ФИНЛЯНД
Тамхины эсрэг хууль гарсан он: 1977.
Тамхи татахыг зөвшөөрсөн газар: Олон нийтийн газраас зайтай ил газар, гэртээ.
Зөрчсөн тамхичдад ноогдуулах торгууль: 50-150 евро, насанд хүрээгүй хүүхэд тамхи татсан тохиолдолд хорих шийтгэл ногдуулдаг.
Өнөөдөр ард иргэддээ санаа тавьдаг төртэй орон болгоныг хамраад байгаа тамхи таталт, тамхичдын эсрэг хуулийн давалгааны эхлэлийг Финлянд тавьж байсан юм. Энд тамхины эсрэг хуулийн заалтууд нь хамгийн хатуу. Жишээлэхэд, Өөрийн гэрийн тагтан дээр тамхи татахыг хүртэл хориглосон. Тагтан дээр татсан тамхины утаа тамхи татдаггүй хөршүүдийн салхивчаар дамжин орж хордуулж магадгүй гэснээс ийм хориг тавьсан гэнэ. Цаашилбал, насанд хүрээгүй хүүхэд тамхи татаж яваад баригдвал хорих хүртэл шийтгэл ноогдуулдаг. Гэхдээ ийм хатуу хууль гаргаж байгаад гайхах зүйл байхгүй. Учир нь, Финляндын улс төрийн элитүүд нь 2040 он гэхэд улсаа огт тамхи татдаггүй иргэдтэй болгох зорилт тавьсан юм. Аль нам, ямар фракц байгаагаас үл хамаараад нэг ч гэлээ нэгдсэн ийм зорилготой байна гэдэг том давуу тал. Олон арван жилийн турш хэрэгжиж байгаа Тамхины эсрэг хууль үр дүнгээ өгч одоогоор Финлянд улсад таван хүн тутмын ердөө нэг нь тамхи татдаг. Энэ бол маш бага үзүүлэлт юм. Харьцуулахад манай улсад насанд хүрэгчдийн хоёр хүн тутмын нэг нь тамхи татдаг гэсэн статистик мэдээ бий.
ИРЛАНД
Тамхины эсрэг хууль гарсан он: 2004.
Тамхи татахыг зөвшөөрсөн газар: Зочид буудал, гудамж, шорон, асрах газар, сэтгэцийн эмнэлэгт зэрэг тусгайлан гаргаж өгсөн газарт л зөвшөөрдөг.
Зөрчсөн тамхичдад ноогдуулах торгууль: 3000 евро.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тамхины эсрэг заалтуудыг Ирландын эрх баригчид хамгийн анх хэрэгжүүлж эхэлсэн юм. 2003-2004 оноос эхлэн бүх паб, зоогийн газар, кафед тамхи татахыг бүрэн хориглов. Тамхийг шар айрагтай хослуулах сонирхолтой хүмүүс нь гудамжинд тусгайлан гаргасан орчинд очиж татаж болно. Тамхичдад зориулан ийм бүс бий болголгүйгээр дотроо тамхи татуулсан баар, паб, зоогийн газрын эздийг шууд л 10 мянган еврогоор торгодог.
ШВЕД
Тамхины эсрэг хууль гарсан он: 2005.
Тамхи татахыг зөвшөөрсөн газар: Баар, зоогийн газруудад бусад танхимаас тусгаарласан, дотор нь идэж уух боломжгүй өрөөнд тамхи татаж болно.
Зөрчсөн тамхичдад ноогдуулах торгууль: 100 евро хүртэл. Шведүүд нь энэ зууны дундуур гэхэд улсаа тамхинд донтох нэртэй таагүй үзэгдлээс бүрэн ангижруулах зорилготой. Ийм ч болохоор тамхины эсрэг хууль нь хамгийн хатуу. Тухайлбал, дотор тамхи татахыг зөвшөөрдөг паб, баар, зоогийн газрууд нь зөвхөн бүртгэлтэй гишүүддээ үйлчилдэг, хэн дуртай нь орох боломжгүй хаалттай клубууд болж хувирсан байна. Ийм газруудад хэдийд, хаана яаж татахыг эзэд нь тусгайлан тогтоох эрхтэй.
ИХ БРИТАНИ
Тамхины эсрэг хууль гарсан он: 2006-2007.
Их Британи ба Умард Ирландын нэгдсэн вант улсын газар болгонд хууль энэ хоёр жилийн хугацаанд тус тусын онцлогтойгоор үйлчилж эхэлсэн.
Тамхи татахыг зөвшөөрсөн газар: Хувийн байр, орон сууц, зочид буудлын өрөөнд, шоронд, задгай газар.
Зөрчсөн тамхичдад ногдуулах торгууль: 2500 фунт хүртэл. Нэгдсэн вант улсын хуульд ямар нутгаас үл хамаараад хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэнд тамхи татахыг эрс хатуу хориглож байгаа заалтыг тусгайлан оруулсан байдаг. Бусад үзүүлэлтээр бол газраасаа хамаараад ялгаатай. Жишээлэхэд, Англид вокзал эсвэл нийтийн тээврийн хэрэгслийн зогсоол дээр тамхи татаж болох бол Шотландад ийм зүйл хийвэл 50 фунтээр өчиггүй торгоно. Хөл бөмбөг Нэгдсэн вант улсын хувьд үндэсний спорт болохоор ийм арга хэмжээ авсан биз. Манайх ч гэсэн Бөхийн өргөөнд наадмын талбай дээр тамхи татахыг хориглосон байхад буруудах зүйлгүй мэт.
ФРАНЦ
Тамхины эсрэг хууль гарсан он: 2008.
Тамхи татахыг зөвшөөрсөн газар: Зоогийн газар, кафен ил талбай дээр, төмөр замын буудлын ил газар, усан онгоцны задгай газар.
Зөрчсөн тамхичдад ногдуулах торгууль: 68 евро.
Уг нь анхандаа 2007 оны хоёрдугаар сарын 1-нээс 2008 оны нэгдүгээр сарын 1-н хүртэл зоогийн газар, диско клуб, кафед тамхи татахыг зөвшөөрдөг байснаа больсон. Үйлдвэр, албан байгууллагуудад тамхичдад зориулж 35 ам.метрээс ихгүй хэмжээтэй өрөө гаргаж өгдөг. Өрөөнд нь зөвхөн тамхи татна, ус ч ууж болохгүй. Гэхдээ тамхи татсан байгууллагын эздэд ноогдуулах торгуулийг өндөр болгоогүй гэдгээрээ онцлог. Эздэд жирийн тамхичнаас хоёр дахин илүү буюу 135 еврогийн торгууль ногдуулдаг.
ЭНЭТХЭГ
Тамхины эсрэг хууль гарсан он: 2008.
Тамхи татахыг зөвшөөрсөн газар: Ил задгай газарт, тусгайлан тоноглосон газрууд.
Зөрчсөн тамхичдад ногдуулах торгууль: 200 рупий буюу 4,5 ам.доллар.
Энэтхэг таван жилийн өмнө манайхтай адил хатуу хууль гаргаж төрийн болон хувийн бүх албан газрууд, зочид буудал, зоогийн газруудад тамхи татахыг эрс хатуу хориглосон ч нөлөө үзүүлээгүй байна. Хууль гаргахаас өмнө энэ улсад 240 сая тамхичин байсан одоо ч энэ тоонд онц өөрчлөлт гарсангүй. Торгуулийн хэмжээ нь хайрцаг тамхины үнэтэй тэнцүү болохоор тэр байж магадгүй юм.
ГЕРМАН
Тамхины эсрэг хууль гарсан он: 2008.
Тамхи татахыг зөвшөөрсөн газар: Олон нийтийн газар тусгайлан гаргаж, тусгайлан тоноглосон газруудад, зочид буудлын өрөөнд.
Зөрчсөн тамхичдад ногдуулах торгууль: 25-250 евро.
Дайны дараахь шинэ Европын түүхэнд тамхидалтын эсрэг хуулийг Финлянд анх гаргасан гэдэг ч үнэн хэрэгтээ хамгийн анхны ийм хуулийг гаргасан улс нь Герман юм. Германд бүр 1930-аад оны сүүлээр Гуравдугаар рейхийн эрх баригчид өөрөөр хэлбэл Гитлер тэргүүтэй Нацист намын Засгийн газар тамхины эсрэг хууль гаргаж байсан юм. Учир нь Гитлер, Гиммлер, Геринг, Геббельс нар нь огт тамхи татдаггүй хүмүүс байсан болохоор ийм хууль гаргасан гэж үздэг. Үүнээс хойш Германд тамхины эсрэг хууль гаргах тоолонд тамхичид нь нацист дарангуйлагчдын дурсан уурлацгаадаг. Тамхины эсрэг хуулийн заалтыг зөрчин өөрийн баар, зоогийн газар, нийтийн тээврийн хэрэгсэл, түүний дотор таксинд тамхи татахыг зөвшөөрөөд баригдвал 1000 еврогоор торгуулна. Тамхичдын торгууль тусдаа.
ЯПОН
Тамхины эсрэг хууль гарсан он: 2009.
Тамхи татахыг зөвшөөрсөн газар: Тусгайлан тоноглосон бүсэд, задгай газар. Гэхдээ хот болгон нь задгай газар гэсэн ойлголтод янз бүрээр ханддаг.
Зөрчсөн тамхичдад ногдуулах торгууль: дунджаар 1000 иен буюу 13 ам.доллар, дээд тал нь 40 мянган иен буюу 500 ам.доллар.
Тамхийг Японы үндэсний аюулгүй байдалд аюул учруулах бүтээгдэхүүн гэж үзсэн болохоор тэмцэх хэлбэр ч хатуу. Зарим хотод тамхи татах нь бүү хэл асаасан тамхитай хөл тавибал торгодог олон гудамжтай болсон. Гэхдээ эмэгтэй хүнд тамхи татахыг зөвшөөрсөн ягаан өнгөтэй тусгай тэмдэг нэвтрүүлсэн.
АНУ
Тамхины эсрэг хууль гарсан он: 2010.
Нийт мужуудын тал хувьд нь. Тамхи татахыг зөвшөөрсөн газар: гэртээ, олон нийтийн газар тусгайлан гаргаж өгсөн өрөөнүүдэд, задгай газар.
Зөрчсөн тамхичдад ногдуулах торгууль: Тухайн мужийн хуулиас хамаараад дунджаар 250-1000 ам.доллар. Хоёр жилийн өмнө АНУ-ын 50 муж улсын тэн хагасаас илүү нь олон нийтийн газар тамхи татахыг хориглосон хуулийг баталсан. Зарим мужид нь тамхи татахыг цээрлэсэн газруудад нь зөвхөн төрийн мэдлийн албан газар, байгууллагууд орсон. Зарим нь төрийн байгууллагууд төдийгүй нийтийн цэцэрлэгт хүрээлэн, тэдгээрийн ойролцоох зам, гудамжийг оруулсан. Иллинойс мужид гэхэд л наймаас доош насны хүүхдийн хажууд өөрийн машиндаа тамхи татвал хагас жил хоригдох ял авдаг. Кафе, зоогийн газартаа тамхи татахыг зөвшөөрсөн эздийг 2500 ам.доллараар торгодог.
ГРЕК
Тамхины эсрэг хууль гарсан он: 2010.
Тамхи татахыг зөвшөөрсөн газар: Задгай газар, гэртээ, тусгайлан байгуулсан бүсэд.
Зөрчсөн тамхичдад ногдуулах торгууль: 50-200 евро, нийтийн тээврийн хэрэгсэлд тамхи татвал 3000 евро, удаа дараалан зөрчвөл 10 мянган евро. Уг нь зөрчихөд ногдуулдаг торгууль өндөр байх тусам зөрчих зүрхтэй хүний тоо цөөн баймаар. Гэтэл бодит байдал дээр жилдээ нэг хүнд ноогддог янжуурын тоогоор дэлхийд тэргүүлсэн. Жилд нэг хүнд 3017 ширхэг гэсэн үзүүлэлтээр, цээрийг зөрчигчдийн тоогоор дэлхийд тэргүүлсэн хэвээр. Баар, зоогийн газартаа тамхи татуулбал 10 мянган еврогоор торгох ёстой ч татахыг зөвшөөрдөг эздийн тоо ер буурахгүй байгаа улс.