчихөөр төсвөөс сан­хүүжих боломжтой болсон юм. Гэтэл 1992 онд Догмид “Шүншиггүй бурхан шүтээн биш” нэртэй нэг өгүүлэл бичээд, нийтлүүлье гэдэг юм байна. Аймгийн Засаг дарга байсан Б.Мижид гэж хүнийг Дархан аймгийнх болохоор Дорноговьд хийсэн ажилгүй, нэг цүнх барьж ирээд л баахан ачаа ачуулаад буцдаг гэж өгүүлэлдээ шүүмжилж. Үүний араас Догмидыг улсын хөгжлийн төлөө яваа хүнийг шүүмжиллээ гээд, түүнийг нь дэмжиж нийтэлсэн намайг захиргааны хурлаар авч хэлэлцлээ.
1996 онд Ардчилсан нам төрийн эрх барьж байсан ч Дорноговь аймаг улаан коммунист байлаа. Ишдорж гэдэг Засаг даргын үед би мэдээллийн нэгдсэн редакцийн эрхлэгчийн ажлаа хийж явсаар 1997 он гаргадаг юм байна. Гэтэл Цагаан сар болохын өмнөхөн өнөөх Засаг дарга чинь дуудаад одоо ажлаа хүлээлгэж өг гэлээ. Хөдөлмөрийн хуулиар ажлаас халахдаа 10 хоногийн өмнө мэдэгдэх ёстой, би өөр ажил олъё гэсэн чинь “Чи МОНЦАМЭ, Ардын эрх сониндоо ажилтай биз дээ” гэж байна. Тухайн үед редакцийн эрхлэгчээс гадна тэр хоёр сонины сурвалжлагч хийгээд, Засаг даргаас дөрөв дахин их цалин авдаг байсан юм л даа. Ингээд ажлаа өгөхгүй гурав, дөрөв хоног явчихаад сар шинийн баяраар Улаанбаатар хотод ирж шинэлчихээд буцаж очоод ажлаа өгчихлөө. Яагаад гэвэл Монголын үндэсний телевизийн мэдээний албаны захиралтай тохирчихсон бай­сан юм. Тэр үед Увс айм­гийн сонины эрхлэгч байсан Бадамсамбуу албаны захирлаар ажиллаж байсан юм. Ингээд л 1997 оноос Үндэсний телевизийн “ММ” агентлагт ороод зургаан сарын дараа ахлах редактор руу дэвшиж, хотын хүн болсон. “ММ” агентлагт би ахлах редактороор найман жил ажилласан байдаг.

-Одоо манай сэтгүүл зүйд залуучууд их түрэн орж ирлээ. Хаа газар залуухан даргатай, шинэхэн төгсөгчдийг сэтгүүлчээр ажиллуулж байх юм?
-Миний бодлоор одоогийн сэтгүүл зүйд хоёр том алдаа байна. Юун түрүүнд сэтгүүл зүйн байгууллага өөрөө хөл дээрээ босч чадаагүй учраас бусдын халаасанд ордог явдал. УИХ-ын гишүүд хэвлэлийн байгууллагатай, төрийн байгууллага хэвлэлтэй байж болохгүй гээд хуульд заачихсан байхад өчнөөн газар хэвлэлтэй байгаа шүү дээ. Өдөр тутмын мэдээлэл, үйл явдал бичдэг хэрнээ өнөөх эзнээ магтаж, хамгаалах, өрсөлдөгчийг нь муулах байдалтай. Тэгэхээр мөнгөний сэтгүүл зүй ноёрхож байна гэх болох юм. Хоёр дахь дутагдал нь үг үсэг, утга найруулгын алдаа хаа сайгүй байна. Орос хэлэнд нэр үгээр их ярьж, бичдэг учраас “Японд газар хөдлөлт боллоо” гэсэн мэдээг яг энэ чигээр нь буулгадаг. Яахав, хэлтэй гэдгээ харуулаад сайхан л байх гэхдээ монгол хэл үйл үгээр баян учраас үйл үгтэй байвал уран яруу сонсогдоно. Тэгэхээр түрүүний мэдээг “Японд газар хөдөллөө” гэх ёстой. Бас нэг зүйл нь “Тогтоолыг баталлаа, хуулийг дэмжлээ” гэж бичээд байгаа мөртлөө гэртээ хариад “гутлыг өмслөө, буузыг идлээ” гэж ярьдаггүй шүү дээ. Реклам сурталчилгаанд ч гэсэн “Манай пиццаг захиалаарай, хүргэлт үнэгүй” гэхийн оронд “Манай пиццаг захиалаарай, үнэгүй хүргэж өгнө шүү” гэвэл ямар байна? Реклам хүний сэтгэлд хүрэх ёстой шүү дээ, түүний тулд үйл үг байх хэрэгтэй.

-Сая та яриандаа дурд­лаа. Мөнгөний сэтгүүл зүй бий болж, бусдын халаасанд орчихлоо гэж. Ер нь чөлөөт сэтгүүл зүй байдаггүй гэж ярьдаг. Энэ тухай ямар бодолтой явдаг вэ?
-Монголын аль ч сониныг аваад үзсэн шударга, ил тод, чөлөөт хэвлэл гэж тодотгодог. Гэтэл үнэмлэхүй чөлөөт сэтгүүл зүй гэж байхгүй гэдэг л дээ. Хамгийн том төр, нам, олон нийтийн байгууллага, улстөрч, хөрөнгө оруулагч эзэн гээд нэг сэтгүүлчид олон удирдлага байж болно. Хэчнээн чөлөөт байлаа гэхэд л редакци дор ажиллана шүү дээ. Өнөөх хараат бус гээд учиргүй эрэн сурвалжлаад бичээд ирсэн материалаа нийтлэх гэтэл эрх­лэгч нь миний найз, холын ха­маатан учраас гаргахгүй ээ гэх яв­дал байгаа. Энэ бол манай сэт­гүүл зүйд байгаа нэг аюул юм.
Хоёр дахь аюул нь тү­рүүн хэлсэн залуучуудтай холбоотой. Сургууль бүрт сэтгүүлч төгсгөөд туршлагагүй хүн олширлоо. Сэтгүүлч хүн бүх зүйлийг мэддэг юм шиг боловч мэдээд байна уу гэхээр үгүй байдаг. Чи соёл урлагийн албаны сэтгүүлч байлаа гэхэд зөвхөн дууны чиглэлээр бичнэ гэвэл нөгөө уран зураг, ном зохиол, баримал сийлбэр, кино жүжгийг хэн нь бичих билээ дээ. Яг үүний адил сэтгүүлч бүх л төрлийн зүйлээс мэддэг байх шаардлагатай болдог. Гэтэл өнөөдрийн залуу сэтгүүлчдийн дунд тийм хүн их цөөн. “ММ” агентлагт байхад болсон хөгтэй явдал бий. Нэг сэтгүүлч маань газар тариалангийн чиглэлийн хүнтэй ярьж байтал “Төчнөөн га-д төмс, хүнсний ногоо, төдий га-д тариа будаа тариална. Бас өчнөөн га талбайд уринш хийхээр болсон” гэтэл нөгөө сэтгүүлч маань “Уринш гэж ямар ногоо билээ” гэж асуусан байдаг юм. Ийм л гэнэн томоогүй байдал сэтгүүл зүйд аюул шүү.
Өөр нэг хэцүү зүйл нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо. Нэг газраас гараад өөр байгууллагад чөлөөтэй орчих­дог энэ байдал нь залуу сэт­гүүлчдийг биеэ тооход хүргэж байна. Тэр хэрээрээ хүний үг даахгүй болоод байдаг. Бичсэн мэдээлэл чинь ийм байж болох байсан шүү гээд хэлэхээр л явчихна. Очиж байгаа газрынх нь дарга шууд ажилд оруулаад л гайгүй царайтай байвал шууд эфирт гаргах гээд түлхчихдэг. Үнэндээ нөгөө хүн нь дуу хоолой, уншлага ямар гэдгийг ч анхаарахгүй өнгөц дүгнээд байгаа нь залууст амархан боломж шиг харагддаг байх. Бүх телевиз тийм. Хаа очиж МҮОНТВ тэр зарчмаа алдаагүй байх шиг.

-Энэ хэлний ядууралд орсны шалтгаан нь ном уншихаа байсан явдал гэж хүмүүс хэлдэг?
-Ер нь үнэн боловч одоогийн залуус юу уншиж байгаа нь учиртай л даа. Өөрсдийнх нь өмнөхөн “гут­лыг өмслөө” гээд ярьж байсан хүн гээд зохиол биччихээр тэрийг л уншиж байна. Гэтэл тэрнээс өмнө хэл, найруулга, утга санаа, үг үсгийн алдаа­гүй түмэн зохиол бий. “Га­зар шороо”, “Цаг тө­рийн үймээн”, С.Эрдэний түүвэр, С.Догмидын түүвэр гээд сонго­дог зохиолууд өчнөөн байгаа. Тэр дундаас өнөөх газар тариалангийн уринш, мал маллагааны зүйлүүд гээд олон юм мэдэж авна. Дээр нь уран зохиол уншаад сэтгэлийн таашаал эдэлнэ. Адаг сүүлд нь уран сайхан, найруулгаас нь суралцана шүү дээ.

-Сэтгүүл зүйн энэ байдлыг цаашид яаж өөрчлөх вэ? Эсвэл цаг хугацаа засна гээд энэ хэвээр байх уу?
-Би албан ёсоор сэтгүүлч мэргэжил эзэмшээгүй. Гэхдээ сэтгүүлчдийг эмч, хуульчтай адил болгох тухай санаа байдаг юм. Эмчлэх эрх, багшлах эрх гэдэг шиг мэргэжлийн үнэмлэх олгодог байгууллагатай болъё. Тэр байгууллага нь сургуу­лиа төгссөн хүнд давтан сур­галт зохион байгуулж, үнэмлэх олгож байж болох юм. Харамсалтай нь, дээд боловсрол эзэмшээд гарч ирж байгаа хүнд дахиад сургах гэлээ гээд эсэргүүцэх байх. Бодит байдал дээр телевиз, со­нины сэтгүүлч гэдэг хүн юугаа ч мэдэхгүй байна шүү дээ.
Жилээс жилд сэтгүүл зүйн мэргэжлээр боловсон хүчин бэлтгэдэг сургууль олон болсон ч төгсөгч нь муудаж байна. Яагаад гэхээр багш нар оюутнаа сургая гэж бодохоо байчихаж. Нэгэнт мөнгөө өгчихсөн юм чинь өөрөө сурна уу, байна уу хамаа алга гэж ханддаг. Гэтэл оюутанд нь бас учир байна. Дунд сургуульдаа тоо, физиктээ муу сурдаг хүүхэд ирээдүйд тоо бодохгүй юм гээд монгол хэлээр оноо авч, мэргэжлээ сонгодог. Тэрний нэг нь сэтгүүлч шүү дээ. Чин хүслээрээ сонгож, зорьж орж ирсэн нь цөөхөн, дийлэнх нь өдөр өнгөрөөх байдлаар сурдаг болохоор энэ мэргэжил өөрөө үнэ цэнэгүй болоод байна. Үүнээс гадна багш, боловсон хүчин чанаргүй боллоо. Өнгөрсөн жил дээд курст нь суралцаж байсан Өлзийбаяр Ганбилэгтэй хамт бааранд сууж байснаа өнөөдөр дипломоо авчихад Ганбилэгтээ хичээл заагаад сууж байна. Тэгэхээр өөрөөс нь ялгаагүй хүн нөгөөхдөө ямар шинэ зүйл зааж, ямар туршлага олгох вэ дээ.

0 Сэтгэгдэл
Сэтгүүлзүйи түүхээ зөв бичмээр юм байна даа
Хамгийн их уншсан