Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жолооч

Саяхан нэг танилын маань ах хурд хэтрүүлж явсан жолоочийн машинд мөргүүлж, сэхээний тасагт хэд хоног ухаангүй хэвтэж байгаад бурхан болсон гэнэ. Бас дөрөвхөн настай хүүхэд автобусанд дайруулж, харамсалтайгаар амиа алдахад жолооч нь согтуу байсан бололтой. Тэр ослыг хэн нэгэн хүн баримтжуулж, нүд хальтрам дүр зургийг бичлэг болгон олонд түгээжээ. Сэтгүүл зүйн ёс зүй, үзэгчээ хүндэтгэх шаардлага тэр хүнд хол сонсогдож болох ч хүн чанарын өчүүхэн хэлтэрхий тэрхүү зураглаачид байсангүй. Гуравхан хоногийн өмнө монголчуудын танил сэтгүүлч таксины жолооч гарт амиа алдав. Монгол Улсад хаа сайгүй жолооч байна. Гэхдээ хүн чанаргүй, хөндий хоосон жолооч...
Машин техник хөлөглөж чаддаг та хэн бэ гэж асуувал “ЖОЛООЧ” гэж бахдангуй хэлэх биз. Үнэндээ тэд өөрийгөө хүн гэдгээ ч мартчихсан мэт. Гэм буруугүй, балчирхан хүүхдийн амийг хүнд хар төмрөөрөө хороочихоод “Ухарсан чинь юм дуугарах шиг болсон...” гээд хэнэгч үгүй ярьж сууна. Тэр үг хэл, дуу хоолой, нүдний харцны цаана ХҮН байсангүй. Өдөр бүр харилцдаг хүйтэн төмөртөө сэтгэлээ өгчээ.
Нийтэд түргэн, шуурхай үйлчлэх ёстой такси хэмээх бас нэг хүйтэн ертөнц Монголд бий. Харанхуй, хүйтэн, хахир чимээтэй тэр орчинд айдас, түгшүүрээр дүүрэн. Үйлчилгээний төвшин, стандарт гэж мянга хашгираад ч хэрэггүй. Хэрэв хэлбэл өөдөөс чинь загнах, зандрах, заамдах гээд үе шаттай арга хэмжээ авахдаа таксины жолооч хэзээд бэлхэн. Хоёр алхам хэртэй газар явчихаад л хэдэн мянган төгрөг нэхнэ. Худлаа гэдгийг нь мэдсээр байгаа болохоор өгөхгүй гэвэл яахаас ч буцахгүй. Хэдхэн төгрөгөөс болж олны нүдний өмнө хүний амь хөнөөчихлөө шүү дээ, зарим таксины жолооч нар...
Алдаагаа засахын тулд бусдынхаас үлгэрлэдэг жишээр хилийн чанадаас асуудлын шийдлийг эрье. Мэдээж хэрэг манайхан шиг машин болгон такси байдаггүй. Тэмдэг, лицензгүй машинд хэн ч суудаггүй. Аюулгүй байдал, баталгаа, даатгал талаасаа ч тэр нь зорчигчид тустай. Үүний дараагийн алхам нь такси үйлчилгээний зөвшөөрөлтэй машин болгонд хар хайрцаг суулгаж болдог аж. Яг л онгоцны хар хайрцаг шиг. Эвдрэхгүй, шатахгүй, машинд болсон бүх зүйлийг баримтжуулан авч үлддэг болохоор жолооч, зорчигчийн хууль бус үйлдэл хөдлөшгүй баримттай байх болно. Бүтэхгүй зүйлийг болгоё, засъя гэвэл шийдэл заавал байдаг, гагцхүү түүнийг хийж хэрэгжүүлэх ташуур л дутагддаг бололтой. Хүн болгон жолооч, машин бүр такси болсон Монголд хууль эрх зүй, хүн чанарын аян өрнүүлье.
Миний аав жолооч байсан.  Хэдэн мянган км зам туулж, тээвэрт явдаг, түүгээрээ бахархдаг, түмэн олондоо хүндлэгддэг жолооч байлаа. Хүүхэд байхдаа ч би хүн бүрт аав минь тээврийн жолооч гэж хамгийн сайхан мэргэжил мэтээр төсөөлж баяртайгаар ярьдаг байлаа. Гэтэл одоо машинтай хүний нүд зоосоор эргэж, гар нь жолоогоор хөдөлж, зүрх мотороор ажиллаж, тархи нь бензинээр төлжиж байгаа мэт.
Автобусны жолооч, таксины жолооч, монгол жолооч...
Эхнэрээ баярлуулж, хүүхдээ хайрлаж, хамт олноо дагуулж, элэг нэгтнүүдээ хайрлаж энхрийлдэг тэр жолооч хаачсан юм бол? Жолооч оо, энд зогсчих. Та хүн чанараа хадгалдаг авдраа нэг шалгаарай, гээчихсэн байх вий.

Б.Ганбилэг

0 Сэтгэгдэл
durem zorchson jolooch nariin erhiig shuud hasax heregt. Tegj bj jolooch bagasna
Хамгийн их уншсан