Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жолооч нараа тамхиа болиоч ээ...

Өнөөдөр хот, хөдөө гэлтгүй нийтийн тээврийн хэрэгслээр өдөртөө хэдэн зуун хүн үйлчлүүлж яваа.  Олон зуун хүн бужигнаж байдаг болохоор өдөр болгон л их, бага гэлтгүй зөрчил, хэрүүл, маргаан, үл ойлголцол гарч байдаг нь ойлгомжтой. Эдгээрийн гол баатрууд нь дийлэнхдээ кондуктор болдог. Гэхдээ том оврын автобусны кондукторт хир халдаамааргүй. Оюутны болон тэтгэврийн хөгшдийн үнэмлэхийг хүлээн зөвшөөрч явуулж байдаг тэднийг муулах нь дэмий л болов уу.  Элдэв үнэмлэхээс болоод төлөвлөгөөгөө биелүүлэх гэж үйлээ үзсээр бухимдаад тэр бүр хүний хэлээр ярьж чаддаггүй зарим хүнтэй амьтны, зарим хүнтэй нь “шимнусын” хэлээр ярьдаг гэсэн. Харин микроны кондукторуудын талаар яриад ч хэрэггүй биз. Дам яриагаар бол  “Тэд буудал болгон дээр хамаг хүнээ хөөж буулгаад, буцаагаад сандал болгон дээрээ зургаан хүн, “нугасандаа” наймыг чихэн суулгаж, бүгдээс нь тав таван мянган төгрөг авч давхихад нь эргэлт болгон дээр цагдаа хүрч ирж, ёслон арван мянган төгрөг өгч, колонкийн эзэнд 100 хувийн хөнгөлөлттэй үйлчилж байна” гэж зүүдэлдэг гэнэ лээ.
Гэхдээ том оврын автобус уу, микро юу гэлтгүй бүгдэд нь түгээмэл ажиглагддаг нэг лут зөрчил бий. Энэ зөрчлийн гол баатар нь жолооч нар.  Зөрчлийн нэр нь жолоочийн тамхи таталт. Том автобус зай ихтэй болохоор жолоочийн кабинд ойр байгаа хүмүүс л хамраа үрчийлгэн жолооч руу хааяа нэг хялам хийхээс цаашгүй. Микронд бол “Тамхиа боль” гэсний хариуд “Миний машин. Би эзэн нь. Хүссэнээ хийнэ. Чамайг гуйж суулгаагүй, дургүй бол буу” гэсэн хариулт сонсдог.
Гэтэл өнөө маргаашгүй тамхины эсрэг хууль үйлчлээд ирэхээр юу болох вэ гэдгийг төсөөлөхөд ч бэрх. Олон нийтийн тээврийн хэрэгсэл дотор тамхи татуулахгүй байх хяналтыг зорчигчид өөрсдөө тавина. Ингээд л ээдрээ эхэлж байгаа юм даа.
Жолооч тамхи татсан тохиолдолд зорчигч нар яах вэ? Бүгд бүчиж аваад дарж унагаад цагдаа дуудах уу? Дараа нь, цагдааг иртэл хүлээгээд бүгд гараа өргөн гэрч болоод тамхинд донтох эмгэгтэй болсон хөөрхий жолоочийг 50 мянгаар торгуулах уу? Том оврын автобус дотор олон хүн явдаг болохоор ийм зүйл байж болох юм гэж бодъё. Гэтэл микро дотор бол жолооч, кондуктор хоёртой үзэлцэх хэрэг гарна. Учир нь, кондуктор нь гол төлөв хоолой нь сөөсөн хорь орчим насны танхай байрын залуу байдаг. Хайрт жолооч ахыг нь 50 мянгаар торгуулах гэж байхад зүгээр хараад суух нь юу л бол. Тэгэхээр олон эрэгтэй хүн байхгүй бол хоёуланд нь зодуулж таарна. Иймд тамхины эсрэг хуулийн хяналтад иргэд хяналт тавина гэснийг юу гэж ойлгох вэ?
Анаж байгаад тамхи татаж байгааг илрүүлбэл цагдаа дуудах уу? Үгүй бол гүйж очоод өөрийн гараар 50 мянган төгрөг гэж бичсэн цаасаа шууд бэлэн мөнгөөр солих уу? Автобуснаас буусныхаа дараа цагдаа, автобусны компани, зорчигч тээврийн газарт нэр, дугаараа нууцлан утсаар ярьж матах уу? Матаад эхэлбэл нийтийн тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн өдөр болгон 50 мянгаар торгуулах хэрэг гарна. Энэ харин хэр амьдралтай, хэр биелүүштэй зүйл вэ?
Иймд эрхэм жолооч нараа, наандаж өөрийн болон өрөөлийн эрүүл мэндийг боддоггүй юм гэхэд цаандаж өөрийн хэтэвчний зузаан, “Амьд хүний гэрч болохоос үхсэн хүний дэр бол” гэсэн зарчимтай олон зуун мянган зорчигчийнхоо алтан цагийг хэмнэх үүднээс автобус, микро дотроо тамхи татахаа болиоч ээ.... Гуравдугаар сарын 1 өнөө маргаашгүй боллоо шүү дээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан