Мисс монголиа наадамд оролцож шилдэг 20-д багтсан ч “од” болж чадаагүй Т.Аятунгаа интерполоор хайлгаад л “од” боллоо. Ингэхдээ бүр дэлхийн хэмжээнд яригдахаар боллоо. Гэхдээ мэдээж муугаараа. Түүнийг хүүхдээ шидсэн, үхэх ёстой гэж заналхийлсэн нь эх хүнээс гарамгүй ааш аяг болохыг цахим орчинд түүний тухай мэдээ, материалыг үзэж байгаа хүн бүхэн хэлж байна.
Энэ асуудал хэрхэн хаашаа эргэхийг тааж мэдэшгүй. Гэхдээ хүүхдийн эцэг болох Чарльз Эдвардын хэлж байгаагаар бол хүүхдээ өөртэйгээ адилхан иргэншилтэй болгоно гэж байна. Харин Т.Аятунгаа “Миний охин Тэргэлсар бол Монгол Улсын иргэн” гэж мэдэгдсэн. Тэгвэл Монгол Улсын иргэн Тэргэлсард Монголын төр анхаарал хандуулж байна уу. Ямартай ч Т.Аятунгаа болон түүний ээж Солонго нар нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаадагдчихаад байна. Учир юу гэвээс, Үндсэн хуульд Монгол Улс өөрийн иргэнээ гадаадын хууль, шүүхийн байгууллагад барьж өгөхгүй гэсэн том заалттай халхавч байгаа. Тэгэхээр энэ хоёр Монгол Улсын хил давахгүй л бол нэг хэсэгтээ хамгаалалтад байна гэсэн үг.
Тэгвэл хэдийгээр эрлийз ч гэсэн Монгол Улсын иргэнээ өгөөд явуулах уу, эсвэл... гэсэн учир битүүлэг асуулт бидний өмнө тулгарч байна.
Уг нь, бол дэлхийн жишгийг харж байхад дэлхийн аль ч өнцөгт төрсөн бай хамаагүй 18 нас хүртлээ тухайн улсын иргэний нэгэн адил халамж, хайранд нь байж байгаад 18 хүрээд өөрөө иргэншлээ сонгох эрхтэй байдаг. Тэгвэл Тэргэлсар охинд тийм боломж байна уу. Уг нь, бол байх учиртай. Гэтэл түүний эцэг нь “Тэргэлсар миний охин. Би түүний хууль ёсны асран хамгаалагч нь мөн. Тиймээс би түүнийг өөртэйгээ адилхан иргэншилтэй болгоно” гэж мэдэгдлээ.
Хүүхдийн эрхийг хамгаалах ёстой чиг үүрэг бүхий байгууллага үүнд ямар нэгэн мэдэгдэл гаргах цаг нь аль эрт болчихсон баймаар юм. “Монгол Улсын иргэн Тэргэлсар охины хувь заяа хэрхэн шийдэх талаар Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяагаас утсаар тодруулахад, “Би хуралтай байна” гэсэн гуравхан үг хэллээ.
Хуралтай байна гэдэг үгний цаана “Би энэ тухай мэдэхгүй байна” гэж хэлэв үү. Юутай ч энэ асуултын хариуг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяагаас шаардаж байна.