Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Замаа угаалаа гээд эдэлгээ нь уртсах биш дээ


Улаанбаатарчууд замаа угаадаг болох гэнэ. Энэ ньгадаадын зарим орны замаа арчлах нэг арга. Харин манай улсын хувьд цоо шинэ зүйл гэдгээрээ ялгарна хэмээн хотын удирдлагууд онцолсон. Үнэхээр ч цоо шинэ зүйл гэдэг нь маргашгүй үнэн. Гэхдээ жилийн дөрвөн улирал угтан авдаг Монгол Улсад тэр үнэтэй техник нь зогсолтгүй ажиллах болов уу. Тэгэхдээ бүр ногоон байгууламж нь “нүдний гэм” болсон Улаанбаатар хотод.

Уг нь, манайх шиг хуурай цаг агаартай улсад ногоон байгууламж шиг хэрэгтэй зүйл байхгүй. Олон улсын жишгээр сая гаруй хүн амтай хотод нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ 24 метр квадрат байна гэж заасан байдаг. Харин манай улсын хувьд нэг хүнд 1.6 метр квадрат талбай оногдож байгаа нь дэндүү бага тоо. Энэ тоо 2020 он гэхэд 10.8 метр квадрат болтлоо багасна гэсэн судалгаа гарчээ. Ганцхан хүнд хүчилтөрөгч бэлэглээд зогсохгүй хотын өнгө үзэмжийг нэмдэг ногоон байгууламж авто замын ч насыг уртасгадаг хэмээдэг. Энэ талаар нийслэлийн Авто замын дарга асан Д.Од “Зам эвдэрч буйн гол шалтгаан нь шороо, жижиг чулуу, хөрсний ус их хэмжээгээр орж ирдэгтэй холбоотой. Зам арчлалтын мөнгө гэж тусгадаггүйгээс хойш зам дагуухь ногоон байгууламж, тохижилтоо умартмааргүй байна. Ногоон байгууламжийг дагаж авто замд шороо тоос, чулуу орох нь бага байдаг. Тиймээс тоог нь нэмбэл зам ашиглалтын хугацаа уртасна” хэмээн ярьсан удаатай.

Үнэхээр ч өндөр хөгжилтэй орнуудад цэцэрлэгжүүлэлтийн талбайн нийт хэмжээ нь газар нутгийн 50 гаруй хувийг эзэлдэг бол манайд ердөө л таван хувьтай. Ногоон байгууламж бага болохоор ч тэр үү үндсэндээ тохижилт нь хаягдсан Улаанбаатарт хүчтэйхэн салхи салхилахад л авто зам байтугай иргэд нь шороо, чулуундаа нүдүүлэх нь энүүхэнд. Тэгэхээр хэчнээн засмал замаа угааж, арчаад ч ногоон байгууламжаа нэмэхгүй бол эргээд шороо тоосондоо дарагдан ажлынх нь үзүүлэлт ахихгүй мэт. Эсвэл хотын удирдлагууд арай өөр нүдээр харсан юм болов уу. Хөрөнгө мөнгөнийхөө боломжийг харж эхний ээлжинд авахаар төлөвлөсөн гэх замаа угааж цэвэрлэдэг машины нэг нь 250 сая төгрөгийн үнэтэй. Өөрөөр хэлбэл, таван машин гэхээр нийтдээ тэрбум 250 сая төгрөг гэсэн үг. Нийслэлийн Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайханы хэлснээр хоёр нь замаа угаахад гурав дахь нь чийглээд соруулдаг орчин үеийн технологи гэж тодотгоод буй эл машины ид шид үүгээр хязгаарлагдахгүй. Угаадаг машин нь гэхэд есөн тооны цэвэр, долоон тоннын бохир усны танкертай. Энэ нь, авто замын бохир усны хоолойгоо бүрэн шийдээгүй нийслэлийн хувьд замаа услаад, эргүүлээд соруулна гэдэг том давуу тал гэнэ. Түүгээр ч барахгүй 100 км-т 15 литр дизель ус зарцуулж, хөрсний ус ашиглана гээд байгаа. Гэвч орчин үеийн техник технологийн ололт бүрийг шингээсэн эл машин нь өдөр, шөнөгүй хүчин зүтгээд ч авто зам шил, толь шиг байна гэдэг нэг л эргэлзээтэй. Учир нь, жилийн дөрвөн улирлынхаа аяст захирагддаг авто замыг өөгүй өнгөлөг, толигор байлгана гэдэг хэцүү. Яахав, хавар, намар, зундаа угааж цэвэрлэсэн ч шороо тоосондоо үе үе дарлуулах Улаанбаатарын замын “эрүүл мэнд”-ийг хамгаална гэдэгт нэг л итгэж өгдөггүй ээ.

