Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хүрээгээ тэлэхийн дон

Ямарваа нэг ажил хэрэг, бизнесийг амжилттай өрнүүлэх, хөгжүүлэхэд танилуудын сүлжээ маш чухал үүрэгтэй. Ингэж танилын хүрээгээ тэлэхэд “Facebook”, “Twitter” гэх мэт олон нийтийн сүлжээ асар чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэвч заримдаа танилын хүрээгээ тэлэх, шинэ холбоостой болох гэсэн хандлага нь зорилгодоо хүрэх хэрэгсэл байхаа болиод өөрөө зорилго болж эхэлдэг аж. Ийнхүү амжилтад хүрэх гэсэн үндсэн зорилго мартагдан зүгээр л ямар нэг аргаар олон нийтийн сүлжээн дэх холбогдсон хүмүүсийн тоог нэмэх гэх хандлагыг сэтгэл судлаач нар хүрээгээ тэлэхийн дон гэж нэрлэжээ. Энэ дон нь бизнесээ цаашид амжилттай явуулахад ихээхэн саад болдог бөгөөд сэтгэл зүйн төвшинд огт хэрэггүй илүүдэл стресс үүсгэх, мөнгө санхүүгийн ямар ч үр дүнгүй зардал гаргахад хүргэдэг байна. Жишээлэхэд, бизнес нь хямралд орсон хүн танилын хүрээгээ тэлэх замаар боломжит үйлчлүүлэгч, захиалагч нарыг олох, цаашлаад тэдэнтэй гэрээ байгуулан хямралыг давж гарах гэдэг. Гэвч яваандаа амжилттай гэрээ байгуулах гэсэн гол зорилгоо мартаад өдрийн дийлэнхийг элдэв танилцуулга, шинэ танилуудтайгаа уулзахад зарцуулах гэх мэтээр өнгөрүүлдэг болж. Орчин үед шинээр үүссэн энэ өвөрмөц донд автсаныг илтгэх зургаан үндсэн шинж байдаг ажээ. Эдгээрийг мэдэж аваад боломжийн хэрээр зайлсхийх нь ямар ч бизнесмэний ажлын үр дүнд нааштай нөлөө үзүүлэх нь гарцаагүй.

1.Олон нийтийн сүлжээн дэх танилуудын тоо нэмэгдэхээс таашаал авах, баярлах

Хүн анхандаа бизнестээ амжилтанд хүрэхдээ дэмжлэг болгохын тулд холбоос, танилуудын тоог нэмдэг. Гэвч энэ нь явсаар тун ч таагүй зуршил болж хувирдаг. Үүний дээр хүн өөрийн үнэлэмжиндээ сэтгэл хангалуун байж чаддаггүй бол асуудал лавшрахад бас нэгэн нэрмээс болж өгнө. Хүн өөрийгөө хэрэгтэй, чухал хүн гэдгийг мэдрэхийн тулд үргэлж үнэлж явдаг бөгөөд өөрийн үнэлэмжээ дээшлүүлэхийн тулд олон танилтай болох гэж улайрч эхэлдэг. Ингээд “Twitter” дээр олон дагагчтай,  “Facebook”-т олон танилтай болж байгаагаас авах таашаал нь хүнтэй жинхэнэ ёсоор дотносох, цаашлаад ашигтай гэрээ байгуулахад саад болж эхэлдэг. Харилцагч, холбоотой хүмүүсийнхээ тоог ямар ч үнээр хамаагүй нэмэх гэсэн дон нь найдвартай, үр ашигтай холбоо, сүлжээ бий болно гэсэн баталгаа биш төдийгүй саад болж эхэлдэг. Нэг хүн найдвартай эргэх холбоо бүхий үр ашигтай сүлжээ үүсгэхийн тулд холбоо тогтоох хүний тоонд хязгаар байдаг гэдгийг тогтоож авах хэрэгтэй. Энэ тоо нь 150 хүн юм. Холбоотой хүмүүсийн тоо үүнээс даваад ирэхээр сүлжээний үр дүн, эргэх холбоо, үр ашиг нь ямар ч шаардлага хангахгүй болж ирдэг.

2.Санал болгож байгаа бүх арга хэмжээнд ялгалгүй оролцох

Хүн аль нэгийг нь онцлон илүүтэй анхааралгүйгээр санал болгож байгаа бүх л танилцуулга, арга хэмжээнд оролцоход ихэнх цагаа зарцуулдаг болоод ирэх нь тун ч таагүй шинж тэмдэг юм. Урьсан санал, урилга олон байх нь тухайн хүний танилын хүрээ өргөн гэдгийг илтгэх ч алсдаа илүүтэй үр дүнтэй, амжилттай байхыг хүсвэл санал болгосон арга хэмжээ болгонд бус харин илүү ирээдүйтэй гэснийг нь сонгох оролцож байх хэрэгтэй. Тэгэхээр хүний санал болгосонд оролцох бус харин өөрөө илүү олон арга хэмжээ зохион байгуулж, хэнийг урих, хэнийг алгасах вэ гэдгээ өөрөө сонгож байх нь хамгийн зохистой шийдвэр байх болно. Ингэвэл бусдын зохион байгуулсан арга хэмжээнд оролцон хундагатай дарс бариад хэн надтай ирж танилцах бол гэж идэвхгүйгээр хүлээж зогссоноос л дээр гэдэгтэй та санал нийлэх байх.

3. Нэрийн хуудсаа баруун солгойгүй тарааж эхлэх

Ойр ойрхон олон тооны нэрийн хуудас захиалж эхлэх нь мөн л түгшүүртэй шинж тэмдэг. Аливаа нэг хүнтэй танилцахдаа гагцхүү тухайн хүн өөрт нь ямар ашигтай, яаж хэрэг болох вэ гэсэн байр сууринаас хандах нь нэг талаар учир дутагдалтай. Цаад хүн жаахан хүүхэд биш болохоор өөрийг нь зөвхөн ашиглаад, бусад талаар харьцахыг хүсэхгүй байгааг дор нь гадарлана гэдгийг ингэж уйлардаг хүмүүс мартдаг. Улмаар ийм хэт ашигч хүнтэй дотны бөгөөд үр ашигтай, ирээдүйтэй харилцаа тогтоохыг хүсэх хүн цөөн гарах нь ойлгомжтой. Ийм хандлага хэтэрвэл яваандаа доторхой хүрээн дотор хамаг нэр хүндээ алдахаас өөр ямар ч үр дүн гарахгүй.

4.Өөрт чинь туслаж чадахгүй хүнийг шууд үл тоомсорлодог болох

Нэрийн хуудсаа өгчихөөд ярилцаж эхэлсний дараагаар өөрт нь бизнесийн тал дээр ямар ч хэрэг болохгүй юм байна гэдгийг ойлгож, тэр даруйд яриагаа зогсоон зугатах нь холгүй зайгаа авч байдаг хүнтэй та таарч байсан уу? Тэгвэл ийм зан байдал нь бас л тун ч таагүй шинж тэмдэг юм. Илэрхий ашиг, хонжоо олж авахгүй байлаа ч ямар ч хүнтэй харилцаж, ярилцах нь цөөнгүй зүйлийг олж авч, сурч мэдэж болдог. Гэтэл зөвхөн өөрийн хүслийг анхаарч, цаад хүнийхээ эрх ашгийг мартах нь амжилттай бизнес явуулахад саад болох нь ашиг өгөхөөс хавьгүй илүү. Ухаалаг хүн харилцагчийнхаа эрх ашгийг ч тооцдог, хүндэлж сонсдог.

5.Шинээр танилцсан хүмүүстэйгээ харилцаа тогтоохгүй байх

Уулзалт, танилцуулгаас атга дүүрэн нэрийн хуудастай гардаг ч эргээд тэр бүх хүнтэй юун талаар ярьсан, ямар сэдвийг хөндсөн гэдгээ санахгүй байгаа бол цаашид амжилттай, үр ашигтай сүлжээ бий болгож чадах нь юу л бол. Шинэ холбоо тогтоох, танилын тоон хүрээгээ тэлэхэд их анхаардаг цөөнгүй хүн  эдгээр харилцааны чанарыг сайжруулах, илүү дотно, илүү үр ашигтай болгох дээр шаардлагатай анхаарал тавихгүй байх нь олон. Тэгэхээр зүгээр нэг танилцаад өнгөрөх биш харин харилцаагаа лавшруулах, хүний амнаас үг унагаад болох бус өөрөө ч бусдад мэдээлэл өгөх, харилцан ашигтай байх боломжийг эрэлхийлж байх хэрэгтэй. Харилцаа холбоогоо ингэж лавшруулах, хөгжүүлэхэд анхаарал тавихгүй бол цаашид бизнесээ илүү хөгжүүлж чадахгүй гэсэн үг.

6. Олон нийтийн сүлжээн дэх статусаа хэт олон сэргээх

“Facebook”, “Twitter” гэх мэт олон нийтийн сүлжээ нь тасралтгүй эргэх холбоо үүсгэж өөрийн амжилтын дагагчид, холбогдсон тани­луудын тоогоор үнэлж дүгнэх боломж олгодог. Үүнээс болоод зарим хүн эдгээр сүлжээнд шаардлагатайгаас хэт их мэдээ оруулах замаар статусаа байнга сэргээх, хэн хариу өгч вэ гэдгийг шаардлагатайгаас илүү олон удаа шалгадаг гэсэн үндсэн ажилтай болж хувирдаг. Ийм хэт өрөөсгөл хандлага нь ямар ч хүнийг солиоруулж магадгүй юм. Олон хүн эргэх холбоо барьж холбоо тогтоох, таны бичсэн зүйлд хариу өгөх нь “” Миний тавьсан зураг, бичсэн нийтлэлийг хэн хүлээж авсан бол? Миний жиргээг хүн дагаж уншсан бол? 1000 дагагчтай болно гэсэн зорилгодоо хүрэв үү?” гэхээс өөр зүйл боддоггүй дон үүсгэдэг. Ингээд хүн бизнестээ амжилт гаргах, ажил мэргэжлээрээ тасралтгүй урагшлах гэсэн үндсэн зорилгоо умартаа зөвхөн байнга шинэ мэдээ оруулах, сэтгэгдэл бичсэн хүмүүстэй тасралтгүй холбоо барих дээр л анхаардаг болж хувирдаг. Энэ нь гол ажлаас сатааруулдаг төдийгүй ямар ч хэрэггүй илүүдэл стрессийн гол эх үүсвэр болж хувирдаг.
Бизнес, ажил хэрэгтээ амжилт олохын төлөө зүтгэж яваа эрхэм та эдгээр таагүй шинж тэмдгүүдийг тогтоож аваад өдөр тутмын амьдрал дээрээ аль болох зайлсхийж байх нь таныг өөртөө итгэлтэйгээр, бусдын хүндлэлийг алдалгүй урагшлахад туслах нь гарцаагүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан