Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Ганхуяг: Орон нутагт өгсөн эрх мэдлийн хэрээр хариуцлага тооцох ёстой

Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс орон нутагт төсвийн эрх мэдэл шилжсэн.
Ингэснээр тухайн сум, багийн нийт төсвийн 20 хувийг иргэдээс авсан саналын дагуу тохижилт болон бүтээн байгуулалтын ажилд зарцуулах юм. Энэ талаар болон бусад асуудлаар Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягтай ярилцлаа.

-Орон нутагт төсвийн эрх мэдэл шилжлээ. Манай улсын хувьд энэ ажил харьцангуй шинэ зүйл. Танай аймаг хэрхэн ажиллахаар төлөвлөж байна вэ?
-Төсөв захиран зарцуулах эрх аймаг, орон нутгийн мэдэлд шилжсэнээр иргэд маш өргөн хүрээнд оролцох боломж нээгдэж байна. Өмнө нь, бид сумын төсвийг аймаг дээрээ хэлэлцээд шийдчихдэг байсан бол энэ жил улсын төсвөөс манай аймагт 11 тэрбум төгрөг өглөө. Энэ мөнгөний талаас илүү хувийг нь сумд руугаа шилжүүлээд байна. Зарим сумын данс руу тэрбум төгрөг ч шилжүүллээ. Уг мөнгийг сумын ИТХ иргэдийн оролцоотойгоор зарцуулах чиглэл бид өгсөн. Өөрөөр хэлбэл, “Та бүгд хамгийн ойрхон, хэрэгцээтэй төсөл хөтөлбөрт ашигла” гэсэн.
Сум, орон нутаг энэ тал дээр туршлагагүйгээс эргэж хармаар зүйл их бий. Учир нь, нэг суманд 300 сая төгрөг хуваарилна гэдэг маш их мөнгө. Гэхдээ  нэг томоохон бүтээн байгуулалтад хийхэд хүрэлцэхгүй л дээ. Тиймээс хоёр сумыг бүсчлээд хөрөнгө оруулалтыг нь нэгтгээд, энэ жил нэгэнд нь бүтээн байгуулалт хийсэн бол ирэх онд нөгөөд нь хийх жишгээр явбал зүгээр. Энэ мэт янз бүрийн санал гарч байгаа. Төсөв захиран зарцуулах эрх мэдэл шинэ зүйл. Өмнө нь, бид нэг эмнэлгийн дээвэр засах хэрэгтэй болоход харьяа яамаар нь асуудлаа оруулж шийдүүлдэг байлаа. Манай аймаг бүх сумаа ирэх дөрвөн жилд бохир, цэвэр усны шугамд холбох төлөвлөгөөтэй байна. Бохир усны систем нь 300-400 сая төгрөгөөр хийчих ажил биш. Ээлж дараатайгаар хийж, энэ хугацаанд шийдвэрлэх асуудал гарвал дээд шатны байгууллагад хандах бодолтой байгаа. Иргэдийн оролцоо ч идэвхтэй байна.
Өмнө нь, мөнгө ярьдаг хэр нь хариуцлага бага нэхдэг байлаа шүү дээ. Одоо мөнгийг нь өгчихсөн болохоор эргээд хариуцлага тооцох ёстой. Өөрөөр хэлбэл, тухайн сумын удирдлагууд мөнгөө хугацаанд нь үр бүтээлтэй зүйлд зарцуулж чадаагүй бол буцаагаад татах юм.
Мөнгөө зөв ашиглахын тулд хурлаа хийх ёстой, ирцээ бүрдүүлэх шаардлагатай. Хэрэв ирцээ бүрдүүлж чадахгүй бол мөнгийг нь татаад, юм хийж байгаа сумд руу шилжүүлнэ. Нөгөө талаар, сумд мөнгөө хэтэрхий жижиг зүйлд зарцуулаад байж болохгүй. Ард түмний татвараас бүрдсэн мөнгийг хамгийн чухал үр ашигтай ажилд зарцуулах ёстой юм.
-Тэгвэл сумдад хуваа­рилсан мөнгийг ихэвчлэн ямар ажилд зарцуулахаар төлөвлөж байна вэ?
-Ямар ажилд зарцуулах төлөвлөгөөгөө эхний ээл­жинд сумд өөрсдөө гаргаад ажиллана. Хамгийн гол нь, “Аймгийн хөгжлийн хөтөлбөр”, Засгийн газрын үйл ажиллагаатай уялдах ёстой. Тэгэхгүйгээр дур зоргоороо сэтгэлийн хөөрлөөр зарцуулж болохгүй. Эхний жил учраас алдаа оноо их гарах байх. Үүнийг дор бүр нь засаад явах учиртай. Төсвийн зар­цуулалт хуучнаараа явна. Ганцхан хөрөнгө оруулалтад л иргэдийн саналыг авах юм. Иргэдийн оролцоог нэмэгдүүлэх “Тогтвортой амь­жиргаа” төсөл манай аймагт хэрэгжээд дуусч байна. Уг төслийн хүрээнд нэг суманд 10 гаруй сая төгрөгөөр иргэдийн санаачилгаар ажил хийдэг байсныг төсвийн эрх мэдлийн хүрээнд 10 дахин өсгөсөн мөнгө өгч байгаа. Энэ төслөө сайн хэрэгжүүлсэн сум, багт нэг их шинэ зүйл биш учраас үүнийгээ цааш үргэлжлүүлээд аваад явчих байх.
-Орон нутгийнхан шууд ардчилал иргэдийн оролцоотой төсвийн менежмэнтийг  хэр ойлгож, хүлээж авч байх шиг байна?
-Хөдөө орон нутгийнхан Улаанбаатараас дутахааргүй шүү. Нийслэлд хороо, дүүргийн Засаг дарга хурал зарлахад иргэд хэр очдог юм бол. Хөдөө орон нутагт багийн хуралтай гээд зарлавал дор хаяж нэг айлаас нэг хүн заавал ирдэг. Гэхдээ хүндрэл бий. Мал төллөж буй хаврын улиралд малчдыг цуглуулах хэцүү. Тиймээс бид ямар ажил хийвэл тэднийг цуглуулах талаар судалж байна.
Хоёр жилийн өмнө гар утас ашиглан систем үүсгээд малчдын саналыг утсаар авч байсан. Өөрөөр хэлбэл, багийн хурлаар хэлэлцэх гэж буй хөрөнгө оруулалтын ажлын мэдээг товчхон явуулаад зөвшөөрч байвал нэг, зөвшөөрөхгүй байвал хоёр гэж явуулна уу. Учир нь, та хуралдаа ирж чадахгүй байгаа учраас таны саналыг утсаар авчихъя гэдэг байлаа. Энэ төслийг хэрэгжүүлэхэд иргэдийн оролцоо маш их нэмэгдсэн. Гэтэл бас нэг зүйл тулгарсан. Энэ нь, малчдаас мессэж явуулахад 40 төгрөг унаад байна гэх гомдол ирсэн. Үүний хариуд “Та нар хоорондоо зөндөө яриад байж болдог хэр нь сум, багийнхаа бүтээн байгуулалтын ажилд өөрийн саналаа өгө­хөд 40 төгрөг гэх юм. Эсвэл багийн хуралдаа ир” гэ­сэн. Тэгэхээр энэ системээ нэвт­рүүлбэл чөлөөтэй оролцох юм бай­на лээ. Үүнийг дахин туршиж байна. Хөдөөгийн айл бүр утастай байгаа.  
-Замын-Үүдийн чөлөөт бүсийг хөгжүүлэхээр хэрхэн ажиллаж байна вэ?
-Замын-Үүдийн чөлөөт бүсийн талаар олон жил ярьж байна. Би Засаг даргын хувьд зарим зүйлд шүүмжлэлтэй ханддаг. Энэ бүсэд аймаг, орон нутгийн оролцоо бараг байдаггүй. Уг нь, орон нутгийн оролцоо хамгийн их байх ёстой. Учир нь, тэнд ямарваа нэг ажил эхлүүлэхэд газар, дэд бүтэц, цахилгаан, дулаан, иргэдийг ажлын байраар хангахаас эхлүүлээд бүхий л зүйл орон нутагтай хамааралтай. Замын-Үүдийн дэд бүтцийг энэ жил Хятадын 50 сая ам.доллараар хийж байгаа. Энэ хавар чөлөөт бүсэд хийх бүтээн байгуулалтын ажилд манай аймгийн оролцоо бараг байхгүй дээ.
-Энэ хавар аймгийн хэм­жээнд бүтээн байгуулалтын ямар ажил өрнүүлэхээр төлөвлөв?
-Аймгийн хэмжээнд маш олон ажил эхлүүлэхээр төлөвлөсөн. Эхний ээлжинд босоо тэнхлэгтэй авто замын ажил хийнэ. Чойроос явж буй автозамыг барьж дуусгана. Замын-Үүдийн зам шийдэгдэхгүй маш удсан. 2003 оноос хойш Азийн хөгжлийн банкны төслөөр явж байгаа ч олигтой үр дүнд хүрэхгүй байхаар нь орон нутаг өөрсдөө хийе гэсэн санал тавьсан. Бид Концессын хуулиар хийх боломж олгохыг хүссэн юм. Энэ нь тухайн компанийнхантай то­хиролцоод өөрс­дийнх нь хөрөнгөөр хийлгээд ашиглалтад оронгуут төр мөнгөөрөө худалдаж авах. Эсвэл ашиглалтад орсных нь дараа тухайн компани үйл ажиллагаагаа явуулаад өөрсдийн гаргасан хөрөнгөө 15 жилийн хугацаанд олж аваад улсад буцааж өгөх. Ингэхдээ тодорхой заасан стандартын шаардлага хангасан байх ёстой байдаг юм. Гэтэл Азийн хөгжлийн банкныхан “Олон жил явсан төслөө нэг мөр дуусгамаар байна. Бид энэ ондоо багтаагаад дуусгана” гэсэн. Үүнээс гадна орон нутгийн чанартай хэд хэдэн авто зам тавихаар төлөвлөөд байна. Мөн гэр хорооллыг барилгажуулах, дэд бүтэцжүүлэх ажил эхнээсээ хийгдэнэ. Айлууд хашаа байшин руугаа дэд бүтэц татаад эхэлчихсэн. Иргэдийн амьжиргааг сайжруулах нэлээд ажил хийхээр төлөвлөсөн.
-“Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор” барих ажилд танай аймаг хэрхэн бэлтгэж байна вэ?
-Бид Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор ашиглалтад орохыг хүлээж байна. Газрын доорх баялгаа түүхийгээр нь маш их хэмжээгээр гаргачихаад, орлого олж байна гэж яриад байгаа. Манайх өмнө нь Эрдэнэтээс эдийн засгийн хараат байсан бол одоо урд хөрш рүү гаргаж буй нүүрснээсээ хоёр дахь байдлаар хараат болоод байна. Хятадууд нүүрснийхээ үнийг хөдөлгөвөл бид хүнд байдалд ороод байгаа. Түүхий эдийг гадаад руу гаргах нь оновчтой биш учраас эцсийн бүтээгдэхүүн хэлбэрээр гаргахыг эрмэлзэж байна. Өөрөөр хэлбэл, олон улсын зах зээлд бараа бүтээгдэхүүнээ гаргавал аль ч улс руу худалдаалах боломжтой.
Тиймээс Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулахаар болж байгаа. Мөн төрийн өмчит улсын компани байгуулсан. Энэ компани нэлээд идэвхтэй ажиллах байх. Бид ч хамтарч ажиллах хүсэлт тавьсан. Орон нутаг үйлдвэрийн цогцолборын нарийн зүйл рүү төдийлэн орохгүй, зөвхөн шаардлагаа тавьж буй.
Тэд одоогийн байдлаар 3512 га газар авсан. Харин дуртай газрыг нь өгөхгүйгээр байршлаа бид заах юм. Усны эх үүсвэр гээд олон зүйлээ хамгаалах ёстой. Мөн бид гүйцэтгэгч талд байгаль орчинд ээлтэй эко үйлдвэр байх ёстой гэсэн шаардлага тавьсан. Үүнийгээ эхнээс нь ярьж, хөрөнгө оруулагч талдаа хэлэхийг сануулсан. Агаар бохирдуулах, хорт утаа ялгаруулах үйлдвэр барихыг орон нутаг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ ч анхааруулж байна.
-Энэ цогцолбор ашиг­лалтад орохтой зэрэгцээд иргэдийг ажлын байраар хангах асуудал яригдах байх?
-Үйлдвэр баригдангуут гэрээ хийнэ. Бид хүнээ бэлтгэж өгнө. Манай хүнийг ажилд ав гэнэ. Гэхдээ авсан хойноо гадаадын мэргэжилтэнтэйгээ адилхан цалин өг гэх нь тийм ч зохистой зүйл биш.
Тухайн хүнд хэдэн төгрөгийн цалин өгөхийг тухайн байгууллага мэддэг, харин бид тэр үйлдвэрт хэрэгтэй боловсон хүчнийг нь бэлтгэж өгөх бодлого барьж ажиллана. Ингэвэл гадаадаас хүн хүч авч, ажиллуулах шаардлагагүй болно. Тиймээс иргэдээ сургалтад хамруулж, мэргэжил эзэмшүүлэн аж­лын байранд гологдохгүй мэргэжилтэн болгон бэлтгэх ёстой.  
-Орон нутгийн сонгуу­лийн үр дүнд бүх сум, багийн Засаг дарга томилогдсон уу. Ямар нэгэн маргаан гараагүй биз дээ?
-Манай аймагт орон нутгийн сонгуулийн ямар нэг маргаан гараагүй. Бүх шатны дарга томилогдон ажилдаа ороод байна.
-Танай аймгийн орло­гын нэг эх үүсвэр нь аялал жуулчлал. Тэгэхээр энэ сал­барт ямар бодлого барьж ажиллаж байгаа билээ?
-Шинэчлэлийн Засгийн газрын ажлын хүрээнд бид иргэдээ дэмжин ажиллаж байна. Манай аймаг аялал жуулчлалаа хөгжүүлж, орлого олох боломж бүрдэж байгаа. Тухайлбал, Хамрын хийд, Энергийн төв зэрэг газарт дотоодын жуулчид олон  очдог. Тэдэнд унаа, хоол ундаар үйлчилж, орлого олохын зэрэгцээ орон нутгийн гар урлалыг хөгжүүлэхэд түлхэц болох юм.
Тиймээс иргэдээ орлоготой болгох эх үүсвэр болсон аялал жуулчлалаа хөгжүүлэх учиртай. Энэ ч утгаараа манай аймаг энэ оныг Аялал жуулчлалын жил болгон зарласан. Мөн энэ онд Догшин ноён хутагт Данзанравжаагийн мэндэлсний 210 жилийн ой тохиож байгаа. Ойгоо угтаж олон ажил хийж буйгийн нэг нь иргэдийн орлогыг нэмэгдүүлэх юм. Ойг угтан Сайншандаас Хамрын хийд хүртэлх 42 км замыг барьж ашиглалтад орууллаа. Олон улсын стандартад нийцсэн аялал жуулчлалын цогцолбор байгуулахаар ажиллаж байна. Мөн бүх сумын түүх, бай­галийн гайхамшигт газрыг тодотгож, маршрут гаргахаар төлөвлөлөө.
-Өвөл ард хоцорлоо. Орон нутагт хаваржилт ямар болох төлөвтэй байна вэ?
-Өвөл өнтэй сайхан болсон. Энэ утгаараа хаваржилт сайхан болох байх. Мал төллөөд эхэлчихсэн. Аймаг, сумдын болон улсын нөөцийн өвс тэжээл хангалттай байгаа.

С.Батзаяа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан