Хүн төрөлхтний өнөө хэр анагаах аргыг нь олоогүй байгаа ХДХВ/ДОХ-оор дэлхий дээр өдөрт сая, сая хүн амиа алдаж байна. Манай улсад сүүлийн жилүүдэд вирус тээгчдийн тоо нэмэгдсээр буй нь дор бүрнээ хариуцлагатай байхгүй бол халдвар хаалгыг чинь тогшиж буйг сануулах болсон. Халдвартай иргэдийн эмчилгээний зардал өндөр, эм нь ховор учраас маш их хэмжээний санхүүжилт шаардагддаг. Түүнчлэн нэг төрлийн эм халдвартай бүх хүнд таардаггүй зовлон бий. Тиймээс тэдний эм тарианы зардлыг Глобаль сангийн ХДХВ/ДОХ сүрьеэгийн төслөөс санхүүжүүлж ирсэн. Уг төсөл манай улсад 2003 оноос үе шаттайгаар хэрэгжсэн бөгөөд өнөөг хүртэл 42 сая ам.доллар зарцуулаад байгаа аж. Энэ төслийн хүрээнд ХДХВ/ДОХ-ын шинжилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор улсын хэмжээнд нийт 46 сайн дурын шинжилгээ зөвлөгөөний төв байгуулж, тоног төхөөрөмжөөр хангаж, боловсон хүчин бэлтгэжээ.
Мөн халдвар эхээс урагт дамжихаас урьдчилан сэргийлэх үүднээс бэлгийн замаар дамжих халдвар болон ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээний “нэг цэгийн хөтөлбөр”-ийг нэвтрүүлсэн аж. Түүнчлэн нийслэл аймгуудын эмч мэргэжилтнүүдийг үе шаттайгаар сургаж, оношлогоо эмчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмж, эм бодисоор хангаж, цусны аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн хүрээнд цусны төв болон салбар станцуудыг тоног төхөөрөмж, шинжилгээний бодисоор хангасан байна. Жишээ нь, улсын хэмжээнд донорын бүх цусанд ХДХВ/ДОХ-ын халдвар илрүүлэх шинжилгээ хийдэг болоод байгаа юм. Энэ мэт олон ажлыг хийж ХДХВ/ДОХ-ын талаархи ойлголтыг иргэдэд өгч чадсан уг төсөл зогсох гэж буй талаар эх сурвалжууд хэллээ. Учир нь, манай улс дундаж орлоготой орны тоонд орсон учраас Монгол Улсын Засгийн газар цаашид халдвартай иргэдийнхээ эм тарианы зардлыг өөрсдөө хариуц гэсэн байна. Өөрөөр хэлбэл, гадаадын ямар нэг орон болон ДЭМБ-ээс санхүүжилт авахгүй нь. Сүүлийн хэдхэн сарын дотор ХДХВ/ДОХ-ын халдвартай иргэдийн тоо өвсөнд тавьсан гал адил хурдацтай нэмэгдэж байгаа энэ үед уг төсөл хаагдаж буй нь нүдээ олсонгүй. Хэрэв манай улс үнэн учраа хэлээд төслөө сайн бичээд явуулсан бол хугацааг сунгах боломжтой байсан гэх юм билээ.
ДЭМБ-аас гаргасан судалгаагаар халдвартай нэг иргэний цаана 500 хүн байдаг статистик мэдээ байдаг. Энэ тоо Монголд ч байх магадлалтайг албаныхан хэлж байсан. Энэ нь, залуусын дунд БЗХӨ маш их байгаатай холбоотой аж. Өнгөрсөн арванхоёрдугаар сард ХДХВ/ДОХ-оос сэргийлэх тухай хуулийг УИХ-аар шинэчлэн найруулж баталсан. Уг асуудлыг манай улс 1988 онд хуульчилж өгснөөс хойш 1995 онд “гар хүрч” байжээ. Өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд өөрчлөлт, шинэчлэлт ороогүй байсан тус хуульд одоогийн цаг үед тохируулан нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Өмнөх хуульд ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүст эрхэлж болохгүй ажлын жагсаалт хэмээн гаргасан байж. Энэ нь хүний эрхийг зөрчиж байсан учраас Засгийн газраас баталсан уг жагсаалтыг хүчингүй болгожээ.
Хөгжиж байгаа орнуудын дотор манай улс энэ өвчний тархалтыг маш удаан хугацаанд тогтоон барьж чадсан гэнэ. Энэ талаар дээрх хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн Г.Баярсайхан “Ямарваа нэг өвчний үед тархалт нь задардаг. Бид энэ үедээ явж байгаа. Тиймээс бидний авч хэрэгжүүлсэн арга хэмжээ аль болохоор ил тод, нээлттэй байх ёстой ч иргэн бүрийг албадан шинжилгээ өгүүлэхгүй байх юм. Хэрэв тэгвэл шинжилгээ өгдөг хүн байхгүй болно. Гадаадаас ирж буй иргэдийг ХДХВ/ДОХ-ын вирусийн шинжилгээ ав гэсэн санал их ирж байсан. Гэсэн ч ингэх боломжгүй. Энэ өвчинд цонх үе гэж байдаг. Тэр үе нь таарсан байвал шинжилгээ авлаа ч вирус тээж байгаа нь илэрдэггүй. Манай улс цаашид ХДХВ/ДОХ-ын вирусийн эм тарианы зардлыг Засгийн газраас гаргадаг болох юм. Гэхдээ Глобаль сангийн төсөл энэ онд зогсохгүй. Цаашид үе шаттайгаар санхүүжилтээ зогсоохоор болсон” гэв.
Мөн ДЭМБ-аас баримталж байгаа бодлогод нийцүүлэн ХДХВ/ДОХ-той тэмцэх гэдэг үгийг хэрэглэхгүй байхаар хуульчилжээ. Энэ хууль батлагдсан ч хамгийн чухал зүйл нь халдвартай хүмүүсийн эмийг таслахгүй байх явдал. Уг асуудалд нухацтай хандаж, нөгөөтэйгүүр сайн дурын үзлэг шинжилгээ болон цус цусан бүтээгдэхүүнээр халдвар дамжихаас сэргийлэхгүй бол вирус тээгчдийн тоо мянгаар тоологдоход хүрвэл үндэсний аюулгүй байдалд заналхийлэх аюул нүүрлэх нь.