Дусал цус хүний амь авардаг гэдэг. Нэг хүний өгсөн цусаар гурван хүний ч амийг авардаг буяны үйлс. Тиймдээ ч цусаа өгсөн та баатар мөн хэмээдэг. Тэгвэл энэ баатарлаг, буянтай үйлсийг Зэвсэгт хүчний 032, 120 дугаар ангийн байлдагчид үргэлжлүүлж өнөөдөр цусаа хандивлалаа. Хоёр ангиас тус бүр 50 цэрэг иржээ. Хэд хоногийн өмнө Цус сэлбэлтийн үндэсний төвийн ажилчид Зэвсэгт хүчний зарим анги нэгтгэлүүдэд очиж цус, цусан бүтээгдэхүүний ач холбогдол, цусаа хандивлах нь хүнд өвчтэй хүнд хэчнээн хэрэг болдгийг ойлгуулжээ. Үүний үндсэн дээр ангиуд сайн дураараа цус өгөх аяныг өрнүүлж цусаа бэлэглэсэн юм.
Сар шинийн баяраар цусны хэрэглээ, ихсэж, нөөцийн хосдолд ордог байна. Шинийн 15 хүртэл цусаа өгөх хүн бараг л олдоггүй аж. Учир нь, баяр ёслолоор архи дарс хэрэглэсэн байдаг болохоор цус авах боломжгүй байдаг гэнэ. Ер нь, баяр ёслолын үеэр цусны нөөц эрс мууддаг аж. Тиймээс цусны нөөц бүрдүүлэх үүднээс энэ ажлыг зохион байгуулж байгаа юм байна.
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийнхны хувьд, “Амьдрахын төлөө, хүнд өвчиндөө шаналж байгаа хүмүүст бага ч болов тус болъё гэсэн үүднээс ирсэн. Цаашид ч энэ сайн үйлсийн аяныг үргэлжлүүлнэ. Ерөнхийлөгчийн уриалгыг дэмжиж байгаа нэг хэлбэр шүү дээ. Тиймээс буян үйлдэж байгаадаа баяртай байна” гэж 032 дугаар ангийн салаан захирагч, дэслэгч З.Гансэлэм хэллээ.
Мөн Зэвсэгт хүчний 120 дугаар ангийнхан ч адил баатар үйлсэд сайн дураараа нэгджээ.
Нэг хүний цус гурван хүний амийг авардаг
Цус сэлбэлтийн үндэсний төвийн дэд захирал Т.Алимаагаас цөөн асуултад хариу авлаа.
-Цэргүүд цусаа хандивлаж, сайн үйлсийн аянд нэгдэж байна. Ер нь, цусны хэрэглээ хэр их байдаг вэ?
Цусны хэрэгцээ өдөр бүр тулгарч байдаг. Үүнийг хангахын тулд Монгол Улсын хүн ам тодорхой давтамжтай, тодорхой хугацаанд цусаа өгснөөр цусны хэрэглээний нөөц хангагдаж байдаг. Өнөөдөр цэргийн анги нэгтгэлүүдээс тэр дундаа Зэвсэгт хүчний 032 буву хүндэт харуулын ангийн албан хаагчид маань цусаа бэлэглэж байгаад талархаж байна. Удахгүй монголчууд маань уламжлалт баяраа тэмдэглэх гэж байгаа энэ үед цусны нөөцөө бүрдүүлэх тал дээр анхаардаг. Энэ ажилд маань цэргийн анги нэгтгэлүүд сайн дураараа цусаа бэлэглэж, сайн үйлсийн аяныг өрнүүлж байгаад баяртай байна.
-Цагаан сараар цус, цусан бүтээгдэхүүний хомсдол үүсдэг гэж сонссон. Учир нь, аливаа баяр ёслолоор архи, дарс хэрэглэсэн үедээ цусаа өгч болдоггүй гэсэн?
-Олон хоног үргэлжилсэн баяр ёслолын үеэр доноруудаас цус авахад бэрхшээл тулгардаг л даа. Цусны донорууд маань биеэ бэлдэж ирэх хэрэгтэй байдаг. Тэгэхээр цагаан сараар иргэд маань идэж уухаас эхлээд бэрхшээл үүсгэдэг. Тиймээс урьдчилж цусны нөөц бүрдүүлж авдаг юм.
-Нэг хүний цус нэлээн хэдэн хүний амь авардаг гэдэг. Ер нь, нэг хүний өгсөн цусаар цус, цусан бүтээгдэхүүн хэчнээнийг хийдэг юм бэ?
-Нэг хүний өгсөн цусаар ойролцоогоор гурван бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Тэгэхээр нэг удаа цусаа бэлэглэлээ гэхэд тэр цус нь шинжилгээгээр тэнцвэл эмнэлгийн байгууллагад эмчилгээнд хэрэглэгдвэл хамгийн багаар бодоход гурван хүнд эмчилгээний бүтээгдэхүүн болно гэсэн үг. Хүүхдийн жижиглэн савлалтаар нэг хүний цусыг зургаан ч хүүхдэд хэрэглэх боломжтой. Тэгэхээр нэг удаа цусаа өглөө гэхэд гурван хүний амь аварна.
-Тэгэхээр хүнд хэцүү үед буян болох үйлсэд хувь нэмрээ оруулж байгаа хүмүүст хандаж уриалбал?
-Манай улс орны байдлыг харгалзаж үзэж, хэрэгцээтэй үед анги нэгтгэлээ хамруулж байгаа Зэвсэгт хүчний 032 болон 120 дугаар ангийн удирдлага, бүх цэрэг дайчдад талархсанаа илэрхийлье.