Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Батболд: Ажлын хэсэг С.Зориг агсны хэргийг шалгаж байгаа

Нийслэлийн прокурорын газрын орлогч Ц.Батболдтой олны анхаарлыг татаж буй эрүүгийн зарим хэргийн талаар ярилцлаа. 



-МИАТ компаниас мөнгө завшсан хэрэгт холбогдсон хүний тоо нэмэгдэж буй тухай мэдээлэл түгэх боллоо.  “Алтжин” компанийн захи­рал Г.Алтанг энэ хэрэгт сэжигтнээр татсан тухай мэдээлэл гарсан. Энэ талаар албан ёсны мэдээлэл өгөөч?
-МИАТ компанид холбог­дох хэргийг ид шалгаж байгаа. Мөрдөн байцаалтын ажил­лагаа явуулж буй хэр­гийн тухай мэдээлэл өгөх бо­ломжгүй. Одоогоор энэ хэрэгт есөн хүнийг холбогдуулан шалгаж байна. Хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр мэдээлээд байгаа шиг Г.Алтанг энэ хэрэгт холбогдуулан шалгаагүй гэдгийг хэлье.

-Энэ хэрэгт арилжааны бан­куудыг холбогдуулан шал­гаж байгаа гэх юм. Үнэн үү?
-Үгүй. Ер нь, сүүлийн үед гарч буй их хэмжээний мөнгө төгрөгтэй холбоотой зарим хэргийг шалгахдаа банк санхүүгийн байгууллагаас тодор­хой мэдээлэл авах шаардлага гардаг.

-АТГ-ынхан Татварын ерөнхий газрын дэд дарга асан Ж.Батбаяр болон зарим хэлтсийн даргыг саатуулан шалгаж эхэлсэн. Энэ хэргийн явцын талаар мэдээлэл өгөөч?
-Татварын байгууллагын дөрвөн албан тушаалтанд холбоотой хэргийг шалгах ажил үргэлжилж байна. Тэдний холбогдсон хэрэг их ээдрээтэй, мөрдөн байцаалт явуулахад цаг хугацаа багагүй шаардана.  Гадаад, дотоодоос мэдээлэл олж цуглуулах шаардлагатай байгаа. Дээр нь банк санхүүгийн байгууллагуудаас ч холбогдох мэдээлэл авна. Энэ мэтээр хэргийг шалгахад нэлээн ажиллагаа шаардлагатай.

-Хоёр жилийн өмнө С.Зориг агсны хэргийг шалгах ажлын хэсгийг байгуулсан. Энэ хэргийн мөрдөн байцаалтад ахиц гарч байгаа болов уу?
-Ажлын хэсэг холбогдох шалгалтаа хийж л байна. Гэхдээ одоогоор мөрдөн байцаалтад ийм ахиц, үр дүн гарлаа гэж хэлэх боломжгүй. 

-Цагаан сарын үеэр АНУ-д энэ хэрэгт холбоотой хоёр хүнийг баривчилж, саатуулсан тухай мэдээлэл түгсэн. Үүнд та ямар байр суурь илэрхийлэх вэ?
-Тэр мэдээллийн талаар прокурор болон цагдаагийн байгууллагаас мэдээлэл өгсөн шүү дээ. Энэ хэрэгт холбоотойгоор манай талын хүсэлтээр АНУ-д  ямар нэг ажиллагаа явуулаагүй. Хоёр хүнийг саатуулсан тухай мэдээллийг хууль хяналтын байгууллагын эх сурвалж өгөөгүй. Тиймээс цагдаагийн байгууллага ийм мэдээлэл түгээсэн мэдээллийн хэрэгслийн холбогдох ажилтныг хаанаас мэдээлэл авсныг шалгаж байгаа байх.

-ИНЕГ-ын удирдлагуудад холбогдох хэрэг прокурорын хяналтад ирсэн үү?
-Мөрдөн байцаалт дуусаагүй. АТГ-ынхан шалгаж байгаа.

-Хуучнаар ХХАА-н сайд асан Т.Бадамжунай, тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Т.Гантулга нарт холбогдох албан тушаалаа урвуулан ашиглаж, төсвийн мөнгө завшсан хэргийг шалгаж дууссан гэл үү?
-Энэ хэргийг прокурор хянаж байна.

-Тэднийг завшсан мөнгөө сонгуулийн сурталчилгаанд ашигласан гэдэг нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон болов уу?
-Энэ тухай мэдээлэл өгөх боломжгүй.

-Нийслэлийн прокурорын газарт хянаж байгаа эрүүгийн хэргүүд дунд УИХ-ын болон Засгийн газрын гишүүнтэй холбоотой хэрэг бий юү?
-УИХ-ын зарим гишүүнтэй холбоотой хэрэг бий.

-Тухайлбал, хэнд холбоотой, ямар хэрэг хянаж байна вэ?
-Уучлаарай, энэ тухай ярих боломжгүй.

-Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн дарга байсан С.Тунгалагт холбогдох өвчтөний түүх хуурамчаар бичиж, Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө завшсан хэргийн тухайд?
-Мөрдөн байцаалт дууссан. Одоо прокурор хянаж байгаа. С.Тунгалагт холбогдох энэ хэрэг хүмүүсийн эрүүл мэндийн даатгалын материалыг хуурамчаар бүрдүүлсэн учир тухайн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бүх хүний материалыг шалгаж, хуурамч эсэхийг шалгасан. Тиймээс мөрдөн байцаалтын ажил удсан юм.

-Ер нь, олны анхаарлыг татсан томоохон хэргүүд мөрдөн байцаалт, про­курорын шатанд хэтэрхий удаж байна гэсэн шүүмжлэлийг олон хүн хэлдэг. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Байцаан шийтгэх ажиллагааг тасралтгүй, шуурхай явуулах зарчимтай. Гэхдээ байцаан шийтгэх ажиллагаа мөрдөн байцаах болон прокурорын байгууллагын зүгээс шалтгаалахгүйгээр удаашрах шалтгаан олон байна. Тухайлбал, гэмт хэргийн гэрч, хохирогч олддоггүй, бусад мэргэжлийн байгууллагаар тухайн хэрэгт холбоотой дүгнэлт, шинжилгээ хийлгэх, эсвэл гадаадын улсаас холбогдох мэдээлэл авах гэх мэт шалтгааныг дурдаж болно. Нөгөө талаар хуулийн байгууллагын ажилтнуудын ажлын ачааллаас болж мөрдөн байцаалтын ажиллагаа удааширдаг. Нэг хүн 20-30 хэрэгт зэрэг ажиллах тохиолдол бий. Нэг хэрэг, 20 хэрэг зэрэг шалгахад мэдээж, цаг хугацааны хувьд асуудал гарч л таарна. Энэ мэт шалтгааны улмаас хэрэг шалгах, хянах явц удааширдаг. Нийслэлийн прокурорын газраас байцаан шийтгэх ажиллагааг шуурхай явуулахад анхаарч, нийслэлийн хэмжээнд гарсан хэргүүдэд дүгнэлт хийх ажлыг эхлүүлсэн. Энэ ажлын хүрээнд зөвхөн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй хэргүүдийг судалж, байцаан шийтгэх ажиллагаа ямар хугацаанд, хэрхэн хийгдэж байна гэдэгт дүгнэлт хийж, хэрэг хянан шалгах ажиллагаа яагаад удааширч байгаа шалтгааныг тогтоох юм.

0 Сэтгэгдэл
za shaa shaa xezee shalgaj duusaxiin be...xudla shaaxaa bolioch ee...
Хамгийн их уншсан