Чингэлтэй дүүргийн Үйлдвэрлэл, тохижилт үйлчилгээний хэлтсийн дарга асан Д.Булган нэгэн яриандаа “Хотод ногоон байгууламжийн тоо багасч байгаа. Энэ нь, хүн амын өсөлт болоод бүтээн байгуулалт нэмэгдэж байгаатай холбоотой. Энэ хэрээр хот шороо тоосондоо дарагддаг. Нийслэлийн төсөв ярих үеэр  ногоон байгууламжаа нэмье гэж ярьдаг ч зарцуулах мөнгийг нь хасчихдаг. Хасч, танамааргүй л байгаа юм. Мод, цэцэгсийнхээ  тоог нэмж байж л Монгол Улсын нийслэл дэлхийн бусад орны хот шиг болно. Ногоон байгууламжид зарцуулах хөрөнгө оруулалт сүүлийн 20 жил хийгдээгүй байж байгаад сүүлийн хоёр жилээс хөрөнгө төсөвлөдөг болсон” хэмээсэн. Тэгэхээр замаа он удаан жил ашиглая гэвэл ногоон байгууламж, тохижилт хэрэгтэй байх нь. Гэтэл манайд ногоон байгууламж нь “нүдний гэм” болчихоод байхад замаа угаагаад ч нэмэргүй гэвэл буруудахгүй байх.

Ирэх сард ажилдаа орох эл машин нь замын хөдөлгөөн зогссон үе буюу 03:00-07:00 цагийн хооронд Энхтайваны өргөн чөлөө, Их тойруу, Нарны зам гэсэн хотын төвийн замуудыг шөнө болгон цэвэрлэнэ гэсэн. Гол нь, нэг замыг гурав хоногт нэг удаа угааж, бусад үед соруулж цэвэрлэх ажил үүргийн хуваарьтай эл машинд сул зогсолт хийгээд буй есөн цэвэрлэгээний техник нэмэгдэнэ. Зундаа засварлаад ажилд нь оруулчихвал бусад замынхаа ч өнгө зүсийг засна гэсэн төлөвлөгөөтэйгээр хотынхон ажиллаж буй. Харин эл төлөвлөгөөндөө зам дагуухь ногоон байгууламж, тохижилтыг ч давхар хийнэ гэж тусгаасай. Магадгүй, нэг машин авах мөнгөө хэмнэн ТҮК-иудад дутагдалтай нэг ч гэсэн техникийг нь аваад өгвөл хот хоггүй болж, хотын авто зам ч цэвэр цэмцгэр байх юм ч бил үү. Тэгээд ч манайх шиг өвөл нь цасандаа, зун нь шороо, үерт нэрвэгдэх авто замыг зундаа угааж арчлаад эдэлгээ нь уртасна гэдэг 100-д нэг л тохиолдох зүйл биз. Эсвэл шороо тоос, чулууг үлдэн хөөн хийсгэдэг салхийг эс тооцвол шүү дээ.

0 Сэтгэгдэл
mashin awch bolno oo. gehdee hotod nogoon bguulamj heregtei bna sh dee. mod gej haana ymar uym bgaa bilee dee. hotiin darga naraa
гүрсэдийн үгийг санацгаа АДСАГАНДАА БАЙГААМ БИШ хэн хэдийг унагасандаа байгаам монголын замыг угааж цэмцийлгэж чадах уу
ӨӨ энэ машиныг нэг бүрийг нь 126 000 000 р авсан биздээ. Энхсайхан цөм хийжээ.
Хамгийн их уншсан