Могой жилийн ерөнхий байдлын талаар Зүүн хүрээ Дашчойлон хийдийн зурхайч лам Ч.Алтангэрэлээс лавлалаа.
-Усан могой жилийн ерөнхий өнгө ямар байх бол. Зурхайн зурлагад хэрхэн буусныг хэлж өгнө үү?
-Могой жилийн өнгө зурхайн цагалбарт бууснаар хур бороо цагтаа бууж, ургамал ногоо сайн ургаж, жимс цэцэг, ногоо сайхан дэлгэрнэ.
Улирал бүрийн эхээр хур ихтэй. Жилийн сүүлээр аглаг бөглүү нутгаар цас их бууна. Үхэр хариулаач хүүхэд нь нялхас хийгээд доодост амгалан, өндөр суудалтнаа ширүүн, залуус хийгээд дунд тушаалтнаа хатуухан харшлах шалтгаантай жил болно хэмээн буусан.
-Нийгмийн байдал хэр тогтвортой байх бол. Өндөр суудалтанд ширүүн гэлээ шүү дээ?
-Бухимдал их байх магадлал бий шүү. Улс орны тэнцвэрт байдал алдагдаж, баян, хоосны ялгаа их болсноор иргэд туйлдаж байна. Шударга бус хуваарилалтыг анхааралдаа авч, намууд хоорондоо өрсөлдөх биш, улсын язгуур эрх ашгийг бодолцохыг эрхэмлэх нь чухал. Хүний эрхээс гадна үүргийг нь ухамсарлуулж, нийгэмдээ зүтгэх сэтгэлтэй болгож, зөв удирдвал ард түмэн маань агуу учраас зөв зохицож чадна. Бүх зүйлийг гараг эрхсийн орчил хөдөлгөөнд даатгаж болохгүй. Аливаа зүйлд хүмүүний үйл хэрэг, үйлийн үрийн нөлөө байнга оршин байдаг.
-Тухайн жилдээ заавал засал хийлгэж, ном уншуулах ёстой хүмүүс гэж байдаг шүү дээ. Могой жил хэр хатуу жил болох бол?
-Бүх юм үйлийн үрээс л хамаардаг. Зарим хүн жил ороод хэцүүдэж байна гэж ярьдаг. Нөгөө хэсэг нь өнгөтэй байна ч гэдэг. Хатуу, зөөлөн гэдэг та биднээс л хамаарч байдаг юм. Зөв сэтгэл, зөв санаатай байвал байгаль дэлхий ч түүнийг дагаж хувьсан зөөлөрч байдаг. Тиймээс бид хатуу үйл хийж, байгаль дэлхийтэйгээ зүй бусаар харилцвал зөөлөн жил ч хатуу болдог жамтай.
-Гэхдээ хүмүүс луу жил сүүлэн дээрээ шарвадаг гэж ярьдаг. Хэдийгээр үйлийн үрээс учир шалтгаан бий болдог ч гэсэн үлдсэн хэдхэн хоногийн хугацаанд гайгүй байгаа гэх айдас бий дэг шүү?
-Муу үг модон улбаатай гэдэг. Түүн шиг мууг их яривал хүмүүсийн сэтгэл санаа хямрахаас аргагүй. Луу бол хувилгаан чадвартай. Өгөөж буян нь ч янз бүр байдаг. Улирч буй жилийн тухайд бусдын ярьж, хэлж байсныг бодвол нам тайван, сайхан жил боллоо. Монголчууд маань бурхны шашинтай, уншлага номтой, асрал буян их хийдэг учраас түүний үрээр сайн жил улирч байна.
-Та сая луу бол хувилгаан дүртэй гэлээ. Харин могойг лусын төлөөлөл гэдэг. Сүүлийн үед уул, усандаа хайр гамгүй хандаж буй бидний хувьд хатуухан жил болох магадлалтай юу?
-Уул, усандаа хандах харилцаагаа анхаарахгүй бол лусаа гомдоосноос лусын хорлол болох талтай. Монголын баялгийг гадаадынхан аваад байна гэж байгаа ч бид бүхнийг үйлдэж буй учраас монголчуудад сөргөөр нөлөөлөх гээд байдаг. Тиймээс лусын санг дор бүр нь аргадаж, тахиж, наминчлалын номыг сайн уншуулахыг чухалчилбал зүйтэй.
-Гэхдээ сүүлийн үед монголчууд газар, лусаа сайн аргадаж, тахидаг болж?
-Энгийн жишээ хэлэхэд, хүмүүс нийслэлд хэзээ ч газар хөдөлдөггүй гэж боддог. Угтаа, хотыг тойрсон дөрвөн хайрхнаа тахидгаас л газар хөдлөлтийг мэдэрдэггүй юм шүү дээ. Зөвхөн Богдхан уулаа тахихад л халхад буй бүх уул, усны сахиусыг тахисантай дүйцэхүйц болдог. Тахисан лус, савдгууд маань тэрхүү зохицуулалтыг хийдэг юм шүү гэдгийг ойлгох нь чухал. Ядаж л гол, усанд бузар хийхгүй, эрэг, хөвөөнийх нь бургас модыг тасалж, бусниулахгүй байх хэрэгтэй. Лус савдгаа хилэгнүүлэхгүйн тулд утаа, хиншүү тавихгүй байхыг хичээх нь зүйтэй.
-Тахилга үйлдэх нь сайн ч, хаа сайгүй болсон, болоогүй тахилга хийх нь хэр үр дүнтэй байдаг юм бол. Тэгж хийх нь зөв юм болов уу?
-Уламжлал, заншлынхаа дагуу судар номынхоо дагуу л тахилга хийх хэрэгтэй. Сар шинийн дараа лусын буулт, овоо тахидаг өдрүүд бий. Тэдгээр өдөрт л тахих ёстой. Сүүлийн үед бөө нар хамаагүй уул усаа тахих үзэгдэл ажиглагдаад байгаа. Тэд ч ялгаагүй өдөр, судраа харж байгаасай. Энэ нь тухайн тахилгад оролцож буй хүмүүст ч хамаатай. Энгийнээр хэлэхэд, хүн хүлээж авахгүй гэж байхад галзуу мэт хаалга үүдийг нь нүдээд байвал хэнд ч таатай санагддаггүй шүү дээ. Түүнтэй адил лус амарч, унтаж байгаа үед нь сэрээж, хиншүү хярвас тавих нь айлгаж, тэвдүүлж буй хэрэг. Тиймээс буян болох нь бүү хэл, тухайн газар орны лусыг хилэгнүүлэх нь гарцаагүй. Мөн лусад зохимжтой идээ, ундаа гэж бий. Тэр нь уншлага, номтой хөгждөг. Бидний хэлж заншсанаар сэржим ч ялгаагүй. Номын хүчээр хувилгаж өргөснөөр алтан өргөл болдог. Түүнээс хүн бүр архи руугаа шившээд өргөх нь буруу. Архинд шивших байтугай амьсгалаа ч оруулах ёсгүй. Хэдийгээр өглөг гэдэг дээд буян ч хаа сайгүй идээ, цагаа цацах нь ч зөв үйл биш. Мөн зарим хүн уул, усаа тахисан нэр зүүчихээд лустаа өргөхгүй буцаагаад аваад явж байгаа харагддаг. Энэ нь, баярлуулах бус гомдоож буй хэлбэр.