Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Прокурор эрүүгийн хэргийн бүртгэлийг сүлжээгээр хянадаг болжээ

Прокурорын байгууллагынхан өчигдөр 2012 онд хийсэн ажлаа тайлагналаа. Тус байгууллага өнгөрсөн онд иргэд, аж ахуйн нэгжээс 12855 өргөдөл, гомдол хүлээн авснаас 10906-г нь шийдвэрлэж, 1688-ийг нь харьяаллын дагуу холбогдох байгууллагад шилжүүлж, шийдвэрлүүлжээ. Мөн цагдаа болон бусад хуулийн байгууллагын хүлээн авч шалгасан гэмт хэргийн шинжтэй 67215 өргөдөл, гомдлыг шийдвэрлэхэд хяналт тавьж ажилласан байна. Үүнийг 2011 оныхтой харьцуулахад 6.2 хувиар өссөн гэнэ.

Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих үүргийнхээ хүрээнд өнгөрсөн онд хууль бусаар баривчилсан, цагдан хорьсон 74 хүнийг прокурорын тогтоолоор сулласан бол 613 хоригдогчийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн байна. Цаашид хүний эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс болон гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд илүү анхаарч, байгууллагын бүтцээ өөрчлөн шинэчилж, ажилтнуудаа мэргэшүүлэх, давтан сургах, ур чадварыг нь дээшлүүлэхэд түлхүү анхаарч ажиллахаа прокурорынхон хэлж байлаа.

Улсын ерөнхий прокурорын туслах, Сургалт судалгаа хамтын ажиллагааны төвийн захирал Г.Ганзориг “Прокурорын ёс зүй болон сахилгын дүрмийг шинэчилж, бүтэц зохион байгуулалтаа өөрчилнө. Шинээр зөвлөлүүд бий болгоно. Ингэснээр прокурор хүнтэй зүй бусаар харилцаж, өндөр албан тушаалтан, хөрөнгө мөнгөтэй хүнд үйлчилдэг, тэдэнд давуу байдал бий болгодог гэх иргэдийн гомдол өргөдөл цөөрнө гэж үзэж байгаа. Прокуроруудын иргэдтэй харилцах харилцаа одоогийнхоос өөрчлөгдөнө.” гэв. Прокурорын байгууллага өнгөрсөн онд монголчууд олноор ажиллаж, амьдардаг гадаадын зарим улсын прокурорын байгууллагатай хамтран ажиллах, гэрээ хэлэлцээр хийжээ. Тухайлбал, Орос, Хятад, Казахстан, Турк зэрэг улсын прокурорын байгууллагатай хамтран ажиллахаар болсон байна. Цаашид хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах гэх мэт улс дамнан үйлдэгддэг гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд бусад улс орны хууль хяналтын байгууллагатай нягт хамтран ажиллах, энэ чиглэлээр албан хаагчдаа мэргэшүүлэхэд анхаарч ажиллахаа ч прокурорын байгууллагынхан илэрхийллээ.
Мөн улсын хэмжээнд 39 нэгждээ “Прокурорын байгууллагын үйл ажиллагааны мониторингийн сис­тем”-ийг суурилуулсан байна. Ингэснээр энэ оны нэгдүгээр сараас эхлэн эрүүгийн хэргийн тоо бүртгэлийг нэгдсэн сүлжээгээр хянадаг болсон гэнэ.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан