Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Бадрал: Хаана ямар байршилд байгаагаас хамаарч сурталчилгааны самбаруудын үнийг нэмсэн

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус хуралдаанаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зар сурталчилгааны самбар байрлуулахад дагаж мөрдөх журмыг хэлэлцэн баталсан.  Энэ журмын талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадралтай ярилцлаа.

-Зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх журмыг хэлэлцэн баталлаа?
-Энэ журам нь нийслэлийн өнгө үзэмж, иргэдийн аюулгүй байдлыг анхаарсан ач холбогдолтой болж чадлаа. Учир нь, нийслэлээс явуулж буй  бодлогыг есөн дүүрэгт хүргэнэ гэж заан дүүргүүдэд  тодорхой эрх мэдэл өгсөн.
Ингэснээр иргэд нь өөрийн дүүрэгт тулгамдаж буй асуудлаа мэдэхээс гадна удирдлагууд харьяа нутаг дэвсгэр дээрх реклам, сурталчилгааны самбарын асуудлаа шийдвэрлэж, цэгцлэх боломжтой болж байгаа юм. Харин ЗАА-наас ямар норм стандарттай хэдэн рекламны самбар байх ерөнхий бодлогын чиг үүргийг нь өгнө. Тиймээс журамд заасны дагуу зөвшөөрсөн байршлуудад самбар байрлуулах хүсэлтэй иргэд  тухайн дүүрэгт нь хандана гэсэн үг. Тэд хугацааг нь сунгах, төлбөр хийх зэрэг асуудлаа шийдвэрлээд явах юм.
-Одоо дураараа байрлуулсан рекламны самбаруудыг цэгцэлнэ гэж байсан. Энэ талаар журамд тусгасан уу?
-Дүүрэг бүрт ажлын хэсэг байгуулагдаж, реклам, сурталчилгааны самбаруудыг цэгцэлнэ. Ингэснээр  хот тээврийн болон явган зорчигчийн аюулгүй байдлыг хангасан сурталчилгааны самбаруудтай болох юм. Шат дараатай хийх энэ ажил ямар нэгэн аян, кампанит ажил ч биш, харин тогтсон  тогтолцоотой болох эхний алхам.
-Эхний ээлжинд  ямар реклам, сурталчилгааны самбаруудыг цэгцлэх вэ?
-Ерөнхийдөө нийт реклам, зар сурталчилгааны самбаруудыг мэдээллийн болон сурталчилгааны байгууламж гэж хоёр ангилна. Одоогоор манайд мэдээллийн байгууламж гэж байхгүй  шүү дээ. Бүгд л хулдаасан дээр хэвлэгдсэн стандарт бус рекламны самбар. Тиймээс гуравдугаар сарын 1-нээс эхлэн цагаан бүс буюу Их тойрог, Энхтайваны гудамж, Чингисийн өргөн чөлөө болон Яармагаас цааш наадамчны зам хүртэлх реклам, зар сурталчилгааны самбаруудыг буулгаж, түлхүү мэдээллийн байгууламж бий болгоно.
Мэдээл­лийн байгууламж гэдэг нь хаяг байршил заасан эсвэл иргэдэд хэрэгцээтэй мэдээллийг агуулсан тийм л самбарыг хэлдэг. Цаашдаа Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт зар сурталчилгааны самбар байрлуулахад дагаж мөрдөх журмыг үндэслэн  дүүрэг бүр өөрсдийн цагаан бүсээ тодорхойлж, стандарт бус 1000 гаруй сам­бараа цэгцэлнэ. Ирэх дөрөвдүгээр сар гэхэд дуусчих байх.
-Журамд заас­ны дагуу реклам, сурталчилгааны самбаруудын тоог цөөлж, үнийг нь нэмчихлээ. Дүүргүүдэд эрх мэдлийг нь өгөх нь зөв үү ч гэсэн яриа гарлаа?
-Бид өөрөөр харж байна. Нэгдүгээрт, хотын өнгө үзэмжийг сайжруулъя. Хоёрдугаарт, иргэдэд дүүргүүдийн хаана самбар байршуулах боломжтой байна вэ гэдэг чинь нээлттэй болж, сонгоод авах боломжтой боллоо. Үнийн хувьд аль 2006 оноос хойш мөрдөгдсөн журмын дагуу явж ирсэн учраас одоогийн  инфляцтай уялдуулан өөрчилсөн. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламжийн төлбөр хаана, ямар эзэлхүүнтэй байгаа гэдгээсээ шалтгаалж өөр өөр байгаа. Тухайлбал, агаарын байгууламжийг нэг бүрийг нь нэг удаа хөөргөхөд 150 мянга, мэдээллийн байгууламжийн төлбөрийг нэгдүгээр зэрэглэлд жилийн 250 мянга, хоёрдугаар зэрэглэлд 140 мянган төгрөгөөр тус тус тооцно гэж үзсэн.
-Журмын хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих вэ?
-Хяналтын хувьд хотын Ерөнхий менежерийн дэргэдэх зөвлөл хянаж, зөрчсөн тохиолдолд уг журмын 9.4-т заасны дагуу зөвшөөрлийг нь цуцлах хүртэл арга хэмжээ авна. Хамгийн гол нь, энэ журмын дагуу шат дараатайгаар эмх цэгцэнд нь оруулна гэдгийг ойлгох хэрэгтэй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